Муухай эрчүүд & Ц.Нямдорж, Н.Энхбаяр


Царай зүс, бие хааг нь онцолж хэлсэн юм биш.  Хэлж ярьж байгаа бүхнийг нь харахад манай монгол эрчүүд ямар хогийн, хов базсан хүмүүс болоо вэ гэсэн эгдүүцэл төрмөөр.

Өнгөрсөн ням гаригт  экс ерөнхийлөгч Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хоёр, гурван телевиз нэгэн зэрэг цацав.  Нэгэн цагт Монголын төрийн бүх л дээд албыг хашиж явсан тэр хүнтэй эх орон, газар шороо, эв нэгдэл, тусгаар тогтнол, улс орны хөгжлийн талаар даацтай, далайцтай ярилцлага хийсэн байх гэсэн хүлээлт  нэвтрүүлэг дуусах үед хэлж болохгүй тийм эвгүй мэдрэмж үлдээлээ.

Хөтлөгч нь ч жулдаж, хүн нь ч өвгөрчихөж. Төрийн гурван том албыг хашиж явсан тэр хүнээс хов жив, хор хонзонгийн талаар асуухаас өөр зорилго уг нэвтрүүлгийнхэнд байгаагүй юу, уг хүн нь ийм нэгэн жижигхэн хэрүүлээс өөрийг хардаггүй байсан уу гэмээр эвгүй сэтгэгдэл олон ч хүнд төрж.  Хэзээ байтлаа, манай монгол эрчүүд ингэж гоншигнодог болчихов.

 

“МАХН 2000 оны сонгуулиар үнэмлэхүй олонхи болоход Ерөнхийлөгч Н.Багабанди  дуудаж уулзаад “Ц.Нямдоржтой холбоотой хятадын тусгай албатай холбоотой гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр наад хүнээ хууль зүйн сайд болгож болохгүй” гэсэн. Би  Нямдоржийг дуудаж уулзаад “чиний тухай ийм зүйл яригдаад байна. Чамайг түр түтгэлзүүлье. Шалгуулаад тогтоолгочих, тэгээд буцаад ажилдаа орвол бүр нэр хүндтэй юм биш үү гэхэд “Ц.Нямдорж уйлчих шахаад та надад итгэ, наад муу хүмүүс чинь миний мууг үзэх гээд байгаа юм гэж гуйж байсан” хэмээн хэнд ч хэрэггүй “хог” ярьж, өнөөх Ц.Нямдорж нь өргөс дээр суусан юм шиг өрвөлзөн босч ирсэн нь бас л муухай харагдсан.

Өчигдөр орой “Хоёрдугаар суваг” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, “Би Н.Энхбаяртай аягүй гоё найзууд байсан. Тэгсэн Энхбаяр нь Энхсайхантай найзлаад байхаар нь дургүй нь хүрээд больчихсон. Тэгээд Баабартай сайн найз болсон чинь Багабандиас болоод муудчихсан. Нарангэрэл надад их сайн байсан ч Энхбаяраас болоод бас муудалцаад... Тэгэхээр нь Энхбаяр дээр очингуутаа "Энхбаяраа чи Энхсайхантайгаа удаан жаргаарай" гээд хэлчихсэн түүнээс хойш МАН дотор ганцаардал гэдгийг хамгийн их амссан хүн болсон доо” хэмээн гонгинож суухыг нь хараад үнэндээ ой гутсан.

 

Манай монгол эрчүүд ийм болчихсон уу, эсвэл төрийн том албанд очихоороо хүн ийм увайгүй болчихдог юм уу,  гэрийн чавганц нараас дор ярицлага өгөөд сууж байгаа тэднийг хэн ерөнхийлөгч, сайд байсан гэж хэлэх юм бэ.  Монголын  улстөрчдийн дунд “хог” хаяж, хор найруулснаараа хэнд ямар ашиг ирэх юм бэ. Захын чавганц ийм хог ярьж суухаа больсон шүү дээ. Монголын төрд олон жил том алба хашиж явсан улстөрчид ийм жижигхэн ховоор “хооллож”  байгааг харахад тэд яавч эрүүл биш ээ. Энэ мэт “тэнэг”-үүд тэгээд манай Монгол тулгатны 100 эрхэмд багтаж л байдаг. Ийм “галзуучууд”-аар удирдуулж байгаа эх орон минь яана аа.