Шинэхэн гүнж төрөөд хэдхэн цагийн дараа ард түмэнтэйгээ мэндчилэв


Кэмбрижийн гүнгийн авхай Кэтрин Миддлтон өчигдөр Лондонгийн цагаар 08:34 цагт Сэнт Мэри эмнэлэгт 8.3 паунд буюу 3.7 кг охин төрүүлж хэдхэн цагийн дараа эмнэлгээс гарлаа. Түүнийг гарахад ард иргэд нь баяр хүргэж угтсан байна.

 

Дөнгөж төрөөд хэдхэн цаг болсон Кейт Миддлтон сайхан инээмсэглэсээр охиноо тэврэн гарч ирсэн нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. "Тэр гайхалтай сайхан харагдаж байсан, бас хэдхэн цагийн настай гүнж ээжийнхээ гар дээр амар амгалан нойрсож байсан" хэмээн гадаадын хэвлэлүүдэд дурджээ. Кейт Миддлтон үсээ задгай тавьж, Jenny Packham-ын шар цэцэгтэй тансаг даашинз өмссөн байсан аж. 

 

Ээж охин хоёрын бие сайн байгаа бөгөөд ханхүү Уиллиам гэргийгээ төрөхөд хамт байжээ. Ийнхүү бяцхан ханхүү Жорж Александр Луи охин дүүтэй боллоо.

 

Хааны гэр бүлийн шинэхэн гишүүн гүнж ээлж дарааллаараа өвөө ханхүү Чарльз, аав Уиллиам болон ах Жорж нарынхаа дараах хаан суудлын дөрөв дэх үе залгамжлагч болох юм. 1982 онд ханхүү Уиллиам өөрөө энэ эмнэлэгт аав ханхүү Чарльз, ээж Дайана гүнж нарын анхны хүү болон мэндэлж, яг энэ босгон дээрээс ард түмэнтэйгээ мэндчилж байжээ.