Эгчийн хайр


Найман дүүгийнхээ бүлээн амьсгалыг халуун галаас аварсан Н.Азжаргал охиныг асууж сурсан хүмүүс олон байна. Есхөн настай энэ бяцхан охин хичээлийн хэрэгсэл, сургуулийн бэлтгэлийнх нь мөнгийг олох гэж жимс түүж зарахаар ууланд явсан ээжийнхээ эзгүйд аюултай нүүр тулсан зоригтон юм.

Наймдугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших түүний гэрт гал гарч, Н.Азжаргал охин гэртээ хамт байсан, өөрийн төрсөн болон хамаатны 2-6 насны найман дүүгээ/галаас аварсан ч өөрөө 40 орчим хувийн түлэгдэлтэй үлджээ. Сайн санаат хүмүүсийн тусламжтайгаар Н.Азжаргал хотод ирж, анхны тусламжуудыг авч чадсан юм.

 

Н.Азжаргал нэг эгчтэй, гурван дүүтэй. Эгч нь ажил хийх насанд хүрсэн ч одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй. Ээж нь группт байдаг, ажил хийх боломжгүй. Тийм ч болохоор дөрвөн хүүхдээ хичээл номонд нь оруулахын тулд жимс түүж мөнгө олохоор болж, тэр өдөр хүүхдүүдээ орхин уул руу явсан байжээ.

 

Н.Азжаргал охин тухайн өдөр юу болсон талаар eagle.mn сайтын сэтгүүлчид ийн ярьжээ.

 

-Тухайн өдөр юу болсон юм бэ. Гэрт нь юунаас болж гал гарсан бэ?

 

-Манай ээж, эгч нар тухайн өглөө 08.00 цагт жимсэнд явсан. Хэд хоног бороо орчихсон гэр сэрүүхэн байсан болохоор би дүү нараа дааруулахгүй гээд гал асаах гэсэн чинь асахгүй байсан. Тэгэхээр нь гэрт байсан аавын бензинээс таглаагаар нь аваад гал руугаа хийтэл гэрээр харанхуй болоод гэрээр дүүрэн утаа болоод юу ч харагдахгүй байсан.

 

-Дүү нар нь гал гарахад гэрийнхээ хаана байсан юм бэ?

 

-Цонхны хажуугийн орон дээр зөөлхөн гээд үсэрч тоглож байсан. Тэд харанхуй болсны дараа тэндээсээ хөдлөөгүй. Аав, ээж гаднаас түгжээд явсан учраас цонхоо хагалах гээд гурван удаа цохисон ч хагараагүй. Тэгээд гэнэт цонхны хажууд хар алх байхыг хараад алхаар цонхоо нүдсээр байгаад хагалаад эхлээд 6 настай том дүүгээ гаргасан. Дараа нь бусад дүү нараа гадаа байгаа дүүдээ цонхоор зөөн гаргаад хамгийн сүүлд нь өөрөө цонхоор гарсан. Гадаа гарсныхаа дараа л өөрийгөө түлэгдсэнийг мэдсэн. Дотор байхад хар утаан дотор үс гэнэт шатахаар нь цохиод унтраасан.

-Танайд гал гарч байхад хүмүүс ирж тусалсан уу?

 

-Үгүй. Гал гарсан гэж мэдээгүй гэсэн. Би байшингаасаа гарч ирээд туслаарай гээд хашгирахад нэг хар ландтай ах ирээд манай хажууд байдаг эмч эгчийг дуудаад цугтаа эмнэлэг явсан.

 

Одоо түүний эмчилгээ үргэлжилж байна. Дүү нараа галын аюулаас аварч, өөрөө хүнд бэртсэн Н.Азжаргал охинд туслахыг хүсвэл та бүхэн Хаан банкны 568503124 тоот дансанд хандив өргөж, 91440607 дугаарын утсаар холбоо барьж болно.