Хөгжлийн банк “Чингис”, “Самурай” бондын хөрөнгөөс 277 тэрбумыг Засгийн газарт өгснөө “хүлээв”


“Чинис”, “Самурай” бондын зарцуулалтын тайлан одоо хүртэл “нууц” хэвээрээ байгаа. Учир нь уг тайлан нээлттэй мэт боловч мэдээлэл бүрээс нь “но” илрээд байдаг болохоор тэр. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Хөгжлийн банк Засгийн газрын бондыг худалдан авч Чингис, Самурай бондуудын мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа талаар мэдээлэл байна. Одоогийн байдлаар хэдэн тэрбумыг үүнд зарцуулсан бэ?" хэмээн асуусан. Уг асуултын хариулт олон хүний нүдийг бүлтийлгэж, , УИХ-ын дарга З.Энхболдын “хилэнг” хүргээд авсан юм.

 

<iframe width="560" height="315" src="//www.youtube.com/embed/3Ank20jOr3Y" frameborder="0" allowfullscreen></iframe> 

 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн зохистой удирлагыг хангах зорилгоор 277 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан. Улсын төсвийн алдагдлийг нөхөх зорилгоор нэг ч төгрөгийн санхүүжилт хийгээгүй байна” хэмээв. Харин УИХ-ын дарга түүнд “Чи өөрийгөө банк гэж бодоод байгаа юм уу. Танай байгууллага банк биш, банкны удирдлага шиг зүйл ярихаа боль. Юугаа ч мэдээгүй нөхөр энд тууж явна” хэмээн зэмлэсэн юм.

 

Үнэт цаасны тооцоо, төлбөр төвлөрсөн хадгаламжийн төв лавлагаандаа "Хөгжлийн банк үнэт цаас эзэмшээгүй болохыг мэдэгдье" гэсэн хариуг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод илгээжээ. Өмнө нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг АТГ-аас шалгаж буй дуулиан дэгдсэн ч тэгсгээд намжсан. Тэгэхээр одоо зориулалт бусаар ашигласан 227 тэрбум төгрөгийн тайлбарыг хийх болж байх шиг байна.

 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн зөвлөмжид “Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн алдагдлыг нөхөх, төсвийн урсгал зардал, тэр дундаа нийгмийн халамжийн аливаа үйлчилгээнд зарцуулахгүй байх” хэмээн тодорхой заасан байдаг. Гэтэл Хөгжлийн банкны мэдээлж буйгаар “Чингис”, “Самурай” бондын хөрөнгөөс Засгийн газарт 277 тэрбум төгрөг өгсөн нь тодорхой боллоо. Тэгэхээр Засгийн газар үүгээр 800 тэрбумаар тасраад байгаа төсвийн орлогоо нөхөж цалин, тэтгэвэр, тэтгэмжид зориулсан байх магадлалтай юм. Гэхдээ ҮАБЗ-ийн зөвлөмжид анхааруулснаар ч, Засгийн газрын үнэт цаас гаргах тухай УИХ-ын 2012 оны 10 дугаар сарын 25-ны 52 дугаар тогтоолоор баталснаар ч “Бондын мөнгөөр төсвийн алдагдал төлөх” эрх зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж л төлж болох юм.

Түүнчлэн дээрх мэдээлэлтэй холбоотойгоор МАН-ын бүлгээс “Хөгжлийн банк”-нд шалгалт оруулах ажлын хэсэг байгуулан ажиллах хүсэлт өгсөн гэх мэдээлэл ч байна.