Монгол залууг зодсон этгээдийг баривчилжээ


Испанийн цагдаа нар Барселона хотын метронд Монгол залууг зодож танхайрсан сэжигтэн өсвөр насны хүүг баривчилсан байна. Мөн өөр хоёр хүнийг түүнтэй хамтарсан хэрэгт буруутган байцаажээ. Хохирогч 25 настай Монгол залуу халдлагын дараа өнгөрсөн ням гаригт /VI.29/ Испанийн цагдаагийн газарт гомдол гаргасан аж. Испанийн цагдаагийн газраас сэжигтэний ямар үндэстэн болохыг мэдэгдээгүй боловч хэвлэл мэдээллээр түүнийг Орос гэж мэдээлжээ. Монгол залуугийн зодуулж буй гар утасны бичлэг өнгөрсөн ням гаригт “Twitter” сүлжээнд тавигдсаны дараа дуугиан тарьж, “YouTube” сайтад хагас сая хүн үзэж, Засгийн газрын албаныхан болон арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлах үзлийн эсрэг тэмцэгчдийн зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулсан аж.