ӨНӨӨДӨР Л.ГАНСҮХ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ БОЛНО


Ерөнхий сайд асан н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшлон ийнхүү өнөөдөр тав дахь удаагаа болохоор товоо зарласан.

 

Энэ сарын 10-нд шүүх хурал болсон ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтээ шүүх хурлын явцад гаргаснаар 11:58 цагт шүүх хурал түр завсарласан. Хуульд заасны дагуу дээрх хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх ёстой байдаг бөгөөд өмгөөлөгчид гомдлоо бичгээр гаргаж өгнө хэмээн мэдэгдэж ийнхүү түр завсарласан.

 

17:20 цагт шүүгдэгчдийн гурван өмгөөлөгчөөс зөвхөн өмгөөлөгч Н.Шаравнямбуу уг хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн ч тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан байна. Энэ тухайгаа өмгөөлөгч нарт утсаар мэдэгдсэн ч тэд шүүх хуралдаанд ирээгүй аж. Тиймээс шүүх бүрэлдэхүүн эргэн хуралдаж,  уг шүүх хурлыг энэ сарын 15-н хүртэл хойшлуулах шийдвэрийг танилцуулсан. Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч  Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарт шүүхээс шүүх хуралдааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 768 мянган төгрөгийн мөнгөн торгууль оногдуулсан юм.