Гэр бүлийн хүчирхийлэл цуврал аллага шиг үргэлжилж байна

Admin
16 цаг 9 минутын өмнө

Монгол Улсын эрхэм Ерөн­хийлөгч өө манай улсад гэр бүлийн хүчирхийлэл гэгч аймшиг дээд цэгтээ хүрэх нь. Учир нь гэр бүлийн хү­­чир­хийлэлтэй холбоотой гэмт хэрэг ар араасаа эрчим­жиж, цуврал аллагын шинж­­­­тэй үргэлжлэх боллоо. Гэр бүлийн хүчирхийлэлтэй 18 жил тууштай тэмцэж ир­­сэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөнд төрөөс ямар ч тусламж дэмжлэг бай­­даггүй нь нууц биш.

 

Хамгийн гол нь энэ хэр­гийн хохирогчид ердөө л хүчин мөхөс, дорой буурай охид эмэгтэйчүүд байгаа нь нийгмийг тэр чигт нь айдас, хүйдэст автуулаад байна. Хамгийн ойрын нэг жишээ дурдахад найз залуудаа 48 цаг зодуулж амиа алдсан талийгаач Б.Цэдэн-Ишийн үхлийн шалтгааныг тод­руулах зорилготой да­хин шин­жил­гээний хариу өнгөр­сөн даваа гараг буюу 24-нд гарсан.

 

Гэтэл түүний үхлийн шалтгааныг “Их хэмжээний дотуур цус алдалтгүй, элэг нь няцарч бяцарсан зүйл байхгүй” гэсэн анхны дүг­нэлттэй ижилхэн гар­сан нь маш олон хүний эг­дүүц­лийг төрүүлээд байгаа юм. Товчхондоо шүүх эмнэлгийн эхний шат­­ны шинжээ­чийн дүгнэлтийг хоёр дахь шатны шинжээчид дахин баталлаа гэж ард түмэн хардаж эхэлжээ гэсэн үг.

 

Тодруулбал шүүх эмнэл­гээс “Үхсэн хүн үг хэлэх биш” гэсэн сэтгэлээр хан­даж, хөөр­хий цэл залуугаараа бурх­ны оронд оч­сон бүс­гүйн шарилыг хоёр ч удаа хөндчихөөд эцэст нь мэргэж­лийн үүднээс то­хуурх­­­сан мэт хачирхалтай дүг­нэлт гаргаж болох уу гэж асуу­х хүн ч олон байгаа юм.

 

Уг нь Г.Алтанхүү гэгч нь ардаа татаас ихтэй нө­хөр бүсгүйг хоёр өдрийн турш зодож амь насыг нь хохироосон нь энгийн нү­дээр харахад л илт байсан гэдэг. Талийгаачийн бие нь бүхэлдээ бяцартлаа зо­дуулж, шоконд орсон байдал­тай­гаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очсон байдаг. Энэ хэргийн анхны мэдээллийг тус эмнэл­гийн эмч нар цагдаад мэдэгд­сэнээр олон нийтэд ил бол­сон. Уг нь талийгаачид анх хагалгаа хийсэн гэмт­лийн эмч Цэнд-Очир үх­лийн шалт­гааныг “гадны нө­лөө­тэй” гэж шууд хэлсэн байдаг юм билээ.

 

Товчхондоо эмч нар та­лийгаачийн ар нуруу, хон­гонд үүссэн цус ху­ралтуудад “Аймшигтай” гэ­сэн товчхон тодор­хойлолт хий­сэн нь одоо ч хадгалаастай байгаа гэсэн.

 

Г.Алтанхүүгийн гэр бүлийнхэн шүүх эмнэлэгт нөлөөлсөн үү

 

Гэтэл шүүх эмнэлгийн­хэн дотуур цус алдалтын шалтгааныг нь тодруу­лал­гүйгээр элэг задарснаас цус алдсан гэж үзээд байгаа аж. Тэгээд ч энэ бүхнийг хагалгаа хийсэн эмч нар нь хэвлийн хөндийн битүү гэмтэл гэж оношилсон гэдэг.

Тиймээс гэрчүүдийн анх­ны мэдүүлэг дээр үндэс­­лэн “зандалчин” Г.Алтанхүүг цагдан хорих 461 дүгээр ангид хорьж эхлэсэн. Түү­нийг хоригдсоны дараа ар гэрийнхэн нь хохирогчийн гэрийнхнийг удаа дараа дарамталж, эрх мэдэл, та­нил талаа ашиглан энэ айм­шиг­тай хэргийг замх­руу­лахаар хууль бус олон үйлдэл хийсний нэг нотолгоо нь сая гарсан шүүхийн шин­жилгээний хоёр дахь хариуд талийгаачийн өмгөөлөгчид болон ар гэрийхэн ихээхэн эргэлзэж эхлээд байгаа юм.

 

Тухайлбал сэжигтний ар тал талий­гаа­чийн шүүх эм­нэлгийн шинжилгээний ха­риуг элэг цөсний үрэвсэл гэсэн дүгнэлт болгуулж дөн­­гөсөн аж. Уг­таа бол эрүүл са­руул биетэй залуу хүн элэг цөс­­ний үрэвслийн улмаас 2-3 хоногийн дотор амь насаа алдана гэдэг байж боломгүй дүгнэлт гэдгийг хүн болгон хэлээд өгнө.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин нягтлах үүргийг өгсөн

 

Гэтэл яагаад хэмхэртлээ зодуулж энэ ертөнцөөс цаг бусаар буцсан талийгаач бүсгүйн үхэл гэнэтхэн л “гадны нөлөөгүй” гэсэн шин­­жилгээний хариутай бо­­лоод байдаг хэрэг вэ. Үнэн чанартаа бол эхний зад­­­лан шинжилгээний ха­риу гарсны дараа олон нийт болон талийгаачийн ар гэ­рийнхний хүсэлтийн да­гуу үнэн мөнийг олохоор Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж дахин нягтлах үүргийг холбогдох албаныханд өгснөөр энэ хэрэг зөв шийдэгдэх замдаа орлоо гэж нийт хүлээсэн. Гэтэл улсынхаа Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг үл ойшоож, илтэд мушгисан ийм дүгнэлт гаргасан шүүх эмнэлгийн шинжээч нарыг дахин шалгуулах нь зүйн хэрэг гэдгийг олон хүн биднээр дайн уламжлуулж байна.

 

Уг нь холбогдох албаны зарим хүн шүү­хийн шин­жилгээний хариу 14 хоногт гардаг гэж хэлж байсан. Гэтэл бүтэн хоёр сар шахам болж байж хүн итгэхийн аргагүй дүгнэлт гаргасанд Монголын ард түмэн цахим хуудсуудаар өөрс­дийн бу­химд­­сан санаа бодлоо илэр­хийлэх боллоо.

 

Сүүлийн үед шүүх эмнэлгийн дүгнэлт хөнгөн гэмтэл, гадны нөлөөгүй гэж гардаг болсон

 

Ер нь гэр бүлийн хүчир­хийллийн золиос болж амь насаа алдсан тохиолдолд ихэвч­лэн шүүх эмнэлгийн дүгнэлт нь хөнгөн гэмтэл, гадны нөлөөгүй гэж гардгийг илчилсэн хэд хэдэн ноцтой баримт илэрч эхэлснийг хүний эрхийн хуульч М.Ичин­норов баримттайгаар гаргаж тавьсан. Тодруулбал нэгэн баримт дурьдахад энэ сарын эхээр 50 настай дөрвөн хүүхдийн эх О.Уранчимэг гэх эмэгтэй мөн л хамтран амьдрагч Ч.Нацагдорж гэг­чийн гарт амь насаа алд­сан. Түүний үхлийн шалт­­гаан нь бас л зодуураас үүдэлтэй.

 

Ч.На­цаг­­­дорж талий­гаа­чийн зүүн хацрыг хутгаар зүссэний улмаас маш их цус алдаж эмнэлэгт ухаангүй ес хоног байсаар амьсгал ху­раажээ. Гэтэл шүүх эмнэл­гийн шинжээчийн дүгнэлт бас л хүн итгэхэд ч бэрх зүйл гаргажээ. Өөрөөр хэлбэл Шүү­­хийн шин­жилгээний үн­­дэс­ний хүрээлэнгийн шүүх эм­нэлгийн эмч Г.Цэцэг­маа­­­­гийн гарын үсэгтэй дүг­нэлтээр “Хөнгөн гэмтэл, хөдөл­­­мөрийн чадвараа ямар хэмжээгээр алдах нь ­, ухаан алдалт бол түр зуурынх” гэж тун зоригтой дүгнэсэн байгаа юм.
Хэргийн газарт байсан их хэмжээний цус алдалтыг талийгаачийн үр хүүхдүүд баталгаажуулж авсан боловч үүнийг нь мөрдөн байцаалтын явцад авч хэлэлцээгүй тө­дийгүй хэргийн газарт үзлэг шинжилгээ хийгээгүй зэрэг нотолгоо, баримт ч байгаа юм.

 

Чухам яагаад талийгаач нар зэрлэгүүдийн гарт амиа алдсан нь тодорхой байхад хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид хэт нэг талыг барьж, гэмт хэрэгтний талд шийдвэр гарган тэднийг хаацайлаад байгаа нь үнэхээр сонирхолтой. Түүнч­лэн өнгөрсөн оны ес­дүгээр сард 21 настай бүсгүй Ж.Мөнхчимэг мөн л хамтран амьдрагч Ж.Мяг­мар­дорж гэгч этгээдийн гарт амиа алдсан гэдгийг бүсгүйн ар гэрийнхэн ба­римт нотолгоотойгоор дэл­гэн тавьсаар байгаа. Гэтэл Дархан-Уул аймгийн цагдаа­гийнхан бас л хэргийг сайн шалгалгүй хэрэгтнийг өм­­­гөөлж, цагдан хорих арга хэмжээ авалгүй бай­саар өнөөдрийг хүрсэн.Товч­хондоо энэ бүхний ард хохирогч нь эмэгтэйчүүд төдийгүй хүүхдүүд, гэр бү­лийн гишүүд байдаг нь нууц биш.

 

Тэгэ­хээр монголын хуу­лийн бай­гуул­­лагынхан хэ­ний талд үйлч­лээд байгаа нь дээр болсон хэргүүдээс тодор­хой харагдаж байгаа юм.

 

Шүүхийн Үндэсний хүрээлэн хэний талд ажиллаад байна вэ

 

Товчхондоо гэр бүлийн хүчирхийллээс болж амиа алдсан хохирогчдод хийсэн задлан шинжилгээний дүг­­нэлт бүгд өвчний ул­маас гэж гарах боллоо. Тэгэхээр Шүүхийн Үндэсний хүрээ­лэнгийн шүүх эмнэлгийнхэн хэний талд ажиллаж яагаад ийм хачирхалтай хариу удаа дараа гар­­гах болов гэдэгтээ тодорхой хариулт өгөх цаг нь болжээ.

 

Төр зандалчдад төмөр нударгаа харуулах ёстой

 

Тэгээд ч тэдний зүгээс ШШҮХ-гээс хэрэг мөрдөн байцаах шатандаа явагдаж байгаа учраас шүүх шин­жил­гээний хариуг үзүүлэх боломжгүй гэж бидэнд байнга хэлдэг.

Тиймээс олон айл өрхийг хагацалд унагааж байгаа дээрх зандалчдад төр төмөр нударгаа харуулахгүй бол магадгүй өнөөдөр миний ойр дотны хүмүүс ч энэ төрлийн гэмт хэргийн золиос болохыг үгүйсгэхгүй юм.

Эцэст нь хэлэхэд та­лийгаач Б.Цэдэн-Ишийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг гар­­гасан ШШҮХ-гийн дэд даргаар ах­луул­сан багийг дахин шалгах ёстой гэж олон нийт үзэж байна. Ерөн­­хийлөгч өө зовж ша­налсан олон мянган охид бүс­гүйчүүддээ эцэг хүний ёсоор тулхтайхан шиг туслах цаг нь ирсэн бололтой.

Р.Саруул

Эх сурвалж: