М.Зоригт сайд МИАТ-ийн онгоцоор үнэгүй зорчсон хүмүүсийг зарлана


Зам тээврийн сайдын өнөө өглөөний шуурхай дээр хэд хэдэн асуудал яригдаж, яам, агентлагийн дарга нар салбарынхаа залуу мэргэжилтнүүдийн үгийг сонсдоггүй, санал бодлыг нь авч хэлэлцдэггүй байдлыг халахыг сайд уриалжээ. 

 

Мөн тэрбээр хэд хэдэн хүнд үүрэг даалгавар өгсөн бөгөөд тухайлбал, МИАТ компанийн Боинг-767 онгоцны өр төлбөрийн үлдэгдлийг яаралтай, бүр энэ ондоо багтаан шийдвэрлэж өгөхөөр холбогдох газрын дарга нарт үүрэг өгч, амлалтыг нь авчээ. Түүнчлэн МИАТ-ийн онгоцоор үнэгүй зорчсон хүмүүсийн овог нэр, албан тушаалын жагсаалтыг гаргаж ирэхийг үүрэг болгож, үйлчилгээг шуурхай, хүндрэлгүй болгохын тулд онгоцноос буусан хүн 15 минутад багтаж гарч ирдэг байх боломж бүрдүүлэхийг үүрэг болгожээ.

 

Өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан төмөр замын нүхэн гарцыг яаралтай барих асуудлыг хурдан түргэн шийдэхийг даалгаж, Гурвалжингийн гүүрний 44-ийн гарамд авто замын түгжрэл үүсгэдэг асуудлыг өнөөдрийн дотор шийдвэрлэх үүрэг өгчээ. Хотын даргын орлогч А.Гантөмөр Сайдын шуурхайд суусан тул энэ асуудал өнөөдөртөө зохицуулагдана гэжээ.