”МАК”-иас ядуу ОБЕГ


Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажлаар явж байгаад ор сураггүй алга болсон геологичийг долоон өдөр эрж хайсны эцэст өнгөрсөн баасан гаригт цогцсыг нь олсон юм. Машин, мотоцикль, морь малаар хэдэн өдөр эрж хайсны дараа аргаа барсан ар гэрийнхэн нь “МАК”-ийн нисдэг тэргийг хувиараа хөлсөлж, эрлийн ажиллагаанд оролцсон гэнэ. Манай онцгой байдлынхан техник хэрэгсэл сайтайсан бол амьд байхад нь олчих байсан ч юм билүү гэх харуусал ар гэрийнхэнд нь төрж буй нь лавтай.

 

Сэлэнгэ аймагт голд унасан ээж, хүү хоёрыг гахай нүцгэн, нохой явган онцгой байдлынхан харсаар байгаад урсгаад алдчихсан хэрэг явдал ч хуучраагүй байгаа. Үер ус, гал түймэр, осол аваар, эрэл хайгуул бүхэнд онцгой байдлынхан хамгийн түрүүнд дайчлагддаг. Тэр утгаараа ажилчид нь ч туршлагатай, чадвартай байхаас гадна техник хэрэгслийн хувьд ч хангалт сайтай байх ёстой. Харамсалтай нь, манай онцгой байдлын салбар "МАК" гэдэг хувийн компаниас л ядуу байна гээд хэлчихэд бодит үнэнээс хол зөрөхгүй байх. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ан, гөрөө загас жараахай хөөхдөө унадаг нисдэг тэргийг нь гуйхаас өөр аргагүйд хүрсэн онцгой байдлын салбар ямар өрөвдмөөр байдалтай байгааг олон хэрэг явдал дахин дахин сануулсаар байна.

 

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын дарга Д.Намсрай “ОБЕГ-т өөрийн гэсэн нисдэг тэрэг болон онгоц байдаггүй. Бид шаардлага  гарсан тохиолдолд Зэвсэгт хүчний жанжин штабт хандаж онгоц, нисдэг тэрэгний түлшний мөнгө болоод зохих зардлыг нь өгч нисдэг. ОБЕГ-т яг ийм асуудалд зориулсан төсөв байхгүй” хэмээн ярьснаас харсан ч тэр манай онцгой байдлынхан өмнөөс нь халагламаар төсөвтэй газар бололтой. Саяхан гэхэд нийслэлд баруун дөрвөн зам, 40 мянгат хавьцаа зэрэг шахуу хоёр том гал гарахад Онцгой байдлын машин техник, хүн хүч нь хүрэлцэхгүй хэцүү байдалд байгаа харагдсан.

 

Амь тулсан асуудалд хүн нь техник хэрэгсэл нь ч бэлэн байх энэ салбар юуны төлөө онцгой хэмээх нэртэй билээ. Онцгой  байдлыг хариуцдаг гэдэг утгаараа аль нэг компаниас хөрөнгө мөнгө, техник хэрэгслийн хувьд ядуу байна гэдэг харамсмаар хэрэг биш гэж үү.

 

Сэлэнгэ аймагт гарсан ээж, хүү хоёрын хэрэг явдлаас сэхээ авсан бол Онцгой байдлын салбарынхаа төсвийг нэмэгдүүлж, техник хэрэгслээр хангахад анхаарал тавих ёстой байсан болов уу. Харамсалтай хэрэг явдал гарах бүрт “ядуу” гуйлгачин царайлдаг онцгой байдлын салбарт онцгой хангамж өгөхгүй юм бол “онцгой” хэмээн онцлох шалтгаан бий гэж үү.

Д.Намсрай дарга ярилцлагадаа “Хэдийгээр өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабт хандан нисдэг тэрэг авч болох хэдий ч тус байгууллагын бүх нисдэг тэрэг Халхын гол руу “Сэлэнгэ” сургуулилт болон Баян-Өлгий аймагт явагдаж байгаа АНУ-тай хамтарсан сургуулилтад ашиглаж байгаа учраас нисдэг тэрэг гаргах бололцоо байхгүй гэсэн.  Тиймээс бид ар гэрийнхэнд нь хувийн компанийн РС-6 маркийн нисдэг тэргийг санал болгосон” хэмээн учирласан байна лээ.

 

Найр наадам, баяр цэнгэлд хэдэн арван тэрбум төгрөгийг зарцуулж, морь бөхийг хэдэн зуун саяын машинаар байлдаг хэрнээ байгалийн гамшиг гэх мэт аливаа асуудалд бэлэн байх ёстой онцгой байдлын газар нэг ч нисдэг тэрэггүй, техник хэрэгслийн хувьд хувийн компаниас ядруухан байна гэдэг манай төр засаг энэ асуудал хэрхэн хандаж байгаагийн нэг илрэл гэлтэй. Нөгөө талаар, морь бөх гэхээрээ амиа тавьчих шахдаг манай баячууд хэдэн зуун саяар зэрлэг адгуус худалдан баярхаж байхаар энэ мэт буяны ажилд гар сунгавал илүү кайфтай баймаар. Энэ жил  118 сумын ой болсон бөгөөд төсвөөс нийтдээ 71 тэрбум төгрөг зарцуулжээ. Дээрх мөнгөөр ядаж л ганц нисдэг тэрэг худалдаж аваад онцгой байдлын салбартаа өгчихвөл хэн нэгэн хүний амь насыг аврахад буян болох бус уу.

 

Гал түймэр, үер ус, байгалийн гамшиг, элдэв осол аваар гарсан үед байнгын бэлэн байдалд байх ёстой  бүхэл бүтэн улсын онцгой байдлын салбар нь ганц нисдэг тэрэггүй,  төсөв мөнгөний гачигдалтай сууж байна гэдэг Монгол Улсын төр засгийн бодлого ямар байгааг харуулж буй явдал бус уу. 

 

Үнэ ихтэй түрээсийн унаагаар хөл залгуулдаг Монголын онцгой байдлын салбарыг онцгой харж үзэхгүй бол дахиад хичнээн хүний амийг аварч болох боломжийг бид харсаар байгаа алдах вэ?

Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж www.news.mn