Emmy’s Award, үүнийг урлагийн ертөнц Оскар /кино урлаг/, Грэмми /дуу, хөгжим/, Тони /театрын урлаг/-ийн наадамтай жишдэг. Телевизийн салбарын дэлхийн шилдгүүдийг тодруулах хамгийн том наадам учраас энд ажилладаг, амжилтад хүрэхийг эрмэлздэг хэн бүхэн Эммийн тайзнаа цом барин зогсохыг мөрөөддөг юм.
Тэгвэл дэлхийн телевизийн хамгийн том наадам Эммийн авардсын шагналыг Монгол Улсын иргэн Н.Мөнхцэцэг хүртжээ. Тодруулбал, 2014 оны дөрөвдүгээр сарын 23-нд Америкийн телевизийн Академи /Emmy/-ийн Леонард Х.Голденсон театрын Алдрын танхимд монгол оюутан ур ухаан, авьяас билгээ үнэлүүлж, дэлхийн алдартнуудтай мөр зэрэгцэн зогссон байна.
Телевизийн академийн болон Эммийн сангаас жил бүр уламжлал болгон явуулдаг Их сургуулиудын Телевизийн шагнал гардуулах 35 дахь удаагийн ёслолын ажиллагаанд Америкийн кино академийн сангийн дарга Жерри Петри, удирдах зөвлөлийн гишүүд, мөн супер одууд хүрэлцэн иржээ. Мөн уран бүтээл нь академийн түвшинд үнэлэгдэж, нэр дэвшсэн оюутнууд ирсэн байв. Нэг зүйлийг онцлоход, Эммийн шагналыг заавал хүртэх биш үүнд өрсөлдөж, нэр дэвших нь ч нэр төрийн хэрэг болдог аж.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааг “Террористууд” киноны Женифер Кастлийн дүрээр анх алдаршсан жүжигчин Жессика Ст.Клэйр, “Танихгүй хүмүүс” киноны од Леннон Пархам нар хослон хөтөлсөн.
Түүнчлэн номинаци бүрийн шагналыг гардуулж буй эрхмүүд нь бүгд америкийн телевиз киноны одууд, нэрт зүтгэлтэнгүүд байсан. Тухайлбал, “Key and Peele” инээдмийн шоугаараа алдаршсан нэрт жүжигчид Кееган Майкл Кей, Жордан Пеел /Еммигийн шагналт жүжигчин/ нар, “Глее” ТВ шоуны од бас олон киноны оюуны хомсдолтой хүүхдийн дүрээр алдаршсан Лаурен Поттер болон Эймэд Гарсиа, Макс Греенфиелд, Матт Бомер , Скотт Волф нар байлаа.
Ийнхүү шагналтнуудыг тодруулахад, Дэлхийн бөмбөрцгийг хоёр гар дээрээ өргөн дээш тэмүүлж байгаа эмэгтэй хүний дүрс бүхий энэ нэр хүндтэй шагналын шилдэг Хүүхэлдэйн киноны номинацид “I’m possible” хүүхэлдэйн киноны продюссер Монгол Улсын иргэн Нандигжавын Мөнхцэцэг III байрын цомыг хүртэв. Тэрбээр Саваннагийн урлаг дизайны коллежид сурдаг ба сургуулийнхаа тэргүүний оюутнаар шалгарсан нэгэн юм. Түүнд Эммийн цомыг Америкийн хүүхэлдэйн кинонуудын супер од, “The Looney Tunes” цувралын Порки Пигийн дууг оруулсан, алдарт жүжигчин Боб Берген гардуулсан.
Телевизийн академи шилдгүүдийг шалгаруулахдаа шүүгчдийн шалгаруулсан бүтээл тус бүрт онлайнаар санал авдаг аж. Оюутны шилдэг бүтээлүүдийг зар сурталчилгаа, инээдмийн кино, хүүхэлдэйн кино, баримтат кино, шилдэг найруулга, алтернатив, хүүхдийн программ, жүжиг драм, сэтгүүл, шилдэг хөгжим, шилдэг цуврал зэрэг 17 номинацинэр дэвшүүлдэг юм байна.
Энэ том наадамд эх орныхоо нэрийг гаргаж чадсан Н.Мөнхцэцэг 2006 онд Улаанбаатар хотын I сургуулийг төгсөж, АНУ-ын Пюрдугийн /Purdue university/ Их сургуульд компьютор график технологийн мэргэжлээр суралцаж, онц дүнтэй дүүргэсэн. Тэнд суралцах хугацаандаа сургуулийн шилдэг оюутнаар шалгарч байсан аж. Улмаар АНУ-даа эхний гуравт багтдаг, Саваннагийн урлаг дизайны коллежид мэргэжлээрээ суралцаж байна. Тэрбээр оюутнууд дундаас шалгарч, өдгөө НАСА-гийн / АНУ-ын Үндэсний сансар судлалын төв/ төсөл дээр ажиллаж байгаа.
Эммийн наадмын Их сургуулиудын телевизийн шагналыг Америкийн Телевизийн академаас залуу авьяастнуудыг урамшуулах, алдаршуулах зорилгоор бий болгожээ. 1980 оноос эхлэн ёслолын арга хэмжээг нь тасралтгүй зохион байгуулж ирсэн ба энэ жилд гэхэд 100 гаруй их сургуулийн 1000 гаруй оюутны бүтээл ирсэн байна.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна