С.Тулга: Сагсан бөмбөгийн эсрэг террорисм хийхээ болье


Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгатай ярилцлаа.

-Сагсчид маань Инчёны наадамд давгүй амжилт үзүүллээ. Та бүхэн энэ амжилтдаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Хоёр жилийн өмнө Монголын шигшээ баг Японы ахлах сургуулийн шигшээ багт нутаг дээрээ 25 онооны зөрүүтэйгээр хожигдож байлаа. Харин өнөөдөр Азийн шилдэг найман багийн нэгээр нэрлэгдэж байна. Энэ бол олон хүний хөдөлмөрийн үр шимээр бий болсон амжилт. МҮСБХ, багийн эзэд, дасгалжуулагч, тамирчид, ивээн тэтгэгчид, салбарын яам гээд бүгд нэгэн зүрх сэтгэлээр зүтгэсний үр дүн. Инчёны наадам дээр Солонгосын дасгалжуулагч “Нэг жилийн хугацаанд Монголын сагсан бөмбөгийн хөгжил амжилтаар цангасан өлсгөлөн бар шиг болсон байна” гэж онож хэлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын шигшээ баг амжилт үзүүлэх хүслээр цангаж байгааг анзаарсан хэрэг. Бид Азийн шилдэг наймд багтсан бол одоо шилдэг дөрөвт багтах, цаашилбал Олимп, Дэлхийн аваргад оролцох зорилго тавиад ажиллаж байна.

-Дэлхийн аварга гэснээс Универсиадад оролцсон тамирчид ч муугүй амжилт үзүүлэн байх аа?

-Инчоны наадмаас өмнө Универсиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцож бас л өндөр амжилт үзүүлсэн. Манай шигшээ Япон болон Филиппиний багийг хожиж, Азиас  БНСУ-ын шигшээтэй хамт Универсиадын шилдэг 16-д багтсан. Хэрвээ Германыг хожсон бол АНУ-ын шигшээтэй хүч үзэх байлаа. Гэхдээ тамирчид маань чамлахааргүй амжилт үзүүлсэн. Манай Т.Санчир л гэхэд оноо авалтаараа тэргүүлж, 24.2 оноогоор нэгт жагссан шүү дээ.

-Удахгүй лигийн тэмцээн эхэлнэ. Дотоодын лигийн өрсөлдөөн, чанар ямар төвшинд байгаа вэ?

-Спрайт хөгжлийн лигийн 64, Спрайт супер лигийн 24, Дарханд 10, Эрдэнэтэд 12, эмэгтэй долоо, дээд лигийн долоон баг нийт 130 гаруй баг буюу 1500 гаруй тамирчинтайгаар сагсан бөмбөгийн спорт хөгжиж байна. 2003 онд лигийн тэмцээн болоогүй, ердөө тавхан багтай байснаас тамирчид нь гандбол, хөлбөмбөгийн спорт руу урваж байсан үеийг бодвол лиг өдрөөс өдөрт сайжирч байна гэж хэлнэ. МҮСБХ-ноос сүүлийн хоёр жилд ур чадвар сайтай легионер тоглогчдыг урьж авчирах бодлого хэрэгжүүлж байна. Ингэж байж манай тамирчид Азийн төвшинд өрсөлдөх хэмжээнд хүрч байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, NBA NBA-D  лиг, NCA зэрэг лигүүдээс ирсэн легионер тоглогчидтой өрсөлдөж эхэлснээр тамирчдын маань ур чадвар ч өссөн. Эхэндээ манайхан легионер тоглогчдоос бэргэх тохиолдол гардаг байсан. Харин одоо бол ур чадвараараа өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн. Сая Инчоны наадамд оролцож байгаа бусад орны тамирчдыг харж байхад манайд ирж тоглож байгаа легионер тамирчдаас илүү гарах чадвартай тоглогч харагдсангүй. Эндээс Монголын өрсөлдөөн дотроо ямар хүчтэй болсныг харж болно.

-Тэгэхээр монголчууд сагсан бөмбөгийн шигшээ багаасаа их зүйл хүлээх хэрэгтэй болох нь ээ?

-Гол нь бид эвтэй байж, сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө зүтгэх л хэрэгтэй байна. Хэдхэн цөөхөн хүнээс болж хэрүүл тэмцэл, хов жив болж явмааргүй байна. Нэгэнт ийм амжилтад хүрсэн юм чинь үл ойлголцлоо зогсоож, илүү том амбицтайгаар ажиллах хэрэгтэй.

-Монголын сагсан бөмбөгийн холбоо МҮСБХ үл ойлголцлоо зогсоох болоогүй л байна уу?

-Миний хувьд МСБХ-ны үе үеийн удирдлагуудад цалингүй ч гэсэн ажиллая, энэ спортыг хөгжүүлье, Спрайт лигээ нийлүүлье гэсэн санал тавьж ирсэн. Гэвч тэд бүх асуудлыг зөрүүлж тавьдаг. Сүүлдээ энэ нь хэмжээнээсээ хэтэрсэн. Доромжилсон, дээрэлхсэн, манай багийг лигээс хасч байсан. Гэхдээ энэ бол хэсэгхэн хүмүүсийн л явцгүй үйлдэл гэдгийг хэлэх хэрэгтэй. Билгүүн гээд манай шилдэг тамирчныг Спрайт лигт тоглолоо гэдэг шалтгаанаар Азийн элсний сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох шигшээ багаас хасч байсан. Одоо ч гэсэн энэ шалтгаанаар шигшээ багаас хасдаг, хаадаг боодог үзэгдэл байсаар л байгаа. Бид чинь Ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Ийм утгагүй үйлдэл гаргахаа болих хэрэгтэй л дээ.

-Хоёр холбоо ийм эв нэгдэлгүй байгаагаас болж тамирчдын эрх ашиг, арын асуудал орхигдоод байх шиг. Жишээ нь, Инчёны наадамд тамирчид өөрсдөө зардлаа гаргаж явсан шүү дээ.

-Азийн наадамд явахынх нь өмнө тамирчдаасаа замын зардал, бэлтгэл сургуулилт нь яаж байна гэж нэг ч удаа асуугаагүй хүмүүс хожим амжилтыг нь хуваалцах гэж оролдож байгааг харахад өрөвдөлтэй л санагдаж байлаа. Эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид “Инчоны наадамд оролцох гэсэн чинь санхүүгийн хувьд хүндрэлтэй байна” гэж манай холбоонд хандаж ирсэн. Бид асуудлыг нь шийдье, дэмжье л гэсэн. Замын зардал, байр хоол, витаминжуулалт, Хандгайтад бэлтгэлд  гаргая гээд бүх асуудлыг нь шийдье гэж тохирсон юм. Гэтэл хэд хоногийн дараа шигшээ багийн тамирчид “болилоо” гэсэн. Яасан гэхээр цаадуул нь “МҮСБХ-ноос мөнгө төгрөг авах юм бол шигшээ багаас хасна” гэсэн юм билээ. Бодит байдал дээр ийм л юм болсон. Шигшээ багийн тамирчид ч хэлэх байх. Өөрсдөө зардлыг нь гаргаж өгөөгүй. Өгье, тусалъя дэмжье гэсэн хүнээр нь ч туслуулаагүй.  Энийг гэрчилж ярих эрүүл сэтгэдэг, шударга залуус олон байгаа. Спортын төв ордон дээр заал танхимын гаргаад өгсөн ч бэлтгэл хийлгүүлээгүй. Үүнийг тамирчид ч, Спортын төв ордныхон ч хэлнэ. Тэгэхээр одоо бүгдээрээ энэ бүх утгагүй юмаа зогсооё. Эвтэй байж илүү амжилтын төлөө зүтгэцгээе л дээ. Сагсан бөмбөгийн эсрэг терроризм хийхээ болъё. Ингэх цаг нь ч болж. Хамтраад нийлээд сагсан бөмбөгөө хөгжүүлье. Хоорондоо биш олон улсад хүч үзье. Сая бид өөрсдийгөө Азид тунхаглаж чадлаа. Одоо өшөө цаашаа явъя, шигшээ багаа, Монголынхоо нэрийг Ази тив, дэлхийд гаргая л даа. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтгаа олдог гэдэг шүү дээ.

 -Иймэрхүү үл ойлголцлоос болоод тамирчид их хохирдог байх даа?

-Тэр ч мэдээж л дээ. Гэхдээ магадгүй нэг талаас өрсөлдөөн байгаагүй бол Монголын сагсан бөмбөг өдий зэрэгт хүртэл хөгжихгүй ч байсан юм билүү. Воллейбол, хөлбөмбөгийн холбоо шиг “Бид нар тамирчдаа Азийн наадамд явуулахгүй ээ, өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдүүлэхгүй” гэх байсан ч юм билүү. Гэхдээ одоо энэ бүхнээ зогсоох цаг нь болсон. Удахгүй холбооны хурал ч болно. Энэ хурлаар тамирчид маань нээлттэй оролцож үгээ хэлэх байх. Үндэсний бөхийн холбоо шиг, Хөлбөмбөгийн холбоо шиг хаалгаа түгжиж байгаад хэдхэн хүн хуралдаад бие биеэ сонгодог шиг бохир арга хэмжээ болохгүй байх гэж итгэж байгаа.

-Магадгүй улс төр энэ спортод нөлөөлөөд байна уу?

-Дэлхий нийтийн жишиг гэж юм байна. Өөрөөр хэлбэл, улс төр спорт хоёр зайлшгүй холбоотой явдаг. АНУ-д л гэхэд NBA болон бусад лигт түрүүлсэн багаа Ерөнхийлөгч нь хүлээн авч уулздаг уламжлалтай шүү дээ. Өөрөөр хэлбэл, төр нь спортоо дэмжиж явдаг бол спорт нь эх орныхоо нэрийг олон улсад гаргаж явдаг. МҮСБХ-г Эрдэнэ сайдтай холбож яриад байдаг. Тэгвэл өмнөх Засгийн газрын үед Ерөнхий сайд С.Батболд биднийг маш их дэмжиж ажилладаг байсан шүү дээ. МҮСБХ-ноос энэ хүний дэмжлэгтэйгээр “Мөрөөдлийг баг” төслийг орон даяар хэрэгжүүлж байлаа. Сүүлийн хоёр жилд бол С.Эрдэнэ гэдэг хүн энэ спортыг зүрх сэтгэлээрээ дэмжиж яваа. АН нь байна уу, МАН нь байна уу, бидэнд хамаагүй асуудал.  Энэ хоёр хүн хоёулаа энэ спортод элэгтэйдээ л ингэж явааг ойлгох хэрэгтэй.  Ямар ч ашиг хонжоо харалгүй зөвхөн сагсан бөмбөгт элэгтэйдээ л тусалж, дэмжиж явдаг. С.Эрдэнэ сайдын хувьд аав нь амьдралынхаа 20 гаруй жилийг энэ спорттой холбосон хүн. Холбооны нарийн бичгийн даргаар ч олон жил ажилласан. Тиймээс л энэ спортод өөрийгөө өртэй гэж бодож, хоёрт аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлье, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлье гэсэн сэтгэлээр хандаж явдаг. Ямар ч ашиг гэлгүйгээр олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнийг улс төртэй хольж хутгах гэсний хэрэггүй дээ.

-МСБХ татварын нэлээд асуудалтай, шүүх дээр асуудал нь явж байгаа гэж сонссон. Энэ талаар та юу хэлэх вэ?

-МСБХ-ны асуудал шүүхээр хэлэлцэгдэх шатандаа явж байгаа гэсэн. Өнгөрсөн гуравдугаар сард зарим шийдвэрүүд гарсан юм билээ. Гэхдээ энэ асуудлыг манай холбооноос гаргаж тавьсан юм биш шүү дээ. Ахмад тамирчид, гавъяатууд, дасгалжуулагч, багийн эзэд л энэ асуудлыг гаргаж тавьсан.

-Нэлээд их татварын өрийн асуудал байгаа юм биш үү?

-Маш их өртэй нь үнэн. Энэ бол олон жил хуримтлагдсан идээ бээрийн асуудал.

-Эргээд спорт руугаа оръё. Ойрын үед ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Төлөвлөж байгаа томоохон ажлууд бий. Энэ жил л гэхэд сурагчдын дэлхийн аваргын тэмцээнд манай 18 настнууд Иран, Франц, Тайванийг хожоод шилдэг тавд ороод байна. Бас бид ганцхан лиг шигшээ гэж яриад суухыг хүсэхгүй байна. Өсвөрийн хүүхдүүдээ нас насны ангиллаар нь өрсөлдүүлээд шалгарсан хүүхдүүдээ АНУ-ын Кливленд Кавалерсын талбайд очиж тоглууллаа. Нэг үгээр хэлбэл, 65 өсвөрийн шилдэг тамирчдыг бодлогоор бэлдэж байна гэсэн үг. Мөн манай сагсчид АНУ-ын Лос Анжелос лейкерсын нэрэмжит тэмцээнд 3:3 төрөлд түрүүллээ. Энэ мэт олон амжилт гаргаж байна. Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн биеийн тамирын хичээл ордог болж байгаа. Монголын 100 гаруй цэцэрлэгт таван настайгаас нь эхлээд сагсан бөмбөгийн хичээл орно гэсэн үг.  Үүнтэй холбоотойгоор бид  5-7 настнуудын дунд Улсын аваргын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Эндээс шалгарсан хүүхдүүдээ АНУ явуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн тэргэнцэртэй лигийн тэмцээнийг зохион байгуулж, тэндээсээ шигшээ баг байгуулж Пара олимпод оролцуулах бодолтой байгаа. Энэ спортод элэгтэй хүмүүс сагсан бөмбөгт зориулсан тэргэнцрийг нь аваад өгвөл их тустай л байна.

-Энэ жил хэдэн легионер тоглогч ирэх вэ. Нью-Иорк дахь сонгон шалгаруулалт юу болов?

-Энэ жил Америк болон Азиас цөөнгүй легионер тоглогч ирнэ. Тодруулбал, NBA-д тоглодог байсан тоглогчид ирэх гэж байна. “Чикаго буллз”-д тоглодог байсан тоглогч байгаа. Сагсан бөмбөг сонирхогчид “Коби стоппер” гэдэг хочоор нь мэдэх байх. Коби Брайнт өөрөө ямар нэр хүндтэй, ур чадвартай тоглогч билээ. Тэр хүнийг хамгаалдаг, зогсоодог байсан ганц хүн нь гэж бодохоор ямархуу тоглогч вэ гэдэг нь ойлгомжтой байх. Манай тамирчид энэ хүний эсрэг тоглосноор ур чадвар нь төдий чинээгээр өсөх боломжтой болно. Мөн бид энэ жил анх удаа Азиас сонгон шалгаруулалт хийсэн. Одоогийн байдлаар 67 хүн шалгаруулалтад орсноос 50 хүний мэдээлэл ирээд байна.

-Манай шигшээ багт легионер тоглогч элсүүлэх боломж бий юү?

-Боломжтой. Одоо ер нь Хятадаас бусад нь бүгд ленионер тоглогчдыг шигшээ багтаа элсүүлсэн байгаа. Манайх бол нэг том төвийн тоглогч, нэг сайн холбон тоглогчтой болчихвол бусад нь хаана ч гологдохгүй мундаг тамирчид байгаа.

-Гаднын тамирчид манай шигшээд тоглох хүсэлт тавьдаг уу?

-Байлгүй яахав. Эртнээс л танай иргэншлийг чинь авч шигшээд чинь тоглоё гээд байгаа шүү дээ.

Л.ХАЛИУ