”Эмоци”-ийнхон хошин урлагт тэсрэлт хийж байна


Хошин урлагийн хамгийн отгон продакшн “Эмоци”-ийнхон намар цагийн шинэ тоглолтоо үзэгчдийн хүртээл болгоод долоо хонож байна. Тэдний дөрөв дэх удаагийн тоглолт “Хайр бүхнээс хүчтэй” нэртэй.

 

Хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалын үнэ цэнэ өнөө үед алдагдаж, гэр бүл салалт ихэссэнтэй холбогдуулан энэ удаагийн тоглолтоо ийнхүү нэрлэж, нийгэмд зөв мэдээлэл хүргэх зорилго тавин хамтлагийнхан ажиллаж байна.

 

“Эмоци” продакшн анх байгуулагдахдаа бродвэй, мюзикл төрлөөр уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Энэ төрлөө ч энэ тоглолтод алдаагүй гэдгийг тэд онцолж байлаа. Үнэхээр л тайз, хувцаслалт гээд олон зүйлээс энэ тоглолтыг хүнд хүргэх гэж хичнээн хичээл, зүтгэл гаргасныг харж болохоор байлаа.

 

Тоглолт үнэхээр сүртэй эхэллээ. Мичин гаригийн бослого кино тайзан дээр амилав уу гэлтэй энд тэндгүй мичнүүд гүйлдэн бүжих нь гайхалтай харагдаж байсан гээд энэ тоглолтоос онцлох, зүйл их байна.

 

Тоглолтын үзүүлбэр бүр үзэгчдийн сэтгэлд хүрч, танхим дүүрэн алга ташилт тоглолт дуусах хүртэл үргэлжилсэн.

 

Намар цагийн гунигтай бүхнийг мартуулахаар, цаг завгүй үргэлжлэх амьдралд эрч хүч нэмэх "Эмоци"-ийн жинхэнэ эмоци, тэсрэлт энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.