Гамшгийн Улаанбаатар


Зүв зүгээр явж байгаад бусдын буруугаас болж амиа алдана гэдэг юутай харамсалтай. Хэн ч хэзээ ч дээрээс төмөр унаж ирээд намайг алчихна гэж бодохгүй нь лавтай шүү дээ. Хутга шөвөг барьсан согтуу, хөлчүү хүнээс зугатаж болно гэхэд гэгээн цагаан өдрөөс томоос том төмөр тэнгэрээс нурж ирээд алчихна гэж ямар ч мундаг бөө, лам хувраг байсан мэргэлээд мэдэхгүй биз. Гэтэл ийм эрсдэл, аюул дунд улаанбаатарчууд амьдарч байна. Хэзээ ч хамаагүй төмөр унаад амь насыгмаань эрсдэлд оруулах аюул дэргэд байнга дагаастай байна гээд боддоо. Яаж ийм нөхцөл, яаж ийм аймшгийн нийслэлд иргэд чөлөөтэй амьсгалж, чөлөөтэй амьдрах юм бэ. Энэ чинь гамшиг биш гэж үү. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутагт буюу “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж буй “Макс өргөө” компанийн барилга дээрээс өргөгч цамхагийн төмөр унаж нэгэн иргэний аминд хүрсэн харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй барилгынхнаас болж, машинаа унаад ажилдаа явж байсан нэгэн гэм зэмгүй иргэн ийнхүү цаг бусаар хорвоогоос буцлаа. Түүний аав ээж, ах дүү, хань ижил, үр хүүхдүүдэд ямар харамсалтай байгааг үгээр илэрхийлэх аргагүй биз.


Монголын барилгын салбарын хариуцлагагүй байдлаас болж хүний амь эрсдэж байгаа тохиолдол энэ анхных биш. Хоёр жилийн өмнө яг тэр зам дээр 25 настай залуу мөн л барьж байгаа барилгаас унасан төмөрт цохиулж амиа алдсан. Түүний өмнөхөн Саппорогийн тойргоос 3, 4 хороолол явах явган хүний замд 12 настай охины дээрээс барилгын зуурмаг шахагч краны шон унаж, амь насыг нь хохироосон. Тухайн үед барилгынхныг базаад өгнө гээд байсан одоо хаана байна. Нүглийн өмнө нүдээ аньж, мөнгөний төлөө үүргээ умартсан мэргэжлийн хяналтын байцаагч нараас болж хүн амиа алдчихаад байхад хэн ч тэдэнтэй хариуцлага тооцоогүй. Цалингийн шийтгэл амсуулсан төдийхнөөр толгойг нь илээд л өнгөрчихдөг шүү дээ. Гэтэл цаана хичнээн хүн насаараа амьдын тамд унаж байгааг тэд яаж ойлгох билээ. Харин ч хамгийн доод шатны ажилтанг буруутгаад, шийтгээд өнгөрсөн байна лээ дэг. 


Хариуцлагыг уландаа гишгэсэн мэргэжлийн байцаагч нар, жинхэнэ хэрэгтэнг шийтгээгүй өнгөрсөн шүүгч нар, мөнгөөр бүхнийг худалдан авна гэж боддог мөнгөтэй, нөлөөтэй эрхмүүд, бодлого боловсруулагчид хүртэл өөрсдөө барилгынхнаас болж амиа алдах эрсдэл дунд амьдарч байгаагаа ойлгосонгүй. 

Барилга дээрээс унах төмөрт өртөхдөө хүрвэл “Ланд-200” унаад явж байна уу, явган алхаж байна уу гэдэг ялгаагүй аж. Тэр тусмаа хотын төв замын гуравдугаар эгнээнд явж байгаа машины дээрээс төмөр ойчиж хүний амь хөнөөнө гэдэг Монгол хүний амьд явах баталгаа уландаа гишгэгдсэний илрэл биз. Явган явах аюултай, машин унах эрсдэлтэй гэхээр одоо тэгээд танк унах болж байна уу. Энэ арай биш ээ, хууль батлагчид аа. Хэзээ ч хаана ч амиа алдахад бэлэн эрсдэлтэй,  утаатай, хогтой дэлхийн хамгийн аймшгийн хотод бид амьдарсаар л байна. Барилгын салбартай холбоотой аливаа осол, хэрэг гарах бүхэнд хамгийн доод шатны ажилчинтай нь хариуцлага ярьж, түүнийг шийтгээд өнгөрдөг гаж тогтолцоогоо арилгахгүй бол ийм эмгэнэлтэй явдал гарсаар байх болно. Тэр тусмаа мөнгөнд байдаг ухаанаа алдчихсан Монголын барилгын салбарт хариуцлагыг бий болгож, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг сахиагүйн төлөө, хүний амийг эрсдэлдоруулсныхаа төлөө эздийг нь шийтгэдэг системтэй болох ёстой. Яагаад гэвэл хүн хөлсөлж ажиллуулж байгаагийнхаа төлөө тэд шаардлага тавих, анхаарал хандуулах үүрэгтэй учраас. 

Үнэндээ бол Монголын барилгын салбарт хариуцлага гэдэг зүйл устсан. Танилтай, мөнгөтэй нь хаа дуртай газраа хашаалж аваад явган хүний зам дээр барилга барих нь холгүй болсон шүү дээ. Хүчтэйхэн салхинд нураад унаж мэдэх чанаргүй барилгуудаас болж гэм зэмгүйхэн хичнээн хүний амиар наадах гээд байгааг ойлгохгүй байна.

Монголын барилгын салбар хэтэрхий их мөнгөний хойноос хөөцөлдөх болсны бас нэгэн гай энэ. Мөнгөний төлөө бусдыг шулж, нүдээ унагахаас  буцахгүй болсон барилгын салбарт нүүрлэсэн хар энерги гэм зэмгүйхэн иргэдийн амиар тоглосоор. Эцсийн эцэст энэ бүхэнд Монголд хариуцлагагүйн зуд нүүрлэсэн, мөнгөтэй л бол ямар ч асуудлаас амархан мултарчихдаг, хуулийг, хуулийнхныг худалдаж авдаг болсон бохирдсон, ялзарсан төр өөрөө буруутай. Төр нь хүчтэй бас хариуцлагатай байсан бол барилгынхан ингэж даврах уу.   Салбар хариуцсан сайдтай нь, хотын удирдлагуудтай нь бүгдтэй нь хариуцлага тооцохгүйгээр нийгэмд бугласан хорт ургамал улам л цэцэглэсээр байх бус уу. Энэ бол Монголын төр дампуурсны нэгээхэн хэсэг нь. 

Ж.НЯМСҮРЭН