Түүх давтагджээ гэхээр...


Түүх давтагджээ гэхээр...

 

Аль хэдийн АН-ын гишүүдийнхээ саналаар намын даргаасаа огцорсон түүнчлэн ард иргэдийн төлөөлөл дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхиор огцруулах шийдвэр гарсан ч тороод тогтоод байдаг дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарын дүүргийн АН дахь карьерын талаар ийм баримт байх юм.

 

Аливаа нам сонгуульд ялалт байгуулахад тухайн намын байгууллагын дарга нь засаг дарга болдог. Энэ ёсоор 2012 оны дүүргийн ИТХ-ын сонгуульд АН 48 хувийн санал авч, намын  хорооны дарга Х.Болдбаатар Налайх дүүргийн Засаг дарга болсон байдаг. Гэтэл Засаг дарга болсон Х.Болдбаатар нь 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагт 4-р хорооны хурлын зааланд болсон  дүүргийн АН-ын хорооны ээлжит хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар намын хорооны даргаас чөлөөлөгдөж  даргаар сонгогдсон Д.Мөнх-Эрдэнэд тамгаа өгөлгүй зугтаасан байх юм. Түүгээр ч барахгүй АН-ын Хяналтын ерөнхий хорооноос Х.Болдбаатарыг намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас намынхаа үндсэн дүрмийн дагуу намын сонгуульт албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг 2012 оны 05-р сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоолоор гаргажээ.

 

Дүүргийн АН-ын хорооны дарга Х.Болдбаатарын хууль бус үйлдлүүдийн талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлд удаа дараа албан тоот хүргүүлж, зохицуулж өгөхийг хүсч байсан байна. Гэсэн ч Э.Бат-Үүл дарга ч тодорхой шийдвэр гаргалгүйгээр өнөөдрийг хүрсэн болохыг 2012 оны ИТХ-ын сонгуулиас хойш үйл явц өөрөө харуулдаг.

 

2012 оны дүүргийн АН-ын хороонд тохиолдож байгаа шиг үйл явдал одоо дүүргийн Засаг даргыг огцруулах асуудлыг өргөн барьсан үйл явцтай адил харагдаж байгаа нь хачирхалтай. Нэг үгээр хэлбэл Х.Болдбаатар тухайн үеийн Нийслэлийн АН-ын дарга одоогийн Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг дарга,  Улсын баатар Э.Бат-Үүлтэй үгсэж, жирийн иргэдийн сонголтыг луйварджээ гэж болохоор...

 

Та бүхэн үүнийг анзаараарай....

2012 онд дүүргийн АН-ын гишүүд намын дарга Х.Болдбаатарыг ажлаа хийхгүй, намын ажлыг унагаж байсан гэсэн үндэслэлээр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлд албан тоот хүргүүлж байсан бол 2014 онд ИТХ дэх МАН-ын бүлэг мөн л Засаг дарга Х.Болдбаатарыг дүүргийн ажлыг цалгардуулж, газрыг тойрон хүрээлэгчиддээ өгсөн 17 тэрбум төгрөгийн асуудал, үгсэн хуйвалдаж төсвийн мөнгийг шамшигдуулж байна зэрэг хэд хэдэн үндэслэлээр огцруулах асуудлыг өргөн барьсан нь төлөөлөгчдийн 56 хувийн саналаар дэмжигдэн, шийдвэрийг Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг дарга,  Улсын баатар Э.Бат-Үүлд хүргүүлсэн ч хэвээр байгаа.

Үндсэндээ түүх давтагджээ гэхээр...    Э.Чимэд