Хятад 14 сая хар тамхичинтай гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрлөө


Хятадын эрх баригчид анх удаа улсынхаа хар тамхичдын талаар судалгаа хийжээ, гэтэл 100 хүн тутмын нэг нь хар тамхи хэрэглэдэг гэсэн үр дүн гарсан байна.

Тодруулбал, нэг тэрбум 400 сая хүнтэй Хятад улс 14 сая гаруй хар тамхичинтай гэсэн үг. Ингэхэд манайд иймэрхүү тооцоо судалгаа хийдэг л байлгүй дээ?

Зөвхөн 2014 онд л гэхэд 3 сая хүнийг хар тамхины хэргээр баривчилж, бүртгэж авсан хэмээн Хятадын хар тамхины бизнестэй тэмцэх төрийн хороо мэдээллээ.

Бүртгэлтэй хар тамхичдаас 2014 онд 49 мянга нь нас баржээ. Түүнчлэн хар тамхины нөлөөгөөр тус улсад хүчингийн хэрэг, хулгай, аллага өссөөр байгаа аж.

Хятадын хар тамхичдын дундаж нас жил ирэх тутам залуужсаар байгаа гэнэ. Албан ёсоор бүртгэгдсэн хар тамхичдын 57% нь 35-аас доош настай, бараг 70% нь ажилгүй аж.

Дашрамд дурдахад, хар тамхичдын нэлээдгүй хувийг хятад түшмэд болон алдартнууд эзэлж байдаг гэж Хятадын эрх баригчид мэдээлэв. Өнгөрсөн жил л гэхэд Юньань мужийн Коммунист намын гишүүн 9 түшмэлийг хар тамхичин гэж ажлаас халжээ.

Хятадын албан ёсны мэдээнд өгүүлснээр "Хар тамхины улмаас жил тутам 500 тэрбум юаний ($80,6 тэрбум) алдагдал учирдаг" хэмээжээ.

2014 онд 9,3 тонн героин, мөн 11,4 тонн метамфетамин хурааж авсны 90% нь "наркотикийн алтан гурвалжин"-д үйлдвэрлэсэн байжээ. "Наркотикийн алтан гурвалжин" бол Лаос, Мьянмар, Таиланд юм байна.

Хамгийн аюултай нь синтетик хар тамхиар Хятад дэлхийд нэгт орж байна. Синтетик наркотикийг голдуу Хятадын Гуандун, Сычуань мужид үйлдвэрлэдэг гэнэ. Иймээс манайхаан сэрэмжтэй байгаарай!