Монголд дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг хэрэггүй гэж үү


“Ачлал трейд”-ийнхэн Японы хөрөнгө оруулалттайгаар орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Ачлал Оточ” эмнэлэг барихаар төсөл боловсруулж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд танилцуулснаар Баянзүрх дүүргийн 18 хорооны 13 дугаар хороололд газар олгожээ. Учир нь монголчууд бид монголдоо оношлогддоггүй, эмчлэх боломжгүй өвчнийг гадагшаа өндөр зардлаар явж эмчлүүлдэг. Гэхдээ дийлэнх нь зардал мөнгийг нь дийлэхгүй, амь насаа алдах тохиолдол ч олон байдаг. Харин “Ачлал-Оточ” эмнэлэг нь дэлхийн шилдэг технологи бүхий, олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн төсөл боловсруулж, нийт монголчууддаа үйлчлэхээр зориг шулууджээ. 

      Элдэв хорт хавдар газар авч, хэчнээн зуун сая төгрөгөөр гадагшаа явж эмчилж байгаа энэ үед монголдоо бага зардлаар эмчлээд эдгээх боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Тиймээс хотын дарга Э.Бат-Үүл ийнхүү нүдээ олсон зүйл хэмээн дүгнэж газар олгосон бололтой. Тодруулбал, нийгмийн сайн сайхны төлөө, эрүүл энхийн үйлсэд эрдэм мэдлэг, хөрөнгө зоорио зориулж байгаа хамт олныг Төрийн зүгээс дэмжсэн хэрэг л дээ. 


      Гэтэл сайн юманд саар мундахгүй гэгчээр гэнэт иргэн С.Энхцэцэг гэгч гарч ирээд “бидний барьж байгаа барилгын нарыг хааж барилга барилаа. Энэ нь хууль бус” хэмээн баахан үндэслэл зохиож зарга үүсгэсээр байгаад тус барилгын үйл ажиллагааг зогсоож дөнгөжээ. Уг нь “Ачлал-Оточ”-ийн барилга нь эмнэлгийн зориулалтаар, нийслэлийн Засаг даргын зөвшөөрлөөр, Хот төлөвлөлтийн газрын дүгнэж олгосноор баригдаж байгаа объект юм. Тодотговол, ямар нэгэн хууль зөрчөөгүй байхад ийн үйл ажиллагааг нь зогсоожээ. Нийгмийн сайн сайхны төлөө, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сайн үйл бүтээж байгаа хууль ёсны үйл ажиллагааг ганцхан иргэн зогсоочихно гэж үгүй хэмээн учир мэдэх нэгэн хэлж байгаа юм. Харин баримт сөхвөл иргэн Сайнжаргалын Энхцэцэг нь БЗД-ийн 18 дугаар хорооны 13 дугаар хороололд агуулахын зориулалтаар 160 квадрат метр талбайг олгосон бүртгэлийн гэрчилгээ байна. Агуулахын зориулалтаар шүү.

      Харин иргэн С.Энхцэцэгийн одоо босгож буй барига нь агуулахын бус лавтай найман давхар хана туурга босгочихсон байна лээ. Хамгийн гол нь “Ачлал-Оточ” эмнэлэгт төрөөс олгосон эрх ашгийг хөндөж, нийгмийн сайн сайхны төлөө бүтээн байгуулж байгаа хууль ёсны үйл ажиллагааг зогсооно гэдэг нь хэний ч сонирхлыг татна. Гэтэл баттай эх сурвалжийн хэлж байгаагаар бол иргэн С.Энхцэцэг гэгчийн ар талд шүүхийн томоохон албан тушаалтан байдаг аж. Тиймээс л төрийн эрх, хууль цаазын дээгүүр ийнхүү дураар тонгочиж байгаа бололтой. 


     Өнөөдөр бид Монголдоо төгс төгөлдөр эмчилгээ хийлгээд эдгэрэх боломж дүүрэн биш. Манайд оношилж чадахгүй, эмчилж болдоггүй өвчин тусах нь элбэг. Тиймээс бид элдэв хандив тусламж гуйж байдгаа барж гадаадад явж оношлуулж эмчлүүлдэг. Харин “Ачлал-Оточ” эмнэлэг нь энэ л зовлон зүдгүүрийг арилгахын төлөө бүхий л зүйлээ зориулсан нь төслөөс илт харагдана лээ. Дэвшилтэт технологиороо дэлхийд алдартай япончуудтай хамтарч байгаа нь ч санаандгүй хэрэг биш. Тиймээс нийт ард олныхоо өмнөөс сэтгүүлчид бид ч “Ачлал-Оточ”-ийг дэмжиж ажиллахаа дашрамд мэдэгдэе. 

     Агуулахын зориулалтаар авсан талбайд найман давхар хана туурга босгочихоод, эмнэлгийн зориулалтаар хууль ёсны босч буй барилгын үйл ажиллагааг зогсоож байна гэдэг цаанаа маш том нөлөөллийг харуулсан хэрэг. Өөрсдөө хууль бус зүйлээс ангид байж, нийгмийг цэвэршүүлж байх ёстой шүүх засаглалд ажилладаг гэх албан тушаалтанд нийт ардын эрх ашиг, эрүүл мэнд огт хэрэггүй бололтой.Эсвэл томоохон бизнесийн бүлэглэлийн эрх ашгийн үүднээс ийнхүү барилгын ажлыг зогсоов уу гээд хардах асуудал олон байна. Зарим нэг хэвлэл мэдээллээр агуулахын зориулалтаар баригдаж буй гэх барилгаа хууль ёсны эмнэлгийн барилгыг хууль бус хэмээн бичжээ. Бид эрүүл мэндийн салбар, Монгол Улсад оруулж ирж буй энэ том хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. Түүнээс бус хэн нэгэн бизнесмэний үгээр хөнгөн дүгнэж болохгүй. Өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт 50 шахам хувиар татарч, ерөнхийдөө зогсчихоод байна. 


     Ийм эгзэгтэй цаг үед ус агаар мэт хэрэгтэй эрүүл мэндийн салбарт гаднын хөрөнгө оруулж ирнэ гэдэг бол маш том амжилт. Тэгэхээр “Ачлал трейд”-ийн М.Билэгт гэх эмэгтэйд бид нийт монголчуудынхаа өмнөөс талархах ч ёстой, дэмжих ч хэрэгтэй. Гэтэл үйл ажиллагааг нь зогсоож дарамт үзүүлнэ гэдэг байж боломгүй зүйл. 

      Монгол Улсын Төрийн гурван өндөрлөгт зориулж манай эрүүлийг хамгаалахын нэрт зүтгэлтнүүд, алдартай эмч нар уриалга гаргаж байв. Үүнд “Өнөөдөр Монгол Улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа...” тухай дурдсан байна лээ. Тэдний энэ мэдэгдлийн агуулга нь ердөө л “Ачлал-Оточ”-ийн боловсруулсан төсөл, тэдний барьж байгуулахаар зорьж яваа эмнэлэг юм шүү гэдгийг дурдах нь зүйн хэрэг. Энэ тухайд ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж ажиллахаа мэдэгдэн уриалга гаргаж байв. Учир иймээс бидэнд хэн нэгний эрх ашиг хэрэгтэй юу, нийт ардад үйлчлэх сайн эмнэлэг хэрэгтэй юу гэдэг асуудал зүй ёсоор тулгарч байна. 

С.Баяр