С.Баяжаргал: Улс төрд ирэх цаг гэж байхад явах цаг нь ч мөн тохиох ёстой


НАМЗХ-ны баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга С.Баяржаргалаас  сүүлийн үед тус холбооны талаар гараад байгаа зарим мэдээллүүдийн тухай товч тодруулга авлаа.

 

- Баруун бүс хариуцсан нарийн бичгийн даргын ажлын чиг үүрэг нь юу байдаг бэ?

 

МАН-ын 27-р их хурал 2013 онд болж, тэндээс намын бүтэц зохион байгуулалтыг илүү нарийвчилсан түвшинд хүргэх зорилгоор бүс хариуцсан нарийн бичгийн дарга нар томилогдох шийдвэр гарсан. Уг шийдвэрийг дагаад НАМЗХ-ны удирдах зөвлөлийн хурлаар дэмжигдсэний үндсэн дээр холбоо мөн бүсчилсэн хэлбэр лүү шилжиж, миний бие баруун  таван аймгийг хариуцан авсан юм.

 

Ингэснээр аймгуудын  НАМЗХ-ны дарга, удирдлагын багууд тухайн бүс хариуцсан нарийн бичгийн дарга нараараа дамжуулан төв удирдлагын багтайгаа хамтран ажиллах, саналаа нэгтгэх, үзэл бодлоо хуваалцах, санал хүсэлтээ тавих зэрэг ажлууд дээр холбон өгөх үүрэг гүйцэтгэж байгаа.

 

- Тэгэхээр төв удирдлагын багтайгаа харьцангуй ойр ажилладаг байх нь. Гадуур яригдаад байгаачлан үнэхээр НАМЗХ-ны удирдлагууд хоёр хуваагдчихсан юм уу?

 

-  Бүс хариуцан ажиллаж байгаа учраас эхлээд орон нутгаа яръя. Орон нутгийн НАМЗХ-д болон нэгж салбар клубуудийн дунд хоорондоо хагаралдаад байгаа юм огт алга. Зориудаар залуусыг бутарган задлах далд явуулга тэнд явагдаагүй бол харьцангүй эрүүл орчинтой.

 

Харин  хувийн зүгээс НАМЗХ удирдлагын түвшинд тодорхой хуваагдлууд байдаг юм шиг сэтгэгдэл бага хурлын үеэр төрж байсан. Гэхдээ тэр удирдлагын баг одоо бүрэн солигдож, шинэ бүрэлдэхүүн томилгодсон шүү дээ. Удирдлагууд нь хоёр хуваагдсан гэх мэдээлэл нь бага хурлын шийдвэрийн дагуу байгуулагдсан  Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийнхний сүүлийн үед гаргаж буй зарим үйлдлүүдтэй холбоотой болов уу? гэж бодож байна.

 

- Г.Тэмүүлэнг буруутган үзэх холбооны гишүүд нэлээд олон байна. Гэтэл холбооны ЕНБД гэдэг утгаараа бодлогын чанартай асуудлуудад оролцох эрх нь нээлттэй биш үү?

 

- Г.Тэмүүлэний хувь хүний үйлдэл талаас нь бид ямар нэгэн шүүмжлэл хэлэхгүй байгаа. Хамгийн гол нь Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн сүүлийн үед үүсээд байгаа холбооны асуудлуудад хутгалдан орох эрх үүрэг нь анхнаасаа хязгаарлагдсан байсан явдал юм. Бүр нарийн тайлбарлах юм бол ажлын хэсэг ганцхан Их хурлыг зохион байгуулах эрх, үүрэг хүлээсэн чиглэлтэй. 

 

Тэгсэн мөртлөө орон нутгийн холбоодынхоо дотоод зохион байгуулалт руу орохыг санаархах үйлдэл гаргаад зогсохгүй  НАМЗХ-ны үндсэн дүрэм рүү нэвтрэн, насны квотыг нэмэгдүүлэх асуудал руу хүртэл орж эхэлсэн байна.  Өөрөөр хэлбэл 60 мянга орчим гишүүнтэй энэ том айлыг 12 хүний бүрэлдэхүүнтэй баг дур мэдэн удирдахаар завдаж буй нь өөрөө хууль бус үйлдэл юм. Үүнийг орон нутгийн төлөөллүүд ч эсэргүүцэж байгаа.

 

- Орон нутгуудад ээлжит бус чуулган зохион байгуулах гэсэн нь хуулийн заасан хугацаанд нийцээгүй хэрэг үү?

 

-  Манай баруун бүсээр жишээ аваад үзвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд чуулгануудаа товлолт хугацаандаа зарлаад хуралдуулчихсан. Асуудал үүсгээд байгаа Төв аймаг гэхэд л чуулган зарлан хуралдуулах дөрвөн жилийн хугацаа нь албан ёсоор гүйцээгүй байж таарсан юм билээ. Тийм байхад орон нутгийн ажил руу дур мэдэн орсноороо уг ажлынхан хэсгийнхэн буруутгагдаж байгаа юм. Энд хувь хүний эрх ашиг л үйлчилж байгаа юм шиг хандлага хэн хүнд ажиглагдсан.

 

- Насны квотыг 40 болгочихоор ямар сөрөг үр дагавар гарах бэ?

 

- Энгийн жишээ авъя л даа. НАМЗХ-ны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн аль нэг бүрэлдэхүүнд 20 настай залуу сонгогдож. Өнөөх залуу тодорхой шатлалуудад итгэл хүлээсээр  өндөр албан тушаалаа хэвээр хашсаар байна гэж тооцъё. Насны дээд хязгаарыг 40 нас болгосон тохиолдолд энэ залуу тэндээ бүхэл бүтэн 20 жил  байх боломж үүснэ. Мэдээж тухайн хүндээ бол сайхан л даа.

 

Гэхдээ ард нь улстөрийн карьер хөөх чин хүсэлтэй, бусдын итгэл дааж чаддаг, зүтгэлтэй хүмүүс өчнөөн олноороо тэр хүний суудал сулрахыг хүлээж байгаа гээд бод доо. Эргэх холбоо ингэж удаашрах нь улстөрийн системийг бохирдуулдаг аюултай. Үнэндээ тухайн хүн  улс төрд ирэх нэг цаг үе байхад буцах цагаа ч мөн соргогоор ойлгож, хүлээн зөвшөөрдөг байх учиртай.

 

- Ярилцсанд баярлалаа