О.Баасанхүү ХЗБХ-ны дарга болох уу


Монголын Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдал удахгүй нэг мөр нэг талдаа гарах бололтой.  Том төрөөс ухаалаг төртэй байх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагыг ард түмэн зуун хувь дэмжиж байгаа нь хэнд ч нууц биш ...

 

Харин үүнийг амьдрал дээр бодлогоор болон эрх зүй хүрээнд дэмжиж ажиллах нь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрх билээ. Тиймээс УИХ болон түүний дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагаа тасалдах учиргүй юм.

 

Өөрөөр хэлбэл давхар дээлнээс үүдэлтэй Засгийн газрын гишүүний томилгоо өнгөрсөн 7 хоногт нэг мөр шийдэгдсэн бол, зарим нэг хоёр байнгын хорооны даргын сандал, ширээний асуудал яригдаж эхэллээ.

 

Хөшигний ард “Хууль зүйн байнгын хороо”-ны дарга асан Ш.Түвдэндоржийн суудал дээр улстөрийн намууд өнгөрсөн өдрүүдэд багаггүй “марафон” өрнүүллээ. Тус суудал нь хуулиараа УИХ дахь АН-ын бүлэгт хамааралтай ч , УИХ дахь улстөрийн намын бүлгүүдийн сонирхолыг татаад байна. Тухайлбал, ХЗБХ-ны даргад УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэрийг дэвшүүлэх сонирхолтой байгаа тухай “бор шувуу” улс төрийн хүрээнийхний дунд хэдийнээ “жиргээд” эхэлчихжээ. Үүнийг нь УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг болон АН-ын удирдлага зарчмын хувьд урьдчилсан байдлаар бүрэн дүүрэн  дэмжих бололцоотой хэмээн албан бус байдлаар тохиролцжээ. Гагцхүү энэ улс төрийн тохироог нь МАХН-ын удирдлага нь дэмжих юм бол УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд ХЗБХ-ны дарга болох “ногоон” гэрэл нээлттэй юм байна. Тус бүлэг Д.Батцогт гишүүнийг алдсан шиг, мөн О.Баасанхүү гишүүнийг “бүлэг”-ээсээ тавиад туухыг хүсэхгүй байгаа бөгөөд түүнийг ХЗБХ-ны даргад УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн “бүлэг” нь нэр дэвшүүлэх сонирхолтой буйгаа  нуухгүй байгаа ажээ.

 

Дээрх улс төрийн намуудын хоорондох тохиролцооны нөгөө талд нь УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгийн мэдэлд байгаа “Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо”-ны дарга Д.Батцогтын суудлыг УИХ дахь АН-ын бүлэгдт ХЗБХ-ны даргын суудлын хариуд найр тавин өгөх бололтой. Өөрийн хүсэлтээр бүлгээсээ гарсан, сул гишүүн Д.Батцогтыг НББСШУБХ-ны даргын эрх мэдлээс нь чөлөөлөх сонирхол мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэгт байгаа нь хэнд ч нууц биш юм. Тиймээс эрхийнхээ дагуу дээрх хоёр байнгын хорооны даргын суудлыг УИХ дахь улстөрийн намын бүлгүүд наймаалцах замаар “тохироонд” хүрээд байгааг үгүйсгэх аргагүй юм.

 

Хэрэв улс төрийн энэхүү зарчмын гэмээр “нууц тохиролцоо” үнэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын улстөрийн нэгдмэл сонирхол, шийдэл нь “гал тэрэг”-ийг цааш нь явуулах эсэхийг шийдэх л үлдээд байна.

 

Дашрамд өгүүлэхэд ХЗБХ-ны даргын асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг дотроо хоёр хуваагдсан тухай зарим мэдээллийн хэрэгслүүд хэдийнээ мэдээллээд байна. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг МоАХ-оос зүтгүүлж байгаа бол, Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг мөн нэр дэвшүүлэх сонирхолтой буйгаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ дуулгаад амжжээ.

 

Юутай ч УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө ХЗБХ-ны даргын суудлыг эзэнтэй болгохоор УИХ дахь намын бүлгүүд идэвхтэй ажиллаж байна.

 

Г.Номин