Л.Болдбаатар: Дээшээ хараад, аав ээж хоёртоо “Хүү нь чадлаа” гэж хэлсэн


Бид энэ удаа саяхан Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх хүндтэй цолоор энгэрээ мялааж, үзэгч олноо баярлуулсан, дуучин Лосолын Болдбаатарыг VIPerson зочноор сонгож урьсан юм. Бидний яриа ойрд уншигдаагүй амьдралын халуун үнэртэй, дотоод сэтгэлийн бүлээн аялгуу тэмтэрсэн илэн далангүй яриа болж өнгөрөв. Одоо түүнийг уншигч тантай хамт үлдээе. Таны хайртай дуучны амьдрал замнал танд ч бас нэгийг бодогдуулж, нөгөөг сануулна гэдэгт найднам.

- Юуны өмнө танд намрын мэнд хүргэе. Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг хүндтэй шагналыг хүртсэнд таны бүх фенийн өмнөөс мөн баяр хүргэе. Энэ шагнал таны хэдэн жилийн хөдөлмөрийг үнэлж ирсэн шагнал вэ?

- Юуны өмнө уншигч түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Түмэн олныхоо хайр хишгийг хүртэж, долдугаар сард Төрт ёсныхоо их баяр наадмаар энэ хүндтэй шагналыг хүртсэндээ үнэхээр их бэлгэшээж байгаа. Энэ сайхан шагналыг  хэдэн жил дуулсан бэ гэдгээс минь илүү миний уран бүтээлд өгсөн болов уу гэж бодох юм. Эргээд харах нь ээ, сургуулиа төгссөнөөс хойш урын сандаа есөн цомогтой болчихож. 10 дахь бие даасан тоглолтоо түмэн олондоо өргөн барьсан байна. Мэдээж эргэцүүлж, цэгнэж үзэлгүй яахав. Олон л юм бодогдож байна. Үнэндээ ийм хүндтэй шагнал авна гэж төсөөлөөгүй ээ. Яахав, хаа нэгтээ авах ёстой хүний нэг нь шүү чи гэх үгийг сонсож байсан ч ач холбогдол өгч, бүр нэг чиглэж сонирхож байсан удаагүй. Анх сонсоод их тийм сонин мэдрэмж төрсөн.

- Ямар?

- Долдугаар сарын 6-нд гэртээ ганцаараа байж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаж байна. Та дуучин Лосолын Болдбаатар мөн үү, баяр хүргэе. Та Монгол Улсын гавьяат жүжигчин болж байна. Наймны өдөр Төрийн ордонд гардуулна шүү гэсэн. Утсаа тавьчихаад хэсэг манарч суусан. Хүн чинь их сонин байдаг юм билээ. Ганцаараа хэсэг бодож сууж байснаа ойр дотнынхоо найз нөхдөдөө л дуулгахыг хүсдэг юм байна лээ. Утсаа барьж аваад утасны дугааруудаа гаргаж ирж харах гэхээр бүх найз нарын маань дугаар толгойнд орж ирээд ярьж болдоггүй. Нэг иймэрхүү сонин байдалд орж байгаагаа мэдэрсэн.(инээв)

- Танай үеийнхнээс хэд хэдэн хүн энэ шагналыг хүртсэн. Дөнгөж 20 гаруй настай хүүхдүүдэд өгч байсан нь тухайн үед багагүй шүүмжлэл дагуулсан. Гэхдээ нөгөө талаас интертаймент ертөнцөд од болох, гарцаагүй бүх ард түмэн таньдаг хүн болох өөрөө их том хөдөлмөр. Гэхдээ Л.Болдбаатарт энэ шагнал томдлоо гэх  шүүмжлэл гарсангүй. Та сэтгүүлч гэр бүлтэй хүн. Олон нийтийн сэтгэгдлийг анхаарч сонирхсон л байх ?

- Анзааралгүй яахав. Гавьяат цол зүүчихээд Төрийн ордноос гарч ирэхэд бүчиж авсан түмэн олны баяр хөөр надад мэдрүүлсэн л дээ. Шатаар бууж байх зуураа түмэн олонтойгоо мэндэлчихээд, бууж очиж дунд нь ороод юу болсныг сайн мэдэхгүй байгаа юм. Хоёр хоног телевиз ширтээд хэвтчихсэн. Сошиалаар жаахан тэнэсэн. 98-99 хувь нь сайхан хүлээж авч байсан. Үлдсэн ганц хоёр хувь нь арай ч эрт байв уу гэх сэтгэгдлүүд байна билээ. Би бүгдийг нь хүлээж авч байна. Олон түмний үнэлэмжин дунд амьдарч, алга ташилтаар нь дамжуулж тэдний хайр ивээлийг амсаж явдаг дуучин хүний хувьд тэдний санал сэтгэгдэл надад хамгаас чухал.

- Та хэдтэй вэ. Эрэгтэй хүнээс нас асуухад нэг их цээр байхгүй биз дээ?

- (инээв) Би 1980 оны хүн, одоо 35 настай. Ер нь бол 1998 оноос буюу СУИС-д элсэн орсноосоо хойш олон нийтийн өмнө дуулж эхэлсэн. 17 жил дуулж байна.

- Та шагнал авч гарч ирээд талбай дээр дуулсан уу. Дуучид ордноос гарч ирээд дуулдаг юм байна лээ. Б.Жавзандулам эгч Ардын жүжигчин болж гарч ирээд Ж.Вердийн Хундаганы ари-г дуулж байсан. 

- Би дуулаагүй. Намайг гарч ирэхэд манай дуучид харин бүгдээрээ дуулсан. Ёстой гоё байсан. Юу гэж хэлмээр ч юм бэ.

- Хэн хэн ирэв?

- Ихэнх нь ирсэн. Залуу дуучид олноороо ирсэн, бас манай ангийнхан тэр чигээрээ. Манай ангийнхан ихэнх нь дуурийн чиглэлээр ажилладаг. А.Сайнбаяр, М.Дариймаа гээд олон дуучин бий. Тэднийгээ дуулсан чинь сэтгэл хөөрөөд, дотроос нэг юм  огшоод л явчихсан.

- Таны дуунуудаас дуулсан уу, ямар дууг тань дуулсан нь сонин байна?

- Тэгсэн. “Босоо хийморьтой эр хүн”-ийг аялж байна лээ шүү. Дуучид гэхээсээ илүү тэнд байсан түмэн олон маань дуулж байсан. Уухайлаад л … Би үнэхээр сайхан  мэдрэмж авсан. Өөртөө итгэлтэй болсон. Шагнал араасаа сайн ч юм дагуулна, саар ч юм дагуулдаг гэдэг. Би л хувьдаа маш сайн энерги хүлээж авсан.

- Өөрийг тань Увсын хүн гэдгийг мэднэ. Ингэхэд сумын төвийнх үү, аймгийнх  уу. Таны өсч төрсөн гэр бүл аав, ээжийн тань талаар сонирхмоор байна.

- Би Увс аймгийн төв дээр төрсөн. Бага насаа Увс аймгийн Тэс суманд өнгөрөөсөн. Аав маань Тэс сумын хүн. Ээж маань нягтлан бодогч мэргэжилтэй хүн байсан. Аавын маань тал тэр чигээрээ дуучин улсууд. Их авьяаслаг, морин хуур тоглодог, биелдэг хүмүүс байдаг юм. Ээж маань ч гоё дуулдаг. Ээж маань дуулах дуртай хүн байсан. Сургуулийн хичээл тарангуут Тэс сум руу өвөө эмээ дээрээ очдог байлаа. Мал дээр очно. Өвлийн орой малаа хотлуулчихаад л бүгд цуглаж, багачууд томчуудгүй нийлж аваад биелдэг байсансан. Урлагийн хүн болоход маань тэр л ахуй амьдралын хэв маяг их нөлөөлсөн болов уу гэж боддог  юм. Аав маань бас маш сайхан дуулдагсан. Миний аав жолооч хүн байсан л даа. Тээврийн замд юу эсийг хийж явахав. Сайхан дуулна, исгэрнэ.

- Таны  “Бурхан жолооч аав” гэж дуу байдаг. Жолооч бүрийн кабинд эгшиглэж явдаг дуу юм шиг байгаа юм. Энэ дуугаа аавдаа зориулсан юм уу?

- Яг зориулж бүтээсэн дуу биш. Л.Галмандах багш маань надад авчирч өгсөн юм. Тэгж л “Бурхан жолооч аав” дуутайгаа учирсан. Яагаад ч юм бэ тэр дуу цаанаасаа л надад ирэх ёстой дуу байсан юм болов уу даа. Шүлгийн зохиолч Пүрэвсүрэн гээд цагдаагийн хурандаа, хуурай ах маань байдаг юм. Тэгээд Л.Галмандах багшид манай аав жолооч хүн байсан юм. Та нэг сайхан ая хийгээд өгөөч гээд шүлгээ өгсөн юм гэсэн.  Багш маань аялгуугаа хийнгүүт Лосолын Болдбаатар толгойд орсон гэж ярьж байсан. Хөөрхий багш маань бүх хөгжмөө хийлгэчихсэн. Чи хүрээд ир гэж намайг дуудаад, энэ сайхан дуугаа өгч дуулуулж байсан юм.

- Анх дуулахдаа сэтгэл тань эмзэг байсан байх даа?

- Тэгэлгүй яахав. Ямар гоё юм бэ, “Алтан шар зам” гэдэг дууны араас явахаар дуу байна даа гэж бодож их л баярлаж, бас бэлгэшээсэн. Ер нь жолооч хүний тухай дуу их ховор байдаг. Сэтгэлдээ аавыгаа харж, нулимс ивэлж л дуулсан. Жолооч нар маань их л дуртай байдаг юм.

- Аав тань сонсож амжаагүй юу. Таны аав хэзээ бурхан болсон юм бэ?

- Миний аав сонсоогүй л дээ. Аав маань намайг есдүгээр ангид байхад буюу 1997 онд бурхан болсон. Манайх Төв аймгийн Баянчандмань суманд аж төрж байсан юм шүү дээ. Тэнд ирээд байж байгаад аав маань өөд болсон.

- Уучлаарай, сэтгэлийг тань хөндчих шиг боллоо. Харамсалтай нь та дунд сургуульд байхдаа ааваасаа хагацсан юм байна. Уг нь ийм сайхан дуучин болсныг тань үзсэн бол. Гэхдээ аавдаа дуун хөшөө босгожээ. Та ер нь дуучин болох шийдвэрээ хэзээ яаж гаргаж байв аа?

- Телевизийн фондод миний нэг бичлэг байдаг юм. Улаан дээлтэй жаахан хүү дуулж байгаа. Монгол телевизийн Хүүхдийн редакцын Нацагдорж ах Увсад нэвтрүүлэг хийх гэж очсон юм. Тэгээд хөөрхөн дуулдаг хүүхэд хайж яваад намайг олж аваад, 30 минутын кино концерт хийж байсан юм. Би тэгэхэд дөрөвдүгээр ангид л байсан байх. Тэр бичлэгийг 2004 онд манай найз С.Жавхлан миний анхны тоглолтон дээр гаргаж ирж, тэнд байсан хүмүүсийг, бас  ээжийг минь уйлуулж, ёстой “аймаар” сюрприз барьж байсан.

- Та тийм бичлэг гаргаж ирэхийг нь огт мэдээгүй байсан уу?

- Огт мэдээгүй. Жинхэнэ сюрприз байсан. Ер нь би багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Аав ээж маань ч намайг их дэмждэг. Хоёр дүү нь яахав, том хүүгээ л юманд хүргэнэ гэдэг байж билээ. Дөрөвдүгээр ангид тэр бичлэгийг хийлгэж байх үед аав маань тээврийн жолооч байсан. Намрын будаанд явна. Нэг өдөр аав бид хоёр ээжээс нууцаар дэлгүүр явж, 1800 төгрөгийн магнитифон авч байж билээ. Намайг л дуу хөгжимд улам дурлуулж, хөгжүүлэх гэж муу аав минь тийм шийдвэр гаргахгүй юу. Би ч бөөн баяр.

- Тэгээд яасан. Ээжээс нууцаар шийдчихсэн байдаг ?

- (инээв) Өдөржингөө загнуулаад маргаашаас нь зүгээр болж байсан юм даг. Тэр үеийн 1800 төгрөг их мөнгө шүү дээ. Намаржин будаанд явсных нь л цалин. Тэр магнитфон маань одоо ч надад байгаа. Ер нь аав, ээж хоёр маань намайг багын л  тэмцээн уралдаанд их оруулдаг байсан. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч байлаа. Өөр ч шагнал тэр үед нэг их аваагүй л дээ. Би бас тэмцээн уралдааны ёндоогүй юм шиг байгаа юм. Дандаа л үзэгчдийн шагнал авдаг байж. Миний үед их өрсөлдөөнтэй байсан л даа. Одоо энэ манай Л.Банзрагч, Р.Дэлгэрмаа, Д.Бурмаа гээд бүгд л дуулдаг хүүхдүүд байсан. Манай аймагт нэгэн үеийн дуучин хүүхэд олон байсан.

- С.Жавхлан бас байсан уу?

- Жавхаа 10 дугаар ангиасаа л дуулж эхэлсэн. Зүгээр л гэнэт цоороод л гараад ирсэн. Жаахан байхдаа нэг их дуулдаггүй байсан байхаа.

- Телевизэд байдаг тэр концертод чинь ямар дуунууд байдаг вэ?

- Би С.Цэрэнчимэд гуайн дуунуудыг л их дуулдаг байсан. Аавын тухай дуу, ээжийн тухай дуу, “Хот айл”, “Будантай юу буурал хорвоо”, “Тод магнай” гээд л.

- Ээж тань таныг сайхан дуучин болохыг нь үзээд явжээ. Энэ чинь л сайхан хувь заяа шүү дээ.

- Ээж маань үзсээн. 1997 онд аав маань хүүгээ дуучин болгоно гээд хот бараадсан. Хэдэн малаа тууж аваад наашилж байлаа даа. Малаа зарж уаз-469 авна гээд л манайхан нүүдэл хийж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэгээд Баянчандманад ирээд л намар нь аав маань өнгөрсөн дөө.....Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу