Эрүүгийн цагдаагийн газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээс АНУ-ын иргэн Маанао Патрик Иөрл /Maanao Patrick Earl/ гэгч нь Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газруудад тайчих үзүүлбэр үзүүлдэг монгол охидыг Номхон далайд орших Сайпан арал руу худалдаалах гэж байсныг илрүүлжээ. Эрүүгийн цагдаагийн газрынхан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газар, УМБГ-тай хамтран энэ сарны 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрээс сэжигтэн АНУ-ын иргэн Маанао Патрик Иөрлийг баривчилсан байна. Эрүүгийн цагдаагийн газрынхан охидыг Сайпан арал руу худалдаалахаар бэлтгэж байгаа талаарх мэдээллийг таван сарын хугацаанд баримтжуулсны эцэст сэжигтэй этгээдийг ийнхүү саатуулсан байна.

АНУ-ын иргэн Маанао Патрик Иөрл нь 1973 онд Тайвань улсад төрсөн, 40 настай, америк гаралтай нэгэн юм байна. АНУ-ын Сайпан аралд оршин суудаг байж болзошгүй тэрбээр 2008 оны наймдугаар сарын 18-нд Монголд ирж, Монгол Улсын иргэн Ө-тэй хамтран амьдарч, хоёр хүүхэдтэй болжээ. Тэрбээр Монголд эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэл эдэлж байсан эсэх нь тодорхойгүй нэгэн аж.
Түүний амьдарч байсан газарт үзлэг хийхэд цүнх, эд зүйлсээс нь Сайпан арал руу хил давуулахаар зэхэж, бэлтгэсэн 11 монгол охины бичиг баримтаас гадна шинээр таван охины визэнд орох материал, охидын нүцгэн фото зургууд олджээ.

Тэрбээр 2006 оноос хойш хэд хэдэн удаа Сайпан арал руу монгол охидыг хил давуулан худалдаалсан, хамтран амьдрагч Ө, түүний төрсөн дүү нарыг ч Сайпан арал руу тайчих үзүүлбэр үзүүлэх нэрээр гаргаж байсан талаараа цагдаагийнханд мэдүүлжээ.
АНУ-ын иргэн Патрик нь өнгөрөгч 2013 оны зургадугаар сараас эхлэн нийт 16 охины визний зураг, гадаад паспортын хуулбар, мөнгөө бэлэн өгөх бололцоотой хүмүүсээс тус бүр 1000 ам.долларын зардал авсан бол санхүүгийн бололцоо муутай охидыг очиж ажиллаж байгаад үлдсэн мөнгөө төлж болно хэмээн гэрээ хийж, Сайпан арал дээр үйл ажиллагаа явуулдаг “Кингс” гэх стриптиз клубт ажилд оруулах нэрээр хил давуулан худалдаалах гэж байсан нь тогтоогдоод байна.
Сайпан арал нь Номхон далайд байрлах Хойд Марианы арлуудын нөхөрлөлийн захиргааны төв уулын тогтцоос үүссэн АНУ-ын газар нутагт тооцогддог, 48.220 хүн амтай. Арлын оршин суугчдын дийлэнх нь БНХАУ, Бангладеш, Филиппин, Тайланд, Вьетнам мөн Камбожи улсын иргэд байдаг аж. Мөн Япон, БНХАУ, БНСУ-аас цагаачид ихээр ирдэг. Сайпан арал дээр нийт 27 зочид буудал, казино үйл ажиллагаа явуулдаг аж. Дээрх аралд худалдаалагдаж буй иргэдийн ихэнх нь Филлипин улсаас ирсэн охид байдаг аж. Тэд охидыг шөнийн цэнгээний газарт бүжиглүүлэх нэрээр хуурч аваачин бэлгийн мөлжлөгт оруулдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Хохирогчдын гаргасан мэдүүлгээр дээрх иргэн нь “Маш их хэмжээний мөнгө олж, цаашдаа баян эрэгтэйчүүдтэй танилцан амьдрах боломжтой” гэж ятгасан гэнэ. Тэрбээр хэдхэн хоногийн дараа буюу ирэх сарын эхээр АНУ-ын виза мэдүүлсэн дөрвөн охины хамтаар Сайпан арал руу гарахад бэлэн болоод байсныг ийнхүү таслан зогсоожээ.
Хэргийг одоогийн байдлаар УМБГ-т шалгаж байгаа. Цаашид эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг нуугдмал хохирогчдыг олж тогтоох, Сайпан арал болон Зүүн өмнөд Ази руу чиглэсэн хүн худалдаалах гэмт хэргийн урсгалыг саармагжуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах юм байна.
Одоогоор 14 охиныг дээрх байдлаар хилээр гаргах байсан нь тогтоогдсон бөгөөд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох гэж байсан зарим охидыг цагдаагийнхан хайж байгаа аж.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа