Японы шүүх “Авар”-ын худалдан авалтыг зогсоолоо


Токио хотын төвд Монгол Улсын компани 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх газрыг 10 давхар барилгын хамт дуудлага худалдаагаар авсан гэх мэдээлэл оны өмнө нэлээд дуулиан тарьсан. Тэгвэл энэхүү барилгыг өндөр үнээр худалдан авсан "Авар” компанийн худалдан авалтыг өчигдөр /I.23/ хүчингүйд тооцжээ. “Авар” ХХК нь бодитоор үйл ажиллагаа эрхлэн явуулдаг эсэх нь батлагдаагүй, шалгалтын явцад ирүүлсэн баримт бичгүүд нь тамга тэмдэг дутуу, хуурамч байх магадлалтай гэсэн үндэслэлээр тус улсын шүүх ийнхүү шийдвэрлэжээ.


Өмнө нь энэхүү асуудалд “Их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар холбоотой”, “Японы Засгийн газрын шахалтаар Хойд Солонгосчуудтай хэл амаа амархан ололцдог монголчуудыг ашиглаж байна” гэх зэрэг мэдээлэл цацагдаж, тус компанийн захирал Ч.Эрдэнэбат “Аль ч улсын Засгийн газрын оролцоо байхгүй. Цэвэр бизнесийн зарчмаар явж байгаа асуудал. Миний дүү Ч.Мичидмаагийн нөхөр нь Д.Сумъяабазар гишүүн болохоор тэгж хардаж байгаа байх” хэмээн тайлбар өгч байсан. 

Тэгвэл Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консулын газрын албан ёсны цахим хуудсанд “Монголын компани Японд үл хөдлөх хөрөнгө авч чадаагүй” тухай мэдээлэл гарсан байна. Уг мэдээлэлд, 

-“Токио хотын төвийн Чиёдо дүүрэгт байрладаг Хойд Солонгосын иргэдийн нийгэмлэг (Chongryon)-ийн байрыг  Япон, Хойд Солонгосын хооронд дипломат харилцаа байхгүйн улмаас БНАСАУ-ын оршин суугчдын асуудлыг хариуцдаг албан бус Элчин сайдын яамны барилгад тооцдог байжээ. Улмаар Хойд Солонгосын иргэдийн нийгэмлэгийг дэмжин ажилладаг банк бус санхүүгийн байгууллага нь 2007 онд дампуурсан учраас нийгэмлэгийн эзэмшлийн байрыг шүүхийн өр барагдуулах албанд хураасан байна. Ингээд Японы Шүүхийн өр барагдуулах албанаас 2013 оны аравдугаар сард уг барилгыг дуудлага худалдаанд оруулж, Монголын "Авар" ХХК 50 сая ам.доллараар худалдан авахаар болсон бөгөөд Японы тал Монголын “Авар” ХХК-ийн хөрөнгө хууль ёсных эсэхийг нягтлахаар өнгөрсөн аравдугаар сард Монгол руу мэргэжлийн болон хэвлэлийн баг илгээсэн байдаг /Японд их хэмжээний хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авахад худалдан авагчийн хөрөнгийг нягталдаг журамтай/. Гэтэл өнгөрсөн хугацаанд 2013 оны есдүгээр сард байгуулагдсан “Авар” ХХК нь татварын албанд бүртгэлгүй байсан нь тодорхой болж, Японы Засгийн газрын зарим албаны хүмүүс ч уг компанийг “цаасан дээрх компани” хэмээн шүүмжлэх болсон. Токио хотын шүүх Хойд Солонгосын иргэдийн нийгэмлэгийн байрны асуудлаар өчигдөр хуралдаж, “Авар” ХХК-ийн худалдан авалтыг хүчингүйд тооцлоо. Шүүх “Авар” компани нь бодитоор үйл ажиллагаа эрхлэн явуулдаг эсэх нь батлагдаагүй, шалгалтын явцад ирүүлсэн баримт бичгүүд нь тамга тэмдэг дутуу, хуурамч байх магадлалтай гэсэн үндэслэлээр ийн шийдвэрлэсэн байна. Монголын “Авар” ХХК нь шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” хэмээн мэдээлжээ.



Харин japandailypress.com сайтад энэ талаар,


-“Токиогийн шүүх өчигдөр /I.23/ шийдвэрээ гаргаж, Монголын "Avar Limited Liability Company"-д 10 давхар барилгыг газрын хамт ойролцоогоор 48.4 сая ам.доллараар худалдах гэж байсныг цуцаллаа. Шүүхээс мэдэгдсэнээр “Авар” компанийн дуудлага худалдаанд оролцсон материалуудын зарим нь эх хувь биш хуулбар байсан гэнэ. Ийнхүү Японы шүүхээс Чонрёны барилгыг гурав дахь удаагаа дуудлагаар худалдах товыг дахин зарлахаар болж байна. Чонрёны барилгыг анх 2012 оны долдугаар сард Японы Засгийн газрын дэмжлэгтэй “Resolution and Collection Corp”-ын хүсэлтээр дуудлагаар худалдахаар болж, худалдаанд Кагошимад байрлах Сайфуку-жи хийд 4.5 тэрбум йенээр ялсан боловч барилгыг худалдан авахад санхүүгийн боломж нь хүрээгүй юм” хэмээн мэдээлжээ.

Сануулахад, дуудлагаар зарагдаж буй уг барилга нь Токио хотын хамгийн төв газар Чиёдо дүүрэгт байрладаг, газар доор хоёр давхар, дээшээ 10 давхар бүхий өндөртэй, 12 000 ам метр талбайтай, нийт 2400 ам метр газрын өмчлөх эрхтэй объект юм байна. Мөн Япон дахь Хойд Солонгосын иргэдийг дэмжин ажиллаж байсан банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байсан ба тус санхүүгийн байгууллага дампуурснаар шүүхийн өр барагдуулах албанд хураагджээ. Тус банк бус санхүүгийн байгууллага 2007 онд дампуурснаас хойш уг барилгын өмчлөлийн асуудал нэлээдгүй маргаан дагуулж байжээ. Улмаар шүүхээр хэлэлцэгдэж, Япон дахь Хойд Солонгосын оршин суугчдын нийгэмлэгийн өмч болохыг нь тогтоосон тул өнгөрсөн онд онд өр барагдуулах албанд шилжүүлж, дуудлагаар худалдах эрх зүйн нөхцөл бүрдсэн ажээ.

Холбоотой мэдээлэл: 

Японы шүүх “Авар”-ыг шалгаж эхэлжээ

“Авар”-ын захирал мэдээлэл хийлээ.


Б.ЭНХ, Б.АНХ