Дааганы эздээр Д.Гантулга, Л.Отгонбаяр нар тодорчээ


19 дэх удаагийн “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн Төв аймгийн нутаг Өндөр довд өчигдөр (VII.26)болж өндөрлөлөө. Олон улсын марафон гүйлтийн нийгэмлэг, Япон улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Монгол орны 500 гаруй тамирчид 5 км, 10 км, 21 км зайд уралджээ.

 

Тэмцээний уламжлал ёсоор 21 км-ын зайд түрүүлсэн тамирчдад даага өгдөг уламжлалтай. “Тал нутгийн Монгол-2015” уралдааны эрэгтэйчүүдийн ангилалд “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Гантулга, эмэгтэйчүүдээс ОУХМ Л.Отгонбаяр нар түрүүлж, дааганы эзнээр тодорсон байна.

 

Уламжлал болгон тогтсон энэхүү тэмцээний өмнөх жилүүдэд “Рио де Жанейро-2016” олимпийн наадмын эрхээ аваад байгаа Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Мөнхзаяа нар түрүүлж байсан юм.