Лоозонгоо уруулсан залуус АН-ыг шинэчлэх хөдөлгөөн болж өргөжлөө


Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн” шинээр байгуулагдсанаа өнөөдөр зарлаж Ардчилсан намд дүрмийн, хариуцлагын, боловсон хүчний шинэчлэл хийхийг уриалж байна. Тус хөдөлгөөнийхөн өнөөдөр анхдугаар зөвлөгөөнөө Пума зочид буудалд зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн АН-ын хорооны болон ҮЗХ-ны гишүүд, дэмжигчид гээд нийтдээ 100 гаруй гишүүн оролцлоо. 

 

Зөвлөгөөнөөс АН-ын нийт гишүүд дэмжигчдэд хандан уриалга гаргаж, намын удирдлагууддаа шаардлага хүргүүлэх аж.

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагч Р.Шинэгэрэл: Намын их хурлыг хуралдуулах шаардлагатай

 

-Энэ зөвлөгөөнөөс намынхаа гишүүдэд хандаж уриалга гаргаж байгаа юм байна. Энэ талаар тодруулбал?

 

-АН-д олон жил бугшсан асуудлуудыг задлах, бодлогын болон дүрмийн тодорхой шинэчлэл хийх болсон байна. Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангаж, улс төрийн соёлоор бусаддаа үлгэрлэдэг, улс орноо тогтвортой хөгжлөөр манлайлж чадахуйц улстөрийн институт болж шинэчлэгдэхийг өнөөгийн нийгэм биднээс шаардаж байна шүү дээ.


Иймээс ҮЗХ-ны хурал, Намын их хурлаа зарлан хуралдуулж, намын үндсэн дүрмээ яаралтай шинэчлэе. Хүний нөөцийн бодлого, намын санхүүжилтээ ил тод, нээлттэй, болгоцгооё. Популизмыг биш судалгаатай, гарц шийдэлтэй, шинжлэх ухаанч, бүтээлч санаачлагуудыг дэмжиж, бодлогын шинэчлэл хийцгээе. 

 

АН-ыг улстөрийн мэргэшсэн институт болгон хөгжүүлэхийн тулд үндсэн дүрэмд эрс шинэчлэл хийх хэрэгтэй үзэн бодлогын асуудлуудаар эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна. Өнөөдөр АН-д тодорхой бодлогын шинэчлэл үгүйлэгдэж байгаа. Нам олон фракцад хуваагдсан. Байгуулсан Засгийн газраа өөрсдөө огцруулсан. 1996 оных шиг түүх давтагдсан. Энэ бүхний тусгал нь жирийн иргэдийн амьдралд, бизнест нь , ажилд нь тодорхой хэмжээний нөлөөллийг үзүүлж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн бодлогын тасралтгүй залгамж халаанд асуудал үүсч байна. Ийм учраас АН-ын залуучууд бид хөдөлгөөнийг байгууллаа. АН-ын бүх гишүүдийн оролцоог хангасан дотоод ардчилалтай нам болгон төлөвшүүлэх, цаашдаа улс орны хөгжлийг авч явах бодлогын институтыг байгуулахын төлөө ажиллана. Нийт гишүүдэд хандаж АН-аа шинэчлэх, шинэчлэлд идэвхитэй оролцохыг уриалж байна.  Эрдэмтэн судлаачидтай хамтран бодлогын баримт бичгийг боловсруулж байна. АН-ын удирдлагуудад АН-ын ээлжит бус их хурлыг ирэх зургадугаар сард зарлан хуралдуулаач гэсэн шаардлага хүргүүлнэ.

 

“Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн”-ийнхөн энэхүү уулзалтын үеэр нийт гишүүд дэмжигчиддээ хандан уриалга гаргасан аж. Уг уриалгад дурьдсаныг сийрүүлбэл, “АН-ын гишүүд ээ бидэнд эв нэгдэл ус  агаар мэт дутагдаж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх болон Ерөнхийөлөгчийн институцийн түвшинд үл ойлголцож, засаглалын хямралд улс орныг хөтөлж байна. Тэртээ 20 жилийн өмнө УИХ-д сууж байсан зарим хариуцлагагүй нөхөд өнөөдөр ч тэр үетйн алдаагаа давтсаар сууна. Бид төрийэ түшээ биш түгжээ болсон улстөрчдөөс салах цаг болсон. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нь бие биенээ үгүйсгэсэн мэдэгдлийг ээлж дараалан хийх боллоо. Хувийн өчүүхэн эрх ашгаа эх орончийн шударга дүрээр халхавчилж,  хэлбэрдэх явдал газар авлаа. Бидэнд үндсэн дүрмийн шинэчлэл, нээлттэй ил тод байдал, тэгш боломж, хүний нөөцийн шинэчлэл хэрэгтэй байна.

 

Жирийн гишүүд залуучуудынхаа дуу хоолойг сонсдоггүй, хамтарч ажиллахын оронд өрсөлдөгчөө гэж хардаг, зөвхөн хөрөнгө мөнгө, албан тушаал, эрх мэдэлд дулдуйдсан, цөөн хэдэн хүнд үйлчилдэг намыг бид хүсээгүй. Намын үйл ажиллагааг эрүүлээр шүүмжилж, дотоод ардчиллын төлөө үгээ хэлсэн гишүүдийг гадуурхан хавчиж, айдаст автуулдаг дарангуйллын талаарх мэдээлэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нам дамжсан олигархи бүлэглэлүүд монголын төрийг удирдах ёсгүй. 

 

Иймээс өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, Ардчилсан намын ээлжит бус их хурлыг яаралтай хуралдуулах, АН-д бодлогын хариуцлагын, хүний нөөцийн шинэчлэл хийж, санхүүжилтын нээлттэй, ил тод байдлыг бий болгох санаачлагад идэвхитэй нэгдэж,бүх шатны намын байгууллагаараа дамжуулан санал хүсэлтээ илэрхийллийг намын бүх гишүүддээ уриалж байна”  гэжээ.