1996-2000 онуудад “Ардчилсан холбоо” эвсэл засгийн эрхэнд гармагц дөрвөн жилийн дотор дөрвөн ч удаа Засгийн газраа огцруулж, урьд хожид байгаагүй дуулианыг тарьж байсан билээ. Тиймээс АН-ынхны хувьд Засгийн газрыг унагах гэдэг нь эртнээс хийж, гаршсан тоглоом гэж хэлж болох юм. Өнгөрсөн оны сүүлчээр Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах гэж МАН-ын бүлэг хэрэндээ л хичээсэн. Гэвч гишүүдийн олонхийн саналыг авч чадалгүй ийнхүү асуудал түр зуур намжсан билээ.
Шинэ жил, Цагаан сар гэсэн хоёр том баярын уур амьсгалд энэхүү асуудал нэг хэсэгтээ дарагдсан боловч Цагаан сараар байдгаа гөвсөн монголчууд “ноён” долларын ханшийн өсөлтөөс болж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хаданд гарсны дараа л нэг юм ухаан орцгоолоо. Чингээд олон нийт өөрсдийн амьдралыг урьд урьдахаас илүү дампуурлын байдалд хүрсэний гол буруутныг түвэггүйхэн тодруулсан нь мөнөөх л Шинэчлэлийн гэх Засгийн газар болж таарлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхимд Монголын эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн нөхөд цөөнгүй байна.
Өдгөө ажил унагасан “шилдэг” сайд нарын жагсаалтыг тэргүүлэгчдийн дотор мөнөөх “Фортуна” Н.Батбаяр, Ч.Улаанаас гадна Уул уурхайн сайд Д.Ганхуягийн нэр зүй ёсоор оржээ. Хожмын эрсдэлийг тооцолгүй гадаадын хөрөнгө оруулагчдын өөдөөс салаавч гаргах нь холгүй томорч, Оюутолгойн гэрээг гацаанд хийсэн Д.Ганхуяг сайд өнөөдрийн Засгийн газрыг ганхуулах асуудалд томоохон үүрэг гүйцэтгэжээ. Хэвлэлээр өрнөж буй шүүмжлэлт мэдээ, мэдээлэл, нийтлэлүүд ажлаа мэддэггүй дээрхи эрхмүүдийг гүн нойрноос нь сэрээсэн ч Монголын ард түмэн энэ жилдээ лав сэхэл авахааргүйгээр хүндхэн байдалд орлоо.
Уул уурхайн сайд Д.Ганхуягийн буянаар Оюутолгой, Тавантолгой, Ухаа худаг зэрэг томоохон уурхайнууд зогсонги байдалд орсноор ажилгүйчүүдийн эгнээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Харин эдгээр ажилгүйчүүдийн эрх ашгийг хамгаалах учиртай Монголын Үйлдвэрчний Эвлэл таг чиг суусаар л байна. Тус байгууллагын одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нь УИХ-ын гишүүн болсон С.Ганбаатарыг бодвол ажлаа хийж чаддаггүй нэгэн бололтой. Энэ хүн өнөөдөр эдийн засаг зогсонги байдалд орсноос хойшхи бүхий л салбарын ажилгүйчүүдийн тоог зарлаж, үүний цаана учирч буй гэм хорыг арилгах тал дээр Засгийн газартай эрс үзэлцэх учиртай албан тушаалд уг нь томилогдсон нэгэн билээ.
Ахуйн хэрэглээний жижиг зээлээс авахуулаад хашаа, байшин, орон сууцны зээлд хамрагдсан салбар салбарын ажилгүйчүүд хэрхэн банкны өрөнд дарагдаж, хэдэн сараар өр зээлээ төлөлгүй, өөрийн буруугаас биш төр, засгийн буруутай үйл ажиллагаанаас болж бүхий л сэтгэл санаа болон эд зүйлээрээ хохирч буйг үнэлэх аргачлал ч үгүй байна. Геологчид гурван өдөр хуралдаж, уул уурхайн уналтад орсон салбарыг хэрхэн босгох талаар төр, засагт дуу хоолойгоо хүргэсэн ч энэ бүхнийг шийдвэрлэх тал дээр Уул уурхайн яам дорвитой ажил хийх эсэх нь тодорхойгүй хэвээр үлдэв.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо