Өмнөд Солонгосын эргийн хамгааллын цэргүүд живсэн хөлгөөс гаргасан зорчигчдын цогцсыг нэг нэгээр нь Жиндо арал руу зөөсөөр байна. Ийнхүү Чежүг чиглэн явах замдаа осолдсон “Севол” гатлага онгоцны ослоор амь үрэгдэгсдийн тоо өдгөө 104 болжээ. Ослоос 174 хүнийг аварч чадсан юм. Гэвч “Севол” хөлөгтэй хамт далайн хүйтэн усан дор долоо хонож буй 200 орчим зорчигчийг олж, аврах ажил үргэлжилсээр байна.

Цагаан даавуугаар ороосон хохирогчдын цогцсыг арал дээр авчирсныхаа дараа эрэгтэй, эмэгтэйгээр нь ялган хоёр өөр асарт оруулж буй ажээ. Үүний дараа зөвхөн зорчигчдын ар гэрийнхнийг оруулж, цогцсыг таниулж буй ажээ. Хохирогчдын ар гэрийнхэн цогцос таниулах майханд ороод эхний хэдэн минутанд нам гүм байх боловч удалгүй цөхөрч, харууссан нэгний уйлж, хашгирах дуун хадах нь элэг эмтрэм. “Бид чамгүйгээр яаж амьдрах болж байнаа. Чи яагаад ээж, аав/ үр хүүхэд/ эмээ,өвөөгөө орхиод явчихав аа” хэмээн орилоход бусад хүмүүс дагаж уйлан байдал маш хүн, эмгэнэлтэй байгааг Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Үр хүүхдээ алдсан эцэг эхчүүдийн зарим нь хохирогчдыг хараад шууд таньсан ч итгэхийг хүсээгүйдээ ДНК-ийн шинжилгээ хийлгэхийг шаардаж буй гэнэ. Энэ бол өнгөрсөн лхагва гаригаас хойш Жиндо арал дээр өрнөж буй зүрх шимшрэм үзэгдэл. Өнгөрсөн долоо хоногт бол зорчигчдын ар гэрийнхэнд хөлөгтэй хамт живсэн хүмүүс амьд гэх өчүүхэн ч болов найдвар байсан юм. Харин одоо далайн хүйтэн усан дор олон хоносон зорчигчид амьд байх боломжгүй гэдгийг төрөл төрөгсөд нь ухаарч эхэлжээ.
“Севол” хөлөг өнгөрсөн лхагва гаригт /IV.16/ осолдож живсний дараа 300 гаруй зорчигч далайд сураггүй болсны 250 орчим нь 17-18 насны ахлах сургуулийн сурагчид байсан юм. Сөүлийн ойролцоо орших Ансан хотын Данвон ахлах сургуулийн 350 гаруй сурагч, багш нар Чежү арал дээр дөрөв хоног амрахаар “Севол” гатлага онгоцонд суусан байсан. Хөлгийн багийнхны буруутай үйлдлийн улмаас гатлага онгоц живж, олон зорчигчийг эсэн мэнд аврах боломжийг хаасан гэдэг нь нэгэнт илэрсэн. Тиймээс Өмнөд Солонгосын мөрдөн шалгах албаныхан ахмад И Жун-Сук, хөлгийг жолоодож явсан 26 настай далайчин болон бусад багийн гишүүдийг баривчлан хорьсон байна. Хөлгийн ахмад гатлага онгоц живж эхлэхэд зорчигчдыг далай руу үсрэхийг хориглосноос болж, олон зуун хүн хөлөгтэй хамт живсэн юм. Үүгээр ч барахгүй тэд айж балмагдсан зорчигчдыг ардаа орхиод амиа бодон зугтсанаараа хохирогчдын үхэлд шууд бусаар буруутгагдаж байна.
Өмнөд Солонгосын эртнээс уламжилж ирсэн ёс заншлын дагуу хүүхэд, залуучууд нь ахмад, дээд албаны хүмүүсийн үгээс сөрдөггүй. Тэдний энэ үнэлүүштэй “дуулгавартай” зан чанар амийг нь авах юм гэж хэн ч төсөөлөөгүй биз.




Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна