Аавдаа хүргэх “Зүрхний үргэлжлэл”


Өчигдөр “Мотив” хамтлагийн дуучин Б.Ганбаатар “Зүрхний үргэлжлэл” хэмээх аавын тухай шинэхэн уран бүтээлийнхээ клипний нээлтийг албан ёсоор хийн үзэгчдийн хүртээл болголоо. Энэхүү уран бүтээлийг үгийг “Мотив” хамтлагийн ахлагч, дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр бичин аяыг нь Жак зохион клипийг нь “Cross” студийн уран бүтээлчид хийжээ. “Зүрхний үргэлжлэл” уран бүтээлийг “Алтан Дорнод” компанийн захирал Т.Ариунболд Архангай аймгийн Эрдэнэ Мандал сумын харьяат хайрт аав Шаравын Тордойн гэгээн дурсгалд зориулан ивээн тэтгэн хамтран ажиллажээ.

 

Ингээд шинэхэн клипний эзэнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Шинэ клипний нээлтээ хийсэнд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

 

-Аавдаа зориулж сайхан уран бүтээл дууллаа. Жак ах аавдаа зориулж аяыг нь зохион манай хамтлагийн ахлагч Жижгээ аавдаа зориулан үгийг нь  бичиж би ч бас аавдаа зориулан зүрх сэтгэлээ гарган дууллаа. Хүн бүхэн аавынхаа зүрхний үргэлжлэл байдаг учраас шинэ уран бүтээлдээ энэхүү сайхан нэрийг өгсөн. Өнөөдөр уран бүтээл маань клип бэлэн болоод албан ёсоор нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болж байна.

 

-Аавын тухай олон уран бүтээл байдаг шүү дээ. Энэ шинэ уран бүтээлийн тань онцлог юу вэ?

 

-Хүн бүр л аав, ээжийгээ магтан дуулдаг шүү дээ. Тэр ч утгаараа аавын сайн сайхан бүхнийг магтан дуулсан байгаа. Маш сайхан үг, аялгуутай. Мөн энэхүү уран бүтээлийг Ариука ах маань аавынхаа гэгээн дурсгалд зориулан дэмжиж ажилласан.

 

-Клипний шийдэл маш гоё байлаа.

 

-Клипэнд маань Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин гээд зөндөө олон алдартай сайхан аав нар тоглосон. “Cross” студийнхэн маань ч маш сайхан клип хийсэн.

 

-Соло уран бүтээлээ гаргасан нь цаашид “Мотив” хамтлагийн Ганбаа ганцаараа уран бүтээл хийнэ гэсэн дохио юу?

 

-Аав маань бурхан болоод удаагүй болохоор авдаа зориулан дуун хөшөө босгоё гэсэн үүднээс шинэ уран бүтээлийг ганцаараа дуулсан байгаа. Мэдээж хамтлагтайгаа дуулна. Гэхдээ ганцаараа уран бүтээл хийхийг үгүйсгэхгүй ээ.

 

Түүний клипний нээлтэд ирсэн зочдын сэтгэгдлийг сонссон юм.

 

Улсын Гарьд Н.Ганбаатар: Дуучин үг, ая, клип нь хоорондоо их зохицсон маш сайхан уран бүтээл болсон байна. Ойрд ийм сайхан уран бүтээл үзсэнгүй. Дуучин Ганбаа, энэхүү клипийг найруулсан “ТВ Коктейль” продакшны Цоомоодоо баяр хүргэе. Энэ бүтээлийг бүтээхэд гар бие оролцон олон нийтийн хүртэл болгосон Ариука ахдаа баяр хүргэе. 

Ардын жүжигчин Г.Мягмарнаран: Надад энэ дууны үг,  хэлэх гэсэн санаа нь маш их таалагдлаа. Олон сайхан аавуудыг олон янзаар тусгасан нь сайхан байлаа. Богинохон хугацаанд энэ олон санааг хэлэх амаргүй ажил шүү дээ. Гэхдээ л тэд энэхүү уран бүтээлдээ тэр бүх санааг багтаан хэлж чадсан байна. Манай залуучууд дажгүй сайхан зүйл хийдэг болжээ.

 

 

“ТВ коктейль”хамтлагийн жүжигчин Н.Цолмонбаяр:Би найруулагчаар ажиллаад байдаггүй ч энэхүү аавын сайхан бүтээлийг яаж хүмүүст үлдээх вэ гэдэг дээр хамтран ажиллалаа. Хүмүүс аавтайгаа нарийн зүйлсээ тэр бүр ярьдаггүй шүү дээ. Тэр ч утгаараа эцсийн мөчид аавдаа л ханддаг. Эр хүн бол тэр бүр уйлаад байдаггүй ч сэтгэлдээ бол уйлдаг. Дууны маань нэр Зүрхний үргэлжлэл. Бид чинь ээжийнхээ ариун цагаан сүүгээр хүн болж, аавынхаа хийж бүтээсний үргэлжлүүлнэ гэж амьдардаг. Тиймээс аавтай холбоотой амьдралын чухал мөчийг дэлгэцнээ үлдээвэл зүгээр юм болов уу гээд энэхүү дууны клип дээр ажиллаа.

 

Гавьяат жүжигчин Д.Гүрсэд: Гэгээ, гэрэлтэй сайхан клип болсон байна. аавуудаа магтан дуулах гэсэн сайхан хүсэл мөрөөдлөөр хийсэн энэхүү клип сайхан болжээ. Энэ бол монголын залуучууд, бидний үр хойчийн амандаа аялах дуу болсон болов уу гэж бодож байна. Энэ клипийг хийж бүтээсэн залуучууддаа баярлалаа гэдэг үгээр мялаалга өргөе. 

 

Мисс, топ модель Х.Бадамгэрэл: Аавын тухай гоё дуу бүтсэн байна. Нэг үеийн найзууд учраас уран бүтээлийг нь дэмжин хамтран ажилласан. Сэтгэл хөдөлгөсөн сайхан уран бүтээл болжээ. Бүгдэд нь баяр хүргэе. 

 

Даншигийн арслан Р.Пүрэвдавга: Аавын тухай олон уран бүтээл байдаг ч шинэ өнгө аясыг мэдрүүлсэн  сайхан уран бүтээлийг туурвисан байна. Чадварлаг уран бүтээлч залуу сэтгэлээсээ дуулж амилуулсан байна. Бидний ааваас ялгаагүй Т.Арунболд ах маань энэ клипийг ивээн тэтгэж гаргасан. Энэхүү уран бүтээлийг сонсоод уярлаа. Олон чадварлаг уран бүтээлчид тоглосон нь маш сайхан санагдлаа. Аав нь хүүгээ хүлээсэн тэр агшинд сэтгэл хөдөллөө. Мөн уран сайхны хэтрүүлэггүй энгийнээр үзүүлсэн нь сайхан байна. Нийт уран бүтээлчиддээ баяр хүргэе.

 

Монголын бүх сайхан аавуудад зориулан бүтээсэн нэгэн шинэ уран бүтээл ийнхүү “Зүрхний үргэлжлэл” нэртэйгээр олны хүртээл боллоо. Та ч гэсэн аавдаа энэхүү уран бүтээлийг зориулан үзүүлээрэй. Хүн бүрийн аавдаа хэлэхийг хүссэн тэр л нандин үгсийг тээсэн шинэ уран бүтээл мэндэллээ.

 

shop/hi-fi.mn/pop/ганбаа-motive-зүрхний-үргэлжлэл/ Татаж авах link

Г.Даша