Чи бол илжиг


“Өндрөө аваагүй, олон нийт мэдээгүй л болохоос биш байнга л цочирдом зүйл болж байдаг шүү дээ. Найз залуудаа хоёр өдрийн турш зодуулж, нас барсан 21 настай охин,  эцэгтээ заазуурдуулж өдөржин зодуулсан таван настай хүү, гэрийнхээ амбаарт хэдэн жил хоригдсон жаал бол мөсөн уулын зөвхөн оройн хэсэг нь” гэж Яаралтай тусламжийн төвд ажилладаг найз маань хэлсэн юм. 


Ил харагдсан тэр өчүүхэн хэсэг л олон нийтийг бухимдуулж, уур цухлыг хүргэхэд хангалттай аж. Жил ирэх бүрт хүмүүсийн мөс чанар муудаж, улам харгис, улам хорлонтойгоор нэгнийхээ эрхэнд халдах болсон. “Муу эр мод чулуу” гэдэг байсан бол одоо юуны түрүүнд хутга шөвгөндөө хүрдэг болж, “Эрийн муу эмд” гэдэг байсан бол одоо хүч муутай эмэгтэйчүүдэд бяраа гаргаж “хүүхэд ч хамаагүй зодно” гэж дөвчигнөх муу эрчүүд олширч. Эдгээр эрэгтэйчүүдээс гадна өөр нэг зүйл олширч.  Цээрлэн, уламжлан ирсэн дээрх үгсийг мартсан хэрнээ “эр эмийн хооронд илжиг бүү жороол” “Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол” гэх үгсийг мөрдлөг болгогчид дэндүү олон болжээ. 


“Бусдын хэрэгт оролцохгүй, гай болно” гэх энэ гажиг сэтгэхүй гэмт хэрэгчдийг улам гааруулсаар. Хүчирхийлэл буюу хүний эрхийн зөрчил үйлдэгдэхэд зайлшгүйгээр нөхцөл байдал нь бүрдсэн байдаг. Харамсалтай нь уг нөхцөл байдлыг бид өөрсдөө тордон усалж “хүчирхийлэл” хэмээх хогын ургамалыг ургах таатай хөрсийг бүрдүүлсээр байх ажээ.

Хөрш чинь эхнэр хүүхдээ зодож байгааг мэдсээр байж “удалгүй гайгүй болох байлгүй” гэж орхих, ажлын чинь бүсгүй хөхөрсөн нүдтэй ирснийг харсаар байж эрхээ хамгаалахын оронд “муусайн эрчүүд ийм байдаг” гэх мэтээр хамт муулсан болоод л өнгөрөөж байгаа бол та гэмт хэргийн талаар мэдээлэлгүй өнгөрч байгаа хэрэг. 

“Шударга бус зүйлийн хажуугаар чимээгүй өнгөрснөөрөө өөрөө тэрхүү шударга бус зүйлд оролцож байна” гэдэг. Үүнийг зөвхөн ёс суртахууны асуудал гэвэл бас үгүй. Хэрэв та гэмт хэргийн талаар мэдээлээгүй бол өөрөө гэмт хэрэгтэн болж буйгаа ч ойлгох хэрэгтэй. Энэ тухай Эрүүгийн хуульд  “Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй этгээдийг үл мэдээлэгч гэнэ.Энэ хуулийн тусгай ангид нэрлэж заасан гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдалсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. 

Гэвч энэ нь гэмт үйлдэл бүхний дундуур гүйж ороод өөрийгөө эрсдэлд оруул гэсэн үг биш. Зүгээр л юу ч хийхгүйгээр орхиж болохгүйг л хэлж буй хэрэг. Эрх нь зөрчигдөж буй нэгнийг өөрийн биеэр хамгаалж чаддаггүй юм бол ядаж хуулийн байгууллага руу ганц дуудлага хийчих сэтгэл олон хүнд дутаж байна. 102- руу дуудлага хийх нь өөрийгөө ямар нэг хэрэгт хутгаж байгаа биш, иргэнийхээ үүргийг биелүүлж, магадгүй гэмт хэрэгтэн болохоос чинь аварч байгаа зүйл.   

“Эр эмийн хооронд илжиг бүү жороол” хэмээн өөрийгөө илжиг мэт төсөөлсөөр л явах уу. Гадаа уначихсан хүний хажуугаар хараагүй мэт өнгөрсөн бол, хэн нэгэнд зодуулж аврал эрэн хашгирахыг сонсоогүй мэт царайлсан бол, хулгай хийж байгаа залуусаас айж чимээгүйхэн өнгөрсөн бол та илжиг. Биш ээ, чи илжиг. 

Эх сурвалж : www.news.mn Б.МАНДАХ