”Тооцоогүй тоглоом” нээлтээ хийлээ

Admin
15 цаг 5 минутын өмнө

Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Academy awards 2014” наадмаас “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киногоороо чамгүй олон шагнал хүртэж, кино урлагт тэсрэлт хийж байсан “Хувьсал” продакшн гурав дахь бүрэн хэмжээний уран сайхны киногоо Хүннү молл энтертайнмэнт төвийн кино театрт, урлагийн салбарын хүндэт зочид, урлагт хайртай үзэгч олонтойгоо хамтдаа өлгийдөн авлаа.

 

Адал явдалт Тооцоогүй тоглоом киноны ерөнхий найруулагч, продюсероор Хувьсал продакшний захирал, МУГЖ У.Уранчимэг ажиллажээ. Тэрээр энэ удаагийн уран бүтээлд залуу жүжигчдийг дэмжин тоглуулснаараа киноны бас нэгэн онцлог гэдгийг тодотгож байсан юм.

 

Киноны гол амин сүнс яахын аргагүй зохиол юм. Тэгвэл “Тооцоогүй тоглоом” уран сайхны киноны зохиолыг Хувьсал продакшний жүжигчин А.Ганчимэг бичжээ. Тэрээр 2014 онд хамгийн олон үзэгч үзсэн кино жагсаалтанд дээгүүрт бичигдсэн Хувьсал продакшний 2 дахь уран бүтээл Зүрхээр наадагч уран сайхны киноны зохиолыг мөн бичсэн юм.

 

Тус кинонд тооцоогүй тоглоомд гол дүрийн 4 залуугийн хэн нь хожиж байгааг харуулахын сацуу өнөөгийн залуучуудын амьдралын хэв маяг, хайр сэтгэлийг сонирхолтой байдлаар дүрсэлсэн байна. Бусад уран бүтээлчдээс эрч хүч, онцгой авьяасаараа түүчээлдэг Хувьсал продакшний залуу уран бүтээлчид кино нээлтээ ч мөн олны анхаарлыг татахуйцаар олон хүмүүсийг хамруулан зохион байгуулсан юм. “Тооцоогүй тоглоом” уран сайхны кино Улаанбаатар хотын бүх кино театруудад энэ сарын 8 –наас үзэгчдийн хүртээл болж эхэллээ.