-ОЮУТАН БАЙХДАА ЭХЛҮҮЛСЭН ТЭДНИЙ АМЬДРАЛ ДУТАГДАХ ЗҮЙЛГҮЙ САЙХАН БАЙЖЭЭ-
Онцгой байдлын Аврах тусгай ангийн тусгай чиг үүргийн тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга, ахлах дэслэгч цолтойгоор ажиллаж байсан Н.Очирбат гэх залуу Батлан хамгаалахын их сургуулийг 2009 онд амжилттай төгсчээ. Тэрээр дээд сургуулиа төгсөөд, Онцгой байдлын ерөнхий газарт ажилд орж, эхнэр нь ч мөн сургуулиа төгсөөд ажилд орсноор хоёулаа амьдралынхаа төлөө тэмцэж эхэлсэн байна. Оюутан ахуйдаа эхэлсэн тэдний амьдрал дутагдах гачигдах зүйлгүй, хоёр хүүхэдтэй болоод сайхан амьдрах болсон байна. Гэр орноо өөд нь татаж, бусдын гарыг харалгүйгээр амьдралаа босгож эхэлжээ. Ажилдаа ч бусдаас дутахгүйг хичээж сайн ажиллаж байсан бөгөөд Онцгой байдлын алба хаагч нартайгаа мөр зэрэгцэн зогсоод “Монгол Улсын төлөө зүтгэе” гээд ажилдаа зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байхдаа тэр үнэхээр жаргалтай байсан гэдэг. Гэвч хоёр жилийн өмнө гэнэтийн осолд өртөж, тархиндаа хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 60 гаруй хувиар алдсан төдийгүй зүүн талын нүд нь хараагүй болжээ.
-“БАГАНАТ ӨРГӨӨ” ХХК-ИЙН БАРИЛГААС УНАСАН ТӨМӨР ТҮҮНИЙГ ХҮНИЙ ХАГАС БОЛГОВ-
Болсон хэрэг явдлыг сийрүүлбэл, осолд орохоос хэд хоногийн өмнө буюу 2012 оны есдүгээр сарын 7-ны өдөр ангийн захирагч болох А.Батмөнх Н.Очирбатыг өрөөндөө дууджээ. Улмаар “Чи хэдэн ахлагч аваад барилга дээр хэд хоног ажилла” гэсэн тушаал өгсөн байна. Тухайн үед онцгой байдлын алба хаагчид барилга дээр ажиллаж болохгүй биз дээ гэж хэлмээр байсан боловч дарга нь тушаал өгсөн болохоор ямар нэгэн хэл ам хийгээд дэмий байх гэж бодон юу ч хэлээгүй өнгөрсөн аж. Ингээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний баруун урд байрлах дөрвөн давхар “Хурилдуур” ХХК-ийн харъяа “Эрин” эмнэлгийн барилга дээр 11 ахлагчаа ахалж ажилласан байна. Гэтэл тухайн барилгынхан тэдэнд аюулгүй ажиллагааны багаж хэрэгсэл, каск малгай огт өгөхгүй байсныг даргадаа хэлж байж хэдэн каск авсан байна. Н.Очирбат багаа ахалж явсан болохоор эрсдэлийг тооцон, ахлагч нараа дээд давхарт нь гаргаагүй юм билээ. Харин өөрөө хамгийн дээд давхарт нь гарч ажиллаж байтал хажуу талд нь баригдаж байсан “Баганат өргөө” ХХК-ийн барилгын 12 давхараас тулгуур төмөр унаж, түүнийг хүний хагас болгосон аж. Сапу төмрийн ирмэгтэй хэсэг түүний дух, нүүрний хэсэгт онож, тархинд нь зоогджээ. Мөн тархи болон нүүр хацрын яс нь нэлэнхүйдээ бяцарсанаас гадна духны яс нь тэр чигтээ үйрсэн байна. Тэр ч бүү хэл зүүн нүд нь бүлтрээд гараад ирсэн байсныг хажууд нь байсан хүн чихэж оруулсан байна.
-БИЕИЙН НЭГ ТАЛ НЬ СААЖИЖ, МЭДЭЭГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙГААГ ЭМЧ НАР ДУУЛГАСАН БАЙНА-
2012 оны аравдугаар сард Бээжингийн цэргийн төв эмнэлэгт арав хоног хэвтэн, тархины эс сэргээх эмчилгээ хийлгэсэний үр дүнд зүүн нүднийх нь огт хөдөлдөггүй байсан зовхи баруунтайгаа ижилхэн хөдөлдөг болсон байна. Зүүн нүдийг нь хараа оруулах эмчилгээ хийж чадахгүй, дэлхийд тэргүүлдэг Энэтхэгийн эмнэлэгт оч гэж зөвлөсөн нь Н.Очирбатад нүдтэй болно гэсэн итгэл төрүүлсэн юм билээ. Тиймдээ ч ах дүүсийнхээ хамаг л мөнгийг шавхаж, хүнээс хүүтэй мөнгө зээлэн, гурван хоног зогсож байж Энэтхэгийн виз гаргуулж, хараагүй нүдээ хараатай болно гэсэн горьдлоготой Энэтхэгт очсон байна. Гэвч “Цаг хугацаа алдсан учраас зүүн нүд нь хараа орохгүй, харин одоохондоо баруун нүдэндээ нөлөөлөх нөлөөлөл бага байна. Гэхдээ ирээдүйд хэрхэн яаж, ямар хугацаанд нөлөөлөхийг мэдэхгүй гэх хариу сонсчээ. Нэг нүдэнд нь хараа орох найдвар тасарсан ч тэрээр бууж өгөөгүй аж.
Өнгөрсөн оны наймдугаар сард Солонгос улсад хагалгаанд орж, баруун тархиндаа хоёр газраар нөхөлт хийлгэн, бяцарсан ясныхаа оронд төмөр суулгуулжээ. Одоо түүний дух, хацар, хоёр нүдний аяга битүү хадалттай, битүү төмөртэй байгаа бөгөөд зүүн нүд нь бүрэн хараагүйгээс үүдэн баруун нүднийх нь хараа муудаж, хамар үнэрлэх мэдрэхүйгүй болжээ. Мөн суурь ясны цууралт гэх мэт гэмтэлээс шалтгаалж хэзээ ч хаана татаж унах, эсвэл биеийн нэг тал нь саажиж мэдээгүй болох эрсдэл өндөр байгаа гэх хэцүүхэн мэдээг эмч нар түүнд дуулгажээ.

-БАРИЛГЫН КОМПАНИЙН ЗАХИРЛУУД “ХОХЬ ЧИНЬ” ХЭМЭЭЖЭЭ-
Болсон хэрэг явдлын шүүх хурал болох үеэр түүний ажиллаж байсан барилгын компаний захирлууд “Шүүх хурал дээр гомдолгүй хэмээн мэдүүлвэл эмчилгээний чинь төлбөрийг асуудалгүй өгнө. Бид шоронд орчихвол төлбөрийг чинь хэн төлөх юм” хэмээн толгойг нь эргүүлж, гомдолгүй гэх мэдүүлгийг Н.Очирбатаар хэлүүлж чаджээ. Улмаар “Хурилдуур” ХХК-ийн “Эрин” эмнэлгийн захирал Ц.Алтангэрэл, “Баганат өргөө” ХХК-ийн дэд захирал О.Мөнхдалай нар шоронд суулгүй тэнсэн харгалзах шийтгэлтэй энэ хэргээс салсан байна. Гэвч тэд хэлсэндээ хүрээгүйгээр барахгүй “Хохь чинь” хэмээн тавлаж, ямар ч мөнгө төгрөг өгөөгүй аж. Тиймээс Н.Очирбат 2013 оны есдүгээр сарын 3-ны өдөр иргэний шүүхэд дахин өргөдөл гаргажээ.
Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх хурлаар шүүгчид хариуцагч болох “Хурилдуур” ХХК-ийн “Эрин” эмнэлгийн захирал Ц.Алтангэрэл, “Баганат өргөө” ХХК-ийн дэд захирал О.Мөнхдалай нараас 57 сая төгрөг гаргуулж өгөх, алданги болох 25 сая төгрөгийг бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гаргасан байна. Гэтэл дээрх компанийн захирлууд О.Мөнхдалай нар давж заалдах шатны шүүхэд гомдол гарган, шүүх хурлаар хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж, дарга нарт “худалдагджээ”. Иймээс Н.Очирбат дээд шүүхэд гомдол гаргасан байна. Улсын дээд шүүхийн шүүгч нар ямар шийдвэр гаргахаас шалтгаалж түүний гэр бүлийн амьдрал сүйрэх үү, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ.
-ЭР НӨХРӨӨ ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОХООР АРГАА БАРСАН БҮСГҮЙ ШОРОНГИЙН ХААЛГА ТАТАХ ДЭЭРЭЭ ТУЛААД БАЙНА-
Нулимсаа барьж ядан ярих Н.Очирбат хэлэхдээ “Хоёр хүүхэд минь хүнд байдалд орно гэж бодохоор үнэхээр хэцүү байна. Би энэ гэмтлээс болж эрүүл мэндээрээ дахин сэргэх боломжгүй болтлоо эрэмдэг зэрэмдэг болоод байхад Монголын тэргүүлэх барилгын компани гэх “Баганат өргөө”, “Эрин” эмнэлгийн захирлууд бие нь яаж байна гээд ирдэггүй юм аа гэхэд утсаар ч асуухгүй юм. Мөн шүүх хурлаас гарч ирээд инээд алдан “Хэргийг чинь хэрэгсэхгүй болгосон. Та нар яаж ч чадахгүй” гэж хэлсэн. Нөгөө монгол хүний минь хүн чанар хаачив, хагалгаанд орохдоо охиндоо дөнгөж гарсан нялх хүү тэврүүлээд, эхнэрээ дагуулаад хагалгааны орон дээр гарахад надад үгээр хэлэхийн аргагүй хэцүү байсан. Нийгэм өөрөө бухимдалтай байхад би хүртэл нэмэрлэх шаардлагагүй гээд хэвлэл мэдээллийнхэнд хандаагүй өдий хүрлээ. Гэвч амьдрал минь нүдэн дээр сүйрч байна шүү дээ. Үнэхээр гомдолтой байна” хэмээсэн юм.
Тэд Солонгос улс руу хагалгаанд явахдаа шүүхийн шийдвэрийг өөрсдийнхөө талд гарна гэдэгт бүрэн найдсандаа хадмынхаа хашаа байшин, машиныг хүртэл заржээ. Гэвч тэр мөнгө хаанаа ч хүрэхгүй байсан тул эхнэр нь Солонгосоос буцаж ирээд өгнө хэмээн гэрээ байгуулаад, нутгийнхаа танилаас 57 сая төгрөг зээлсэн юм билээ. Гэвч шүүхийг “худалдаж” авсан дарга нарт хулхидуулсан тэдэнд өрөө төлөх ямар ч боломж байсангүй. Мөнгө зээлсэн хүн уужуу сэтгэл гарган жил орчим хүлээсэн ч сүүлдээ тэвчээр алдаж, арга ядсандаа шүүхэд гомдол гаргажээ. Шүүхээс Н.Очирбатыг мөнгөө өгөхгүй бол залилангийн хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгана хэмээх хариу өгсөн байна. Ийнхүү эцэстээ эр нөхрөө хөл дээр нь босгох гэж аргаа барсан бүсгүй залилангийн хэргээр шоронгийн хаалга татах дээрээ тулжээ. Харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиур, мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан нэгэн сайхан залууг хүний хагас болгосон буруутан болох ангийн захирагч А.Батмөнхөд албан тушаал бууруулах л арга хэмжээ авчээ. Энэ шударга ёс мөн үү.
Эх сурвалж www.medee.mn Б.ЦЭЛМЭГ
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина