Чавганцаас ч дор хэрүүлч Ц.Нямдорж


Монголын ард түмэн бүх нийтээр дагаж мөрдөх хуулийг тогтоодог бүрэн эрхтэй ганцхан субьект бол Улсын Их Хурал. 76 хүнээр энэ танхимыг дүүргэх сонгуулийн үеэр хүний хайлан, түмний дээдийг ард түмэн дэмждэг. Гэвч их ажил ид дундаа явахад танихгүй болтол өөрчлөгдөх нь цөөнгүй. Үгээр байлдаж, үзэл бодлоор уралддаг улс төрийн сунгаанд харилцааны соёл, хэлний боловсрол, хэн нэгнийг хүний дайтай хүндэтгэх ойлголт хөсөр хаягдах нь энүүхэнд. Түүний хамгийн том төлөөлөгчөөр УИХ-ын эрхэм гишүүн Ц.Нямдорж тодроод байна. УИХ-ын дарга, Хууль зүйн сайдаар ажиллаж явсан туршлагатай улстөрчийг бусдаас онцлон хүндэлмээр боловч амнаас нь чих дэлдийлгэм, гудамжны бүдүүлэг  үгс гарах нь элбэг. Ойрноос өдөр бүр ийм үг хэлж байхаар шийдсэн бололтой. Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “76 гишүүний сарын цалинг Баасанхүүгээр төлүүлэх үү, яадаг юм. Энэ яасан их тоглоомтой этгээд вэ. Оймсонд хав­чуулагдаж үсрээд орж ирсэн этгээд л дээ. Өөр Монголын төрд хийсэн гавьяа байхгүй” хэмээв. Мөн “Алтанхуяг аа, чамд гүн эмгэнэл илэрхийлье. Ийм хогийн новшнуудтай нийлж Монгол төрийг самарч байгаад чинь дахиад гүн эмгэнэл илэрхийлж байна. Заваарч байна, та нар” гэлээ. Түүний өмнөх өдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд үг хэлэхдээ “Мөн ч олон муу юм хийсэн дээ, Баттулга аа чи... Тэгээд чи энэ засгаас зайлж байгаад чинь баяр хүргэж байна. Энэ Засгийн газрынхан ядаж нэг ийм увайгүй амьтнаас салж байгаад талархал илэр­хийлье” гэж байв. 
Улстөрч хүнд үг хамгийн хүчтэй зэвсэг болдог ч үгэнд шалгуур, үйлдэлд хязгаар байх нь зүй. Түмэн олноор хүндлэн, биширдэг ордонд хэрүүл хийж, хэл ам үүсгэдэг нь Ц.Нямдорж гишүүн тодроод байна. Сайн, сайхнаар хэлүүлэх аргагүй ийм  онцгүй имиж улстөрчдийн дунд бүү халдварлаасай билээ.
Эх сурвалж: www.assa.mn