Малайз MH370 нислэгийн мэдээллийг дэлгэнэ


Учир битүүлгээр сураггүй болоод сар хагасыг үдэж буй Малайзын агаарын тээврийн МН370 нислэгтэй холбоотой нарийн мэдээллийг зорчигчдын ар гэрийнхний хүсэлт, басхүү шахалтаар олон нийтэд дэлгэхээр болсон тухай Малайзын Ерөнхий сайд мэдэгджээ. CNN телевизэд өгсөн ярилцлагадаа Малайзын Засгийн газрын тэргүүн Нажиб Разак нислэгтэй холбоотой тайлан мэдээллийг ирэх долоо хоногт нийтэд дэлгэнэ гэсэн байна. “Нислэгийн тайлан мэдээн дээр ажиллаж буй мэргэжилтэн, мөрдөн байцаагчдад Ерөнхий сайдын хувиар тусгай үүрэг өгсөн. Ирэх долоо хоногт тайланг дэлгэх боломжтой” хэмээн Нажиб Разак ярьжээ. 


Малайзын албаныхан өнгөрсөн хугацаанд багагүй шүүмжлэлд өртсөн. Boeing 777 онгоцонд зорчиж явсан 227 зорчигч, нислэгийн багийн 12 гишүүний ар гэрийнхний зүгээс тэднийг нарийн мэдээллийг нууцалж байгаа, зорчигчдын ар гэрийнхэнтэй ойр дотно харилцаа үүсгэж, хамтарч ажиллах бус дайсан мэт үзэж байгаа зэргээр шүүмжилж байсан юм. “Үйл хөдлөл үгнээс ч илүүг илэрхийлж чадна” хэмээн MH370 нислэгт зорчиж явсан Филип Вуд гэгчийн найз бүсгүй Сара Баяк хэлээд, “Би шөнө бүр хар дарж, өглөө болгоныг нулимстай угтдаг. Гэтэл албаны хүмүүс ар гэрийнхнийг ойлгодоггүй. Ерөнхий сайд индэрт гарч ирээд, хэн нэг мэргэшсэн пи-арчны бэлтгэсэн товч мэдээг уншдаг. Гэтэл тэр товч мэдээлэл гэдэг үнэхээр инээдтэй. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг биз дээ. Ар гэрийнхний тэвчээр алдагдаж байна” хэмээн CNN телевизэд ярьжээ. Түүнчлэн онгоцонд зорчиж явсан Хятадын зорчигчдын ар гэрийнхэн түр зөвлөл байгуулсан бөгөөд тэд Хятадын “Weibo” сошиал медиа сайтаар хариулт нэхсэн 26 асуултыг Малайзын албаныханд хаяглан тараажээ.

 

Харин Малайзын албаныхны зүгээс нислэгтэй холбоотой мэдээллийг нууж, хаасан зүйл байхгүй, учир нь үл олдох асуултын хариуг олохоор хичээж байгаа гэх тайлбар өгч буй юм. 

 

ЗОРЧИГЧДЫН АР ГЭРИЙНХЭН “BOEING”-Т ХАНДАНА ГЭВ

 

Сураггүй болсон онгоц бол Boeing 777. 

 

Малайзын албаныхнаас нарийн ширийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардахаас гадна зорчигчдын ар гэрийнхэн техникийн талаас зарим нэг мэдээлэл авахыг хүсч буй аж. “Boeing” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх долоо хоногт товлогдсон бөгөөд үүнээс өмнө Малайзын агаарын тээврийн компани, Малайзын Засгийн газраас сураггүй болсон онгоцны хэрэгтэй холбоотой тайланг дэлгэхгүй бол зорчигчдын ар гэрийнхэн шууд “Boeing” компанид хандах болно гэжээ. 

 

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор CNN-д ирүүлсэн мэдэгдэлдээ “Boeing”-ийн хэвлэлийн албанаас “Малайзын агаарын тээврийн 370 нислэгээр зорчиж явсан бүх зорчигчдын ар гэрийнхэн, ойр дотны хайртай хүмүүст гүнээ харамсч буйгаа илэрхийлье. “Boeing” компанийн зүгээс АНУ-ын Үндэсний тээврийн зөвлөлтэй хамтран ажиллаж, техникийн зөвлөхөөр ажиллаж буй бөгөөд мөрдөн байцаалттай холбоотой бүхий л асуудалд зохих үүргээ идэвхийлэн биелүүлж байгаа” гэж мэдэгдсэн байна. 


ЭРЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР...



 

Далайн гүн дэх эрлийн ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж байгаа. Онгоц олдоно гэсэн итгэл найдвар ч хэн хүнгүй бүгдэд нь бий. Австралийн эргийн ойролцоогоос олдсон метал биет онгоцны сэг байж болзошгүй гэх мэдээлэл гарсан ч удалгүй MH370 нислэгтэй холбоогүй болж хувирсан юм. 

Эрлийн ажиллагааны гол цөм болсон Bluefin-21 робот шумбагч өчигдөр Энэтхэгийн далайд 12 дахь даалгавраа гүйцэтгэв. Харамсалтай нь, сэжүүр илрүүлж чадсангүй. “Онгоцыг олох боломж аравт ердөө ганц” хэмээн далай судлаач Жулес Жафф хэлжээ. Өөрөөр хэлбэл, онгоц олдох магадлал ердөө 10 хувьтай гэсэн үг. Үнэндээ ч онгоц осолдсон байж болох бүс нутгийн 90 хувийг самнаж дууссан, гэвч одоогоор өчүүхэн төдий ч ул мөр олж чадаагүй л байна.

Сураггүй болсон Boeing 777-200ER онгоцыг эрэн хайх ажиллагаа өнөөдөр 49 дэх хоногтоо үргэлжилж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Малайзын нийслэл Куала-Лумпур хотоос Бээжинг зорин хөөрсөн уг онгоцонд 239 хүн зорчиж явсан билээ. Тэдний 227 нь зорчигч, үлдсэн 12 нь нисэх багийн гишүүд. 


ОДОО ЯАХ ВЭ?

Малайз болон Австралийн албаныхны зүгээс онгоцыг олох хэдэн сар, магадгүй хэдэн жилийн хугацаа ч шаардагдаж мэдэх тул урт хугацааны төлөвлөгөө гаргажээ. Өнгөрсөн хугацаанд хайгуул хийсэн газар нь онгоцны туулсан байж болох сүүлчийн 600 орчим км газрыг хамарч буй гэнэ. Хэрэв эрлийн ажиллагааг улам бүр өргөжүүлж, онгоц нисч өнгөрсөн бүх газрыг самнана гэвэл одоо ашиглаж буйгаас хавьгүй илүү багаж, төхөөрөмж, зардал мөнгө, дээр нь цаг хугацаа хэрэгтэй болох нь гарцаагүй. 

Хөндлөнгийн экспертүүд эрлийн ажиллагаанд тус дэм болох зарим нэг хувилбар, санаа дэвшүүлж байгаа ба эрлийн багийнхантай хамтран ажиллаж буй гэнэ. Онгоц чухам хаанаас хаа хүртэл ниссэн, аль хавьд осолдсон байж болзошгүй зэргийг тогтоох нь шинжлэх ухаан биш, гагцхүү тооцооллыг зөв хийж, ойлгох л хэрэгтэй гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. 


ЯАГААД НУУЦЛАХ ЁСТОЙ ГЭЖ?

 

Дэлхийн улс орнууд дотроос Малайз ил тод, нээлттэй байдлын хувьд тийм ч дээгүүрт бичигдэхгүй. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд ганцхан нам засгийн эрхийг барьж байгаа, хэвлэлийн эрх чөлөө тийм ч хангалттай бус. Үүргийнхээ хувьд Малайзын кабинетээс МН370 нислэг сураггүй болсон хэрэгт олон улсын шинжээч, мөрдөн байцаагдчын баг ажиллуулахыг зөвшөөрсөн нь сайшаалтайд тооцогдож байна. 

Энэ талаар тус улсын Тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч Хисхаммуддин Хуссейн мэдэгдэж, эрлийн ажиллагаанд оролцож буй олон улсын багийн гишүүдийг ирэх долоо хоногт нийтэд зарлана гэжээ. Түүний хэлснээр олон улсын баг Малайзын цагдаагийн газрын удирдлага дор мөрдөн байцаалтын бүхий л шатанд биечлэн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байж болох хэрэг дээр ажиллаж байгаа гэнэ. “Хамгийн гол зорилго бол ослын шалтгааныг эцэслэн тогтоох явдал” гэдгийг сайд онцолжээ.