Б.Мөнхтогтох: Монгол улс олон улсын жишигт нийцсэн цацрагийн хяналтын тогтолцоотой


МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтохтой ярилцлаа.

 

- Цөмийн болон цацрагийн хяналт гэхээр хүмүүс тэр бүр мэддэггүй. Ер нь аль салбарт ямар чиглэлийн хяналтыг хэрэгжүүлж байна вэ?

 

- Цацрагийн талаар ярихаар иргэдэд эхлээд атомын цахилгаан станц, байгаль орчинд хор хөнөөлтэй уран гэдэг талаас нь төсөөлдөг. Тэгээд ашигтай, тустай хэрэглээг нь мэддэг ч болгоомжилж эхэлдэг юм шиг санагддаг. Гэтэл цацраг гэдэг зүйл маань хөрс, агаар, ус гээд хүрээлэн байгаа орчин, хүнсний бүтээгдэхүүнд ч тодорхой хэмжээгээр байдаг л зүйл. Уран гэдэг маань цацраг идэвх шинж чанартай байгаль дээр өргөн тархсан ашигт малтмалын нэг. Цөмийн технологи, цацрагийн үүсгүүрийн ашигтай хэрэглээ манай улсад төрөл бүрийн салбарт нэвтрээд удаж байна. Тэгэхээр цацрагийг зохистой хэмжээнд байлгаж, аюулгүй нөхцөлд хэрэглэж чадвал тийм аюултай зүйл биш, бид ийм нөхцал байдлыг хангуулахад  чиглэсэн төрийн хяналтыг хэрэгжүүлдэг.

 

- Манай улс хэдий үеэс энэ чиглэлийн хяналт хийгдэж эхэлсэн юм бол?

 

- 1965 онд ШУА-ийн харьяа Физик математикийн хүрээлэнгийн дэргэд анхны цацрагийн лабораторийн суурь тавигдаж, 1973 оноос эхлэн цацрагийн хяналтыг дэс дараатайгаар өргөжүүлж эхэлсэн. 1987 оноос  радиохимийн лабораторийг байгуулан газрын хөрс, ургамал, хүнсний ногоо,  сүү зэрэг сорьцонд  радиохимийн задлан шинжилгээг бие даан хийх болсон. Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 96 дугаар захирамжаар цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий Цөмийн хяналтын хэлтсийг шинээр байгуулсан.

 

Одоогоор тус газар нь цацрагийн үүсгүүр хэрэглэгч, цацраг идэвхт ашигт малтмалтай холбогдолтой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хяналт хийх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, цацрагтай харьцаж ажиллагчдын хувийн тунг хянах, хүн амын шарлагын хяналт буюу гадаад орчин, хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, барилгын материал, байгалийн цацрагийн түвшний хэмжилт, хяналтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ  цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг хариуцан ажилладаг.

 

- Өргөн хүрээтэй хяналтыг улсын хэмжээнд хийдэг юм байна, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад орны хяналттай жишихэд бидний түвшин ямар байна?

 

- Манай чиглэлийн хяналтын байгууллагын тогтолцоо олон улсын жишигт нийцсэн гэж хэлж болно.  Монгол Улсын цацрагийн хамгаалалтын үндэсний дэд бүтцэд үнэлгээ өгөх ОУАЭА-ийн мэргэжлийн ажлын хэсэг 2007, 2012 онуудад 2 удаа Монголд ажилласан.  Энэхүү үнэлгээгээр сайжруулах шаардлагатай зарим асуудлууд байсан ч цацрагийн хяналт хийх, зөвшөөрөл олгох, хариуцлага хүлээлгэх зэрэг хяналтын албаны  үндсэн үйл ажиллагаа нь олон улсын стандартын шаардлагад нийцэж байна гэсэн дүгнэсэн байдаг.

 

-Цөмийн технолгийг аль салбарт өргөн хэрэглэдэг вэ?

 

- Манай улсад ионжуулагч цацрагийн үүсгүүрийг хамгийн ихээр хэрэглэж буй салбар нь эрүүл мэндийн салбар юм.

1934 онд рентген оношилгооны кабинет  нээгдэж байсан түүхтэй.  1975 онд цөмийн онош зүйн лаборатори, 1985 онд цөмийн изотоп эмчилгээ, 1987 оноос компьютерт томографийг оношилгоонд ашиглах болсноор цөмийн оношилгоо, эмчилгээний төвшинг шинэ шатанд гаргасан байдаг. Өнгөрсөн онд “Хос толгойт Спект гамма Камер” гэдэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулан, ашиглалтанд оруулсан. Энэ төхөөрөмжөөр  төрөл бүрийн хорт хавдрууд, тархины цусан хангамж, дотоод эрхтэний бүтэц, эмгэгийн өөрчлөлтийг молекулын түвшинд эрт оношилж чадах боломжтой юм.

 

Эрүүл мэндийн салбарт рентген аппарат, төхөөрөмжийг ашиглан оношилгоо шинжилгээ хийдэг 170 орчим байгууллага манай хяналтад байдаг.

 

- Уул, уурхай хөгжсөнтэй холбоотойгоор энэ салбарт цөмийн технологийг түлхүү хэрэглэх болсон.

 

- Цацраг идэвхт ашигт малтмал, нүүрс, газрын тос, усны хайгуул, судалгааны ажилд цацрагийн үүсгүүрийг өргөн хэрэглэж байна. Цооногийн геофизикийн энэ арга нь судалгааны нарийвчлал өндөртэй, эдийн засгийн хувьд ч үр ашигтай арга юм. Хүдэр болон хүдрийн баяжмалд рентген флюоресценцийн анализын багаж төхөөрөмжийг ашиглан эрдсийн агуулгыг тодорхойлж байна. Эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон аж үйлдвэрүүдэд үйлдвэрийн технологийн процессийг цөмийн хэмжүүрээр хянаж чадаж байна.  Нэмж хэлэхэд цацраг идэвхт ашигт малмталыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар төрөөс баримтлах бодлого 2009 онд гарсан. Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт цацраг идэвхт ашигт малтмал болох уран олборлох, түүнийг шар нунтаг болгон боловсруулах талаар тодорхой асуудлууд тусгагдсан байгаа.

 

- Цацрагийн үүсгүүртэй ажилладаг хүмүүсийн аюулгүй байдлыг яаж хангуулдаг вэ?

 

- Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангуулахын зэрэгцээ тэнд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангуулах асуудал маш чухал. Хяналтын байгууллагын зүгээс мэргэшсэн, цацраг болон хийж байгаа ажлынхаа талаар бүрэн ойлголттой, ослын болон хэвийн бус нөхцөл байдал үүссэн тохиолдолд өөрийгөө болон бусдыг хамгаалах дадал эзэмшсэн, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрхэн мөрдөж ажиллах талаар төрөлжүүлсэн сургалтанд хамрагдсан хүнийг л цацрагийн үүсгүүртэй харьцаж ажиллахыг зөвшөөрдөг. Мэдээж, тухайн ажилтны ажлын байранд холбогдох хэмжилтүүдийг хийж, цацрагийн хамгаалалт бүрэн хийгдсэн үед л үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Нэг удаагийн хэмжилт, хяналтаар бүх зүйл шаардлага хангаж байна гээд орхидоггүй, ажиллагчдын сар тутамд авч байгаа тунгийнх нь хэмжээнд тогтмол хяналт тавьдаг.  Одоогийн байдлаар цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг 1300 гаруй цацрагтай ажиллагч улсын бүртгэлд бүртгэгдэж, хяналтанд хамрагдаад байна. Мөн ажил олгогч нарт цацрагийн үүсгүүртэй, хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтнууыг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж байх шаардлага тавьдаг. 

 

- МХЕГ-т нэгдэж орсноос хойших үйл ажиллагааны чиглэлийн тухайд?

 

- Манай хяналтын нэгж нь 2015 онд мэргэжлийн хяналтын байгууллагын бүтцэд шинээр орж ирсэн. МХЕГ-аас системийн хэмжээнд тодорхой шинэ зорилтуудыг тавьж ажиллаж байгаа.  Манай газар ч эдгээр зорилтуудад нийцүүлэн хяналтын тогтолцоог сайжруулах, хяналт шалгалт хийх аргыг оновчтой сонгох, эрсдлийг бууруулах тал дээр тодорхой ажлуудыг хийгээд байна. Салбарын онцлогийг тусгасан дунд хугацааны төлөвлөгөөг Монгол улс ОУАЭА-тай байгуулсан дунд хугацааны хөтөлбөрийн тодорхой заалтуудтай уялдуулан боловсруулж дуусгалаа.

 

Хяналтад хэрэглэдэг байсан хяналтын хуудсуудыг системын хэмжээнд хэрэглэж байгаа хяналтын хуудсанд нийцүүлж, шинэчлэн боловсруулж хяналтад хэрэглэж байна. Хяналтын хуудас батлагдсанаар хяналт шалгалтыг зөвхөн хяналтын байгууллага биш, аж ахуйн нэгж, байгууллага ч өөрсдөө дотоодын хяналтаа сайжруулахад хэрэглэж болох давуу талтай.  

Хяналт шалгалтын үйл ажиллагаанд зөвлөн туслах болон эрсдлийг бууруулах чиглэлийг баримтлан,  аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжин ажиллаж байна.

 

- Ер нь хэдэн чиглэлээр хяналтын хуудас гаргаж байна вэ?

 

- Манай газар /Цөмийн болон цацрагийн хяналтын газар/ хоёр хэлтэстэй. Цөмийн хяналтын хэлтэс цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд аюулгүй байдлыг нь хангуулах чиглэлээр хяналт тавьдаг.

Цацрагийн хяналтын хэлтэс нь бид нарын яриад байгаа цацрагийн үүсгүүр, хүн амын шарлагын хяналт, цацрагтай ажиллагч нарт мэргэжлийн шарлагын хувийн дүнд хяналт тавьж байгаа юм. Цацрагийн хяналтын хэлтсээс таван чиглэлээр хяналтын хуудсыг эцэслэж боловсруулж, батлуулсан байгаа.

 

- Нэг хэсэг Япончууд цөмийн хорт хаягдлаа Монголд авчирч булшилна гэдэг яриа газар аваад байсан. Аль нэг гаднын орон хүрч ирээд хүн амын эрүүл мэндэд нэн хортой хаягдлыг зүгээр авчраад булшилчхаж болдог юм уу?

 

- Тийм боломж байхгүй. Хог хаягдлаас гадна, цацраг идэвхт материалын тээвэрлэлт, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөн маш ноцтой асуудал. Олон улсын гэрээ конвенцоор зохицуулдаг асуудлыг зүгээр нэг улс орон, аль нэг албан хаагч, хувь хүн дураараа зохицуулах, зөрчих боломж байхгүй. 

Бид цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг хянах зорилгоор АНУ-ийн Эрчим хүчний яамтай хамтраад улсын хилийн 15 боомт дээр 82 ширхэг цацраг илрүүлдэг төхөөрөмж байрлуулж, хяналт тавьдаг.

 

- Харин дотоодын хог хаягдлаа хаана булшилдаг вэ? Мэдээж технологи эрчимтэй хөгжиж байгаа үед цацраг идэвхт хог хаягдал гардаг байх?

 

- Цацрагийн үүсгүүр технологийн шаардлага хангахгүй болох, эсвэл эзэнгүй   цацрагийн үүсгүүр олдох, цацрагаар бохирдсон эд зүйлс гарах тохиолдол байдаг. Ийм тохиолдолд Цөмийн энергийн комиссын ажлын албаны харьяанд байдаг ашиглагдахгүй болсон цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт хаягдлыг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах тусгай байгууламжид хадгалдаг.

 

- Технологи хөгжиж байгаа гэснээс өөртөө тодорхой хэмжээгээр цацраг идэвхт бодис агуулж байдаг үнсийг барилгын материалд ашиглах нь ихэслээ. Үнс ашигласан материалаар барилга барилаа гэхэд хүний биед сөргөөр нөлөөлөх үү?

 

- Нүүрсэнд агуулагдаж буй цацраг идэвхийн хэмжээ нүүрсийг шатаах үед устаж алга болдоггүй, агуулагдаж байгаа цацрагийн хэмжээнээс хамаараад тодорхой хэмжээгээр үнсэнд баяждаг. Барилгын материалд тодорхой хэмжээгээр үнсийг нэмэлтээр ашиглах, агуулагдаж байгаа цацрагийн хэмжээ нь стандартын шаардлага хангаж байгаа тохиолдолд үнсийг барилгын материалд хэрэглэхийг хориглодоггүй. Гэхдээ тусгай технологийн дагуу шүүлтүүр ашиглан ялгаж авсан дэгдэмхий үнс /fly ash/-ийг л барилгын материалд ашиглахыг зөвшөөрдөг.  

Олон улсын практикт ч үнсийг  байгальд хаяж, хадгалахаас илүүтэйгээр зөв зохистой байдлаар дахин ашиглахыг зөвшөөрдөг.

 

- Түүнчлэн ахуйн нөхцөлд компьютер, гар утас, цахилгаан зуух зэргээс хорт туяа ялгарч хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг гэх. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

- Ахуйн хэрэгцээний электрон бараа бүтээгдэхүүнээс туяа, цацраг ялгардаг.  Гэхдээ энэ цацраг нь бидний хяналт тавьдаг цацрагийн төрөлд багтдаггүй. Энгийнээр хэлэхэд цацрагийг долгионы урт, давтамжаас нь хамааруулаад ионжуулдаг, ионжуулдаггүй  шинж чанартай гэж 2 хувааж үздэг. Ионжуулагч цацраг нь хүний биед орохоороо эсийн түвшинд үйлчилж, сөрөг нөлөө үзүүлж, гажиг /мутаци/, цацрагийн өвчлөл үүсгэдэг хортой шинж чанартай байдаг учраас хяналт тавьж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үүсэх сөрөг нөлөөллөөс хамгаалах шаардлагатай байдаг.  

Зурагт, компьютер, гар утас, цахилгаан зуухнаас гарч байгаа цацрагууд нь ионжуулагч шинж чанаргүй байдаг.

 

- Нийслэлд явж байгаа гурван машины хоёр нь приус болчихлоо. Эдгээр цахилгаан машинуудын ашиглалтын хугацаа дуусах үед хаана булшлах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг ер нь ямар байгууллага хариуцдаг юм бол оо?

 

- Хосолсон хөдөлгүүртэй автомашины, ер нь аль ч машины ашиглалтын тухай асуудал манай хяналтад хамаарахгүй. Автомашинтай холбоотой асуудал дээр манай газар Монгол Улсад импортоор оруулж ирж байгаа хоёрдогч автомашины хэрэглээ өндөр байдаг учраас Японоос орж ирж байгаа автомашинууд дээр цацрагийн бохирдолтой холбоотойгоор чиглэлийн хяналтыг хийдэг.

 

- Хяналтаар цацрагаар бохирдсон машин илэрч байсан уу?

 

- Илэрч байсан, маш их хэмжээтэй биш ч гэсэн стандартын шаардлага хангаагүй, тодорхой хэмжээгээр цацрагаар бохирдсон машин илэрч байсан. Тэгэхээр Японоос машин импортлогч, бизнес эрхлэгч болон автомашин худалдан авах гэж байгаа иргэдэд цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэсэн, цацрагийн гэрчилгээтэй машин худалдаж авахыг зөвлөж байна.

 

Нэгэнт ороод ирсэн бохирдолтой машиныг яах вэ?

 

- Цацрагийн бохирдлыг тархаахгүй, хүн амын аюулгүй байдлыг хангах зорилгоор  автомашины цацрагийн бохирдлыг  бууруулах арга хэмжээг тодорхой хяналтын доор ОБЕГ-тай хамтран гүйцэтгэдэг. Гэхдээ цацрагийн бохирдлыг цэвэрлэхэд төрийн байгууллагуудад багагүй хүндрэл үүсдэг, нөгөө талаараа иргэдэд ч хохиролтой учраас анх худалдан авахдаа л цацрагийн бохирдолгүй гэдгийг нь баталсан гэрчилгээтэй машин худалдан авах нь зөв юм. 

 

- Бууруулах арга хэмжээ гэхээр?

 

- Бохирдол бууруулах янз, янзын аргууд байдаг. Мэдээж шингэн аргаар цацрагийн бохирдлыг бууруулахаар тодорхой хэмжээгээр цацраг идэвхт шингэн хаягдал үүсдэг учраас хуурай аргаар бохирдлыг бууруулах аргыг ихэнхдээ сонгодог.  

 

- Ярилцсанд баярлалаа.