Загвар өмсөгч, топ модель О.Уянга “GLORIA” загварын агентлаг нээжээ. Ихэр охидын ээж болж, хэсэгтээ чимээгүй байсан тэрбээр өнгөрсөн жилийн “Гоёл” наадмын тайзнаа алхаж загварын тайзнаа эргэн ирсэн юм. Түүнтэй уулзаж, будаг нь ханхалсан шинэхэн агентлагийнх нь талаар хэсэг хором ярилцлаа.
-Уулзаагүй уджээ. Ихэр охид нь том болж байна уу?
-Ихэр охид маань ирэх есдүгээр сард хоёр ой хүрнэ. Цэцэрлэгт яваад нийгэмшээд эхэлчихсэн. Улам л хайр татам, хөөрхөн болж, өдөр бүр шинэ шинэ зүйл сурч аав, ээжийгээ гайхшруулж байна даа.
-Саяхан “Gloria” нэртэй загварын агентлаг нээсэн гэж дууллаа. Баяр хүргэе.
-Баярлалаа. Ажил маань эхлээд, эрч хүч ундраад лбайна.
- Агентлагаа манай уншигчдад танилцуулаач?
-Өөрийн шавь шилдэг загвар өмсөгч М.Наранмандахтайгаа хамтран “Gloria” загварын агентлагаа нээсэн. Бид агентлагаа хүүхэд залуусын гоо зүйн мэдлэгт хувь нэмэр оруулж, тэдний цагийг зөв боловсон өнгөрөөхөд зориулсан төв болгохыг хүсч байгаа. Залуус хэт нэг талыг барьж, өөрийн бие бялдарын хөгжил, гоо сайхнаа орхигдуулдаг талтай. Тиймээс залуусд гоо сайхан, оюун ухаан, мэдлэгийг хослуулж болдог гэдгийг харуулахаар зориглоод байна.
-Охидоо асарна, гэрийн эзэгтэйн ажлаа амжуулна, агентлагаа авч явна гээд ажил ч ундарч байгаа юм байна даа?
-Тиймээ. Өглөө ажилдаа ирэхээсээ өмнө охидоо цэцэрлэгт нь хүргэнэ. Ажлынхаа цагт өөр зүйлд сатааралгүй чанартай, үр бүтээлтэй ажиллахыг хичээдэг. Харин ажлаа тараад охидоо цэцэрлэгээс нь авснаар олон ээжүүдийн адил ээжийнхээ үүргийг биелүүлэх ажилд орно доо. Сайн, хариуцлагатай ээж байхыг хичээж л байна. Ихрүүдээ төрсөн цагаас нь хүнээр харуулаагүй. Ингэж хэлэхээр зарим хүмүүс итгэдэггүй л дээ. Ээжүүд хүүхдээ олон хүн дамжуулах юмуу аав, ээжээрээ асруулах зэргээр янз бүрээр л хүмүүжүүлдэг шүү дээ. Миний хувьд өөрөө хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарахыг чухалчилдаг.
-Манай топ модель, загвар өмсөгчид загварын агентлаг нээцгээж байна. “Gloria” агентлагийн ялгарах онцлог юу байх бол?
-Ирээдүйн шинэ, чадварлаг модель, миссүүдийг төрүүлж чадна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байгаа. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа агентлагууд ихэвчлэн сурталчилгааны талруугаа чиглэсэн байдаг. Харин бид жинхэнэ мэргэжлийн, тайзны модель буюу runway модель бэлтгэнэ.
-Мэргэжлийн тайзны модель гэхээр элсэгчдээ авахдаа тодорхой шалгуур тавина гэсэн үг үү. Жишээ нь өндөр заах ч юмуу?
- Алхаа гишгээгээ засах сонирхолтой хүмүүст ямар нэг шалгуур байхгүй. Бүсгүйчүүд бүгд л өндөр өсгийт өмсөх дуртай. Гол нь өндөр өсгийт дээрээ зөв алхаж сурах хэрэгтэй. Энэ утгаараа хэн бүхний өмнө үүд хаалга нээлттэй гэсэн үг. Мэдээж мэргэжлийн талаасаа нарийн шалгуур байлгүй яахав.
-Таны хувьд “Шилмэл загвар” агентлагт багшилж байсан. Энэ туршлага агентлагийн ажилд тань тус дэм болж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Шилмэл загвар бол загварын анхдагч байгууллага. Энэ хамт олон дунд ажилласан байсан маань одоо ч тус дэм болсоор байна. “Gloria” агентлагаа ч шавьтайгаа хамтарч нээлээ.
-Загварын ертөнцөд шинэ залуу үе гарч ирж байна. Тэдний ур чадварыг дээшлүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн модель бэлтгэх чиглэлээр хийхээр төлөвлөсөн зүйл их байгаа байх?
- Ази төрх, Монгол царай дэлхийн загварт сонирхол татаж байна. Манайд чадварлаг модель, мисс болох дүр төрх, хүсэл эрмэлзэлтэй охид, залуус олон бий. Гагцхүү тэдний алхаа гишгээ, бие бялдарын зөв хөгжилтэй болгохоос гадна хэлний мэдлэг, цагийн хуваарилалт зэрэгт анхаарч, бэлтгэдэг болох шаардлагатай байна. Ингэж чадвал Монгол моделиуд дэлхийн томоохон загварын хотуудад тоогдож, өндрөөр үнэлэгдэнэ. Одоо ч гэсэн манай моделиуд дэлхийн олон хотод загвар өмсч байгаа шүү дээ. Манай агентлаг зөвхөн загвараас гадна төгөлдөр хуурын сургалт хичээл давхар явуулж байна. Цаашдаа үйл ажиллагаагаа олон талаас нь баяжуулж, өргөжүүлэх төлөвлөгөө бий.
-Таны хувьд Бээжинд сурч байхдаа тэндэхийн загварын агентлагт загвар өмсч байсан. Гол шалгуур нь юу байдаг вэ?
-Нэг шоунд орохын тулд маш их бэлтгэл хийдэг. Алхаа гишгээнээс гадна зохион байгуулалт өндөр түвшинд байдаг гэж хэлж болно. Ерөөсөө л амжилт гаргах эсэх нь бэлтгэлээ хэр базааснаас хамаардаг гэж үздэг. Мөн тэд ямар ч шоу, шалгаруулалтад бэлэн байдаг. Моделиуддаа ч хатуу шаардлага тавина. Хариуцлагатай байх, цагаа зөв хуваарилах гээд.
-Цаашдаа загвараа үргэлжлүүлэн өмсөх үү. Менежерийн ажилдаа илүү анхаарах уу?
- Агентлагийн ажил гээд зав чөлөө муутай байгаа ч урьдын адил шоу арга хэмжээндээ оролцоод загвараа өмсөөд явж байгаа.
-Цаг зав гаргасанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ