“1000 төгрөг” төсөлд 18 сая төгрөг цуглажээ


“25 дугаар суваг” телевизээс санаачлан хэрэгжүүлж байгаа  “1000 төгрөг” төсөлд өнөөдрийн байдлаар 18 сая төгрөг цуглажээ.  Цугласан хандивын дийлэнх нь жирийн иргэд та бүхний илгээсэн 1000 төгрөгөөс бүрджээ. Тиймээс төслийн багийнхан иргэддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.

Голомт банкны Улаанбаатар хот дахь ажилчид 1.8 сая төгрөгийг цалингаасаа бэлэн мөнгөөр хандивлаж,орон нутгийн салбарын ажилчид нь дансаар хандиваа илгээжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Баярцогт нэг сарын цалин, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат сарын цалингаа өгөхөөр амласан. Хууль зүйн сайд Д.Дорлигжав 100 ам.доллар,  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гишүүн 500,000төгрөг, Ч.Хүрэлбаатар 50,000 төгрөг, Ц.Нямдорж 200,000 төгрөг, А.Бакей 200,000төгрөг, Д.Батцогт 200,000 төгрөг, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 100,000 төгрөгөөр тус тус бяцхан үрсийн төлөө хандив өргөлөө.

“1000 төгрөг” төсөл нь  ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт нэн шаардагатай байгаа хоёр тоног төхөөрөмжийг худалдан авч өгөх 110 сая төгрөгийг цуглуулах зорилготой. Авч өгөхийг зорьж байгаа төхөөрөмж нь арьс зүсэгч цахилгаан төхөөрөмж, хиймэл арьс болон донор арьс хадгалагч хөргөгч юм. Арьс зүсэгч автомат төхөөрөмжийг авч өгснөөр бага арьсаар түлэгдсэн их талбайг нөхөх боломж бүрдэнэ, арьс хуулсан хэсэгт сорви бага үлдэнэ. Түлэгдсэн хүүхдийн түлэнхийн хэсэгт өөрийнх нь арьснаас авч нөхөхөд гар төхөөрөмжөөр одоо арьсыг нь хуулдаг. Биеийнхээ 20,30 хувийг түлчихээд дахиад арьснаасаа хуулуулна гэхээр биед нь эрүүл хэсэг дэндүү бага үлддэг. Хэрэв цахилгаан төхөөрөмж авчихвал бага арьсаар их талбайг нөхөх боломж бүрдэнэ гэж байгаа нь их ач холбогдолтой.

“1000 төгрөг” төслийн авч өгөх хоёр дахь төхөөрөмж нь  хиймэл болон донор арьс хадгалагч хөргөгч. Одоогоор монголд хиймэл арьс болон хөргөгч нь байдаггүйгээс их хэмжээний түлэгдэлттэй хүмүүс гадаад руу эмчилгээнд явж 150-400 сая төгрөг төлөх болдог. Гадаад руу явж хиймэл арьс нөхөх хагалгаанд орж чадаагүй нь Монголдоо өөрийн арьснаасаа авч нөхүүлнэ, их сорвитой эдгэнэ, зарим тохиолдолд амиа ч алддаг. Мөн донор арьсны нөөцтэй болъё, гадаадаас хиймэл арьс авчрая гэхээр хадгалах хөргөгч нь байхгүй. Тиймээс л энэ хөргөчийг Түлэнхийн нөхөн сэргээх тасагт авч өгснөөр Монголдоо хиймэл арьс нөхөх хагалгаанд орох боломж бүрдэж, тулгамдсан үед хэрэглэх донор арьсны нөөц бүрдүүлэх боломжтой болно.

 “1000 төгрөг” төсөл нь аравдугаар сарын 12-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл долоо хоног үргэлжлэх аяны эхний хоёр өдөрт ийнхүү 17 сая төгрөг цуглалаа. Түлэгдэж зовсон багачуудад дахиад 93 сая төгрөг хэрэгтэй байна. Та 1000 төгрөгөө хандивлаарай. Хандивын дансны дугаар

 

Голомт банк 3305102570

ХХБ 452587362

Ханн банк 5077353961

Төрийн банк 106900461020

Хүлээн авагч А.Намуужин