”Макс”-ын Д.Ганбаатарын морь дэлхийн уралдаанд түрүүлжээ


Хурдан морьдын Дэлхийн аварга шалгаруулах "Breeders cup 2015" уралдаан өчигдөр АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо боллоо.

Уралдаанд алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан, "Макс"-ын Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хүлэг түрүүлж, тус тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаагаа Ази тивээс түрүү хүртсэн юм.

“Mongolian Saturday” хүлэг зүлгэн буюу зөөлөн хучилттай замын спринт төрөлд нийт 14 морь уралдсанаас 14 дугаартай уралдсан байна. Судлаач нар эхний болон сүүлчийн дугаарыг авсан морь бусад морьдоос байрлалын хувьд давуу гэж үздэг аж.

“Mongolian Saturday” үрээг  Тод манлай уяач Д.Онон, Алдарт уяач Э.Ганбат нар дааган насанд нь олон улсын “Keenland” дуудлага худалдаан дээрээс “хожмоо хурдлах морь болно” хэмээн шинжиж “Макс”-ын Д.Ганбаатарт худалдаж авахыг санал болгож байсан байна.

Цэвэр англи үүлдэрийн тус үрээ он гарснаар нийт долоон том тэмцээнд уралдахдаа хоёр түрүүлж, гурван удаа аман хүзүүдэж, хоёр удаа гурваар давхиснаар “Breeders CUP”-т уралдах эрхийг авсан байна.