Цас хаялж, намрын дунд сар шувтарч байгааг сануулсан шинэ өглөө нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг автобус компаниуд нийслэлчүүддээ нэгэн сюрпириз барилаа. Тэр нь “ажил хаялт” байв. Хүйтэнд даарсан хүүхдүүдийн хацар улайж, аргаа барсан хүмүүс такси барих гээд ч тэр нь олдсонгүй. Ийнхүү өвлийг наашлуулсан, цастай хүйтэн өглөө иргэдээ шалбааг туучин алхахаас өөр сонголтгүй үлдээсэн автобус компаниудын “ажил хаялт”-ын зорилго юу байв. Тэр тусмаа нийслэлийнхээ захирагчийг гадаадад албан томилолттой явах хойгуур нийслэлчүүдээ явгалах ямар шаардлага гарсан бэ?
“Чоно борооноор” гэгчээр цастай өглөөг далимдуулан, ямар ч хэл чимээгүйгээр гэнэтхэн ажил хаясан автобус компаниудыг яагаад ч зөвтгөж чадахгүй нь. Учир нь автобус компанийнхны зүгээс хүйтэн, нойтон, бороо, цас, шороотой өдрөөр нийслэлчүүдээ “чангалдаг” нь нэг удаагийн сюрприз биш болохоор тэр. Ийм учраас иргэддээ сануулга ч өгөлгүйгээр явгалсан автобус компанийнхантай хариуцлага тооцох хэрэгтэй болов уу.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж байгаа нийтийн тээврийн шинэчлэл нь автобус компани болоод ажил хаягчдад таалагдахгүй байж болно. Үүнийг нь үгүйсгэх гэсэнгүй. Гэвч ядаж л “Маргааш ажил хаялт зарлана” гэдгээ урьдчилаад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, иргэд, үйлчлүүлэгчиддээ анхааруулж болно шүү дээ. “Тэр, тэр чиглэлийн ийм автобус маргааш үйлчилгээнд гарахгүй” гэдэг ойлголтыг өгөхгүйгээр гэнэтийн сюрприз барьсныг нь буруутгахаас өөр арга алга. Үүссэн нөхцөл байдлыг харахад автобус компанийнханд ажил хаях болсон шалтгаан, шалтаг гарсан байж болох юм. Тийм байлаа гэхнээ нэг өдрийн өмнө, ядаж өмнөх орой нь ажил хаялт хийх болсноо зарласан бол иргэд өнөөдөр өглөө хэдэн зуугаараа автобусны буудал дээр овоорч, хүн бүр ажилдаа хоцорч очихгүй байх байлаа. Ажлаа таслах, автобусны буудал дээр удаан зогсох, такси барих зэрэг нь шийдэж болох асуудал ч гэлээ яг бодит байдал дээр бол олон мянган хүний өдөр тутмын хэмнэл алдагдуулсан ийм үйлдэл маш олон сөрөг үр дагавар дагуулдаг.
Бид ердөө үйлчлүүлэгчид. Хичнээн асуудалтай, ажлын маргаантай байлаа гээд үйлчлүүлэгчдээ доромжилж, чирэгдүүлэх нь хувийн компаниудын хувьд бизнесийн өрсөлдөөн талаас нь харвал бүдүүлэг явдал биш гэж үү?
Автобус компанийнхан ажил хаях шалтгаанаа “Улаанбаатар смарт карт” компанитай холбон тайлбарлаж байна. Асуудал байгаа ч биз. Гэлээ гэхдээ тэр нь нийслэлчүүдийг шууд ингээд явгалчихаж болох том шалтгаан мөн байсан уу?
Үүссэн нөхцөл байдлыг харахад автобус компанийнханд ажил хаях болсон шалтгаан, шалтаг гарсан байж болох юм. Хэрэв нэг өдрийн өмнө, ядаж, өмнөх орой нь ажил хаялт хийх болсноо зарласан бол иргэд өнөөдөр өглөө хэдэн зуугаараа автобусны буудал дээр овоорч, хүн бүр ажилдаа хоцорч очихгүй байх байлаа. Ажлаа таслах, автобусны буудал дээр удаан зогсох, такси барих зэрэг нь шийдэж болох асуудал ч гэлээ яг бодит байдал дээр бол олон мянган хүний өдөр тутмын хэмнэл алдагдуулсан ийм үйлдэл маш олон сөрөг үр дагавар дагуулдаг.
НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны аравдугаар сард Нийслэлийн өмчийн оролцоотой Монгол, Өмнөд Солонгосын хамтарсан “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг байгуулсан байдаг. Тус компани нийслэлийн нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж байгаа шинэчлэлийг хариуцан ажиллаж буй. Тэгвэл өнөөдөр үүсээд буй нөхцөл байдал дунд “Улаанбаатар смарт карт” компанитай нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд үг хэлээ ололцож чадахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, автобусныхны олсон орлогыг хурааж авчихаад, мөнгө буцааж шилжүүлэх асуудал дээр талуудын дунд маргаан үүссэн бололтой.
Нэг сая хүн амтай метрополист хотын хувьд нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийг иргэд бид дэмжиж байгаа. Тиймдээ ч эдийн засаг, цаг хугацааны хувьд алдагдалтай хэдий ч иргэд хэл ам, хэрүүл шуугиан тарилгүй хоёр, гурав дамжаад ч болтугай автобусаар үйлчлүүлэн, ажил амьдралаа залгуулж байгаа нь эл шинэчлэлийг дэмжиж буй хэрэг шүү дээ. Гэтэл “Улаанбаатар смарт карт” болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд хоорондоо ойлголцоогүй, асуудлаа шийдээгүйн улмаас хот даяараа иргэд ингэж чирэгдэх шалтгаангүй.
Өнөөдөр өглөө автобус компанийнхний барьсан сюрприз хичнээн хүнийг эмнэлэг, цэцэрлэг, сургууль, ажилдаа явахад нь саад хийсэн бол... Үүний хохирлыг яаж хэмжих вэ? Хэн барагдуулах вэ?
Улаанбаатар хотод өнгөрсөн 20 жилд өрнөөгүй бүтээн байгуулалтыг хотын дарга Э.Бат-Үүлийн багийнхан хийж байгаа нь үнэн. Үүнийг нийслэлчүүд өдөр тутамдаа мэдэрч, харж яваа л байх. Гэвч, нэг ажлыг хийхдээ ардаа заавал чирэгдэл дагуулж, иргэддээ дарамт учруулдаг байдлыг арилгаж, төрийн байгууллагынхан дор дороо ажлаа асуудалгүй явуулж сурмаар байна.
Нарийн яривал, нийтийн тээврийн газраас хэрэгжүүлж буй шинэчлэлийн хүрээнд автобуснуудыг богино эргэлт болгосон явдал нийслэлчүүдэд таалагдахгүй байгаа нь худлаа биш. Ялангуяа захын хороололд амьдардаг иргэд аль арван жилийн өмнөх шигээ автобусны бараа хараад “уралддаг” болсон байна лээ. Энэ мэт чирэгдлийг эс тооё гэхнээ Нийтийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компани болон нийтийн тээвэр эрхэлдэг компаниудын хоорондын зөрчлөөс болоод нийслэлчүүд явгарах ёсгүй.
Цастай өглөө нийслэлчүүдээ явгалсан Нийтийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компани болон автобусны компаниудаас асуух нэг асуулт байна. Гэнэтийн бэлэг чинь хэр удаан үргэлжлэх вэ? Эртхэн мэдээлэл өгөхгүй бол иргэд гэртээ харьж чадахгүй, “хээр хонож” магадгүй байна.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв