МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг огцруулах эсэх талаарх үндэсний зөвлөлийн хурал өглөө 11 цаг 30 минутад эхэлж, хаалттай хуралдаж байна. Ч.Даваабаяр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд дараах тайлбарыг хүргүүлсэн байна.
Тайлбар гаргах нь:
МҮОНТ-ийн нийт хамт олноос гэж хаяглан 2013.11.15-ны өдөр МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөл болон МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд хандан “МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр миний биеийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн ажлаас чөлөөлөх тухай” өргөх бичиг хүргүүлсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
Нэг. Ч.Даваабаяр эрх ашгийн том зөрчилтэй гэх асуудлын тухайд:
1. “Имержмедиа групп”-ийг эзэмшдэг” гэжээ.
Миний бие нь өнөөдрийн байдлаар “Имержмедиа групп”-т ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй билээ. Шаардлагатай тохиолдолд холбогдох улсын бүртгэлийн лавлагаа тодорхойлолтыг авч өгөхөд бэлэн байна.
2. “Өглөө” хөтөлбөрөөр бүтэн сарын турш 1950 лавлахыг сурталчилахыг үүрэгдэж өдөр бүр шторкоо явуулсан” гэжээ.
1950 мэдээллийн лавлах “Өглөө” хөтөлбөрөөр шторк огт явуулаагүй бөгөөд шторк явуулахыг үүрэг болгосон гэж худал гүжирдсэн байна.
3. 2013 оны 3 сард ЕТV-д байсан 2 камерийг Миний хувийн юм шүү гэж авч ирэн Спортын мэдээ , Өглөө хөтөлбөрт өгсөн. Камерийн үнэ мөнгийг хэрхэн буцааж авсан нь тодорхойгүй” гэжээ.
Камер бол ЕТV телевизийн өмч биш миний хувийн өмч юм. Энэ 2 нэгдэл өглөө, орой, ажлын цаг харгалзахгүй байнгын ажилладаг онцлогтой гэдгийг уран бүтээлч та бүхэн мэдэж байгаа. Манай телевизэд камер, операторын хүрэлцээ муу, одоо ч энэ хэвээр байна. Энэ талаар удирдлагуудад танилцуулсан ба “бүтцийн өөрчлөлт хийгдтэл түр хүлээ” гэсэн хариу өгсөн. Камерийн хүрэлцээ муу байгаа асуудал шийдэгдээгүй учраас би ажлыг хэвийн, хурдан шуурхай явуулахын тулд өөрт байсан 2 камерийг “асуудал шийдэгдтэл түр хэрэглэж байгаарай” гэж техникийн хэлтсийн даргад хүлээлгэн өгсөн ба ашиглуулж, хэрэглүүлсний төлөө ямар нэгэн төлбөр аваагүй юм.
4. 2013 оны Улсын их баяр наадмаар уран бүтээлчдэд. “Ноён зууч пицца” компанийн 3 сая төгрөгийн шарсан тахиа тараасан. Тэр компанид төлбөрөө хэрхэн барагдуулсан нь тодорхойгүй гэх асуудлын тухайд:
МҮОНТ нь Улсын баяр наадмыг Сүхбаатарын талбай, 600 их студи, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгаас шууд дамжуулалт хийн 3 өдрийн турш уран бүтээлч, инженер, техникийн ажилчид зэрэг бүрэн бүрэлдэхүүнээрээ 200-гаад ажилчид ажилласан. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил байсан учраас хамт олноороо бахархаж, урамшин, телевизийн нэр хүнд ч үүнийг дагаад өссөн.
Иймд би ажилчдаараа бахархаж баярын өдөр байсан учир ажлынхаа хамт олныг би хувиасаа пицца, шарсан тахиа захиалж дайлсан юм. Телевизээс нэг ч төлбөр гараагүй болно. Ажилчидаа ингэж дайлсан нь буруу болсон байна гэдгийг өнөөдөр би хатуу ойлголоо.
5. ……… БНСУ-ын Хамтлагын тоглолтын билетийг маш олноор тараасан ……… гэх асуудлын тухайд:
“Нарны жим” кино группынхан байнга хөдөө орон нутагт ажиллаж байгаа ба ер нь телевизийн уран бүтээлчид ажилчид цаг наргүй, чөлөө завгүй зүтгэн ажилладаг, би энэ жаргал зовлонг мэдэрч байдгын хувьд кино группын 20 гаруй ажилчдад болон телевизийн зарим ажилчдад ар гэр, хүүхдүүддээ үзүүлээрэй гэж билет өгсөн. Гадны нэр хүндтэй хамтлагуудын тоглолтыг Монголдоо үзэх боломж ховор байдаг. Хөдөө орон нутагт болон өдөр шөнөгүй телевизийн төлөө нойр хоолоо хасан зүтгэж байгаа эдгээр ажилчдаа хараад цаашид урам зоригтой ажлаасай гэж урамшуулан, ямар нэгэн хариу төлбөргүйгээр сэтгэлээрээ өгсөн юм. Телевизээс ямарч мөнгө гараагүй /энэ ямар буруу үйлдэл болохыг ойлгохгүй байна/.
6.УБЕ-00 04 улсын дугаартай Lexus-570 маркийн автомашин ЕТV телевизийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд МҮОНТ-ийн өдөр тутмын албан хэрэгцээнд ашигладаг гэх асуудлын тухайд:
МҮОНТ-ээс 03-83 улсын дугаартай Landruiser маркийн автомашиныг намайг албан хэрэгцээнд ашигла гэж өгсөн. Уг машиныг би албан хэрэгцээнд ашигладаг ба дугаарын хязгаарлалт болон ажлын бус цагаар, орон нутагт томилолтоор ажиллах үед өөрийн хувийн тээврийн хэрэгслийг унаж хэрэглэдэг болно. Албанд хэрэглэж буй тээврийн хэрэгсэл нь ашиглалтын хугацаа дуусах дөхсөн, аюулгүй байдал талаасаа бүрэн баталгаатай биш юм. Албаны тээврийн хэрэгслийг ашиглахдаа ямар нэгэн байдлаар шатахууны болон ашиглалт үйлчилгээний зардлыг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол байхгүй. Харин ч ажлаа хэвийн явуулах үүднээс хувийн тээврийн хэрэгслээ, байгууллагын ажилд хэрэглэж байсан юм. Цаашид байгууллагын унааг албаны болон хувийн хэрэгцээнд аль алинд нь байнга унаж хэрэглэх ёстой юм байх даа.
7. MCS группын маркетингийн удирдлагуудтай уулзаж ETV-тэй хамтран ажиллахыг санал болгосныгалбаны эх сурвалж мэдээлж байна гэх асуудлын тухайд:
Ийм мэдээллийг хаанаас, ямар албаны эх сурвалжаас авсан талаар эдгээр хүмүүс өөрсдөө баримтааа гаргаж өгч, нотлох байх. Бодит байдал дээр ийм зүйл огт болоогүй бөгөөд энэ илт худал гүтгэлэг, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна.
8. Ч.Даваабаярт …….. сануулах арга хэмжээ авч байсан гэх асуудлын тухайд:
Энэ асуудал өмнө нь шалгагдаад, захирлын зөвлөлийн хуралдаанаар шийдэгдсэн ба надад ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно. Энэ талаар шалгалтын материалаас дэлгэрүүлэн үзэх боломжтой.
Хоёр. Ёс зүйн зөрчил, удирдах арга барилын талаарх гомдлын тухайд:
Ч.Даваабаяр харилцааны соёлгүй………….. дарамттай ажилладаг гэжээ:
Миний бие өндөр хариуцлагатай энэ албан тушаалыг хашиж байгаагын хувьд хамт олны ёс зүйг чанд сахиж, өөрөө биечлэн үлгэрлэж, байгууллага, хамт олны эрх ашгийг эрхэмлэн ажилладаг бөгөөд уран бүтээлч, ажилчидтай ёс бусаар харьцсан, үл хүндэлсэн, дарамталсан зүйл огт болоогүй. Энэ бас гүтгэлэг гэж үзэж байна, ийм зүйлээр буруутгаж байгаа бол бодитой баримттай, цаг хугацаатай гаргаж тавих нь зүйтэй.
Энэ нөхөр манай телевизийг сурталчлах боломж гэж хардаг…………..гэх асуудлын тухайд:
МҮОНТ-ийн захирал ажил үүргийн хувьд хийж гүйцэтгэсэн ажлаа олон нийтэд нээлттэй танилцуулж ажиллах ёстой. Энэ үүргийн дагуу, хийж гүйцэтгэсэн ажлын талаар л мэдээлэл өгсөн болохоос иргэн Ч.Даваабаяр өөрийн талаар суртачилгаа явуулаагүй гэдгийг ялгаж, салгаж ойлгох нь зүйтэй болов уу.
“Саяхан Сүхбаатар аймагт ажилласан МҮОНТ-ийн группыг Ч.Даваабаяр ахалж явсан………….. гэх асуудлын тухайд:
Хөтөлбөрийн дагуу үзэгч сонсогчидтой хийх уулзалт хийх багийг ахалж явсан нь үнэн. Багийн уран бүтээлчид 3 хуваагдан ажиллах үед зам тээврийн осол гарсан байдаг. Тухайн үед автомашины жолооч согтуурсан, хурд хэтрүүлсэн зөрчил байхгүй болохыг цагдаагийн байгууллага тогтоосон. Энэ нөхцөл байдалд Үндэсний зөвлөл болон Ерөнхий захирал шуурхай арга хэмжээ авч ажилласанд би болон уран бүтээлчид бүгд талархаж байгаа. Осол аваарыг урдаас мэдэх боломжгүй байтал энэ бүхнийг надтай холбож буруутгаж байгаад би маш их харамсаж байна.
Ч.Даваабаяр миний бие зохих журмын дагуу сонгон шалгаруулалтанд тэнцэж 2012 оны 09 сараас өэхлэн МҮОНТ-ийн захирал хэмээх энэхүү хариуцлагатай албан тушаалд томилогдон өнөөдрийг хүртэл идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа билээ. Гэтэл удирдан зохион байгуулах анхан шатны мэдлэггүй, хамт олныг үл тоомсорлодог уран бүтээл хэмээх үндсэн зорилгоо ойлгож амжаагүй, боловсролын түвшин тодорхойгүй хэмээн намайг илтэд гутаан доромжиллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-ийн 2-т “хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй” гэж заасан ба аливаа мэдээллийн үнэн зөв үндэслэл бүхий баримтыг тулгуурлан нийтлэх үүрэгтэйг умартан иргэн миний нэр төр ажил хэргийн нэр хүндэд халдаж байна.
Мөн хамт олон тэр тусмаа уран бүтээлчид бид Ч.Даваабаярыг МҮОНТ-ээр овоглох эрх бүхий хүн Биш ЭЭ гэжээ.
Миний бие Олон нийтийн үндэсний телевиз хэмээх онцлог, гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус энэ байгууллагыг удирдах эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж авахдаа залуу хүний хувьд телевизийн чиг хандлагыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан ажиллах маш их эрмэлзэл зорилготойгоор ажиллаж байгаа цаашид ч ажиллахаа хариуцлагатайгаар хэлмээр байна.
Ер нь энэ байгууллагад бодлогын сайн менежер хэрэгтэйн зэрэгцээ уран бүтээл хийдэг сайн уран бүтээлч ч мөн байх ёстой гэсэн зарчмыг би баримтлан ажиллаж байгаа. Олон нийтэд үйлчилдэг байгууллагын хувьд дэлхийн хөгжлийн чиг хандлагатай мөр зэрэгцэн, хариуцлагатай түргэн шуурхай ажиллаж нэвтрүүлэг нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн, цацалт нь сайн байх ёстой.
Би гүйцэтгэх удирдлагад олгогдсон эрх мэдлийн дагуу хуулийн хүрээнд ажлаа хариуцлагатай хийж байгаа гэж бодож байна. Энэхүү гомдлыг зарим нэг газар дотоод аудитын шалгалт оруулсантай холбоотойгоор өөрсдийнх нь хувийн ашиг сонирхол зөрчигдөөд байгаа хэсэг хүмүүсийн зохион байгуулалттайгаар хийж байгаа захиалгат үйлдэл гэж ойлгож байгаа.
Олгой хагаравч тогоондоо гэдэг шиг энэ асуудлыг байгууллагынхаа хүрээнд шийдвэрлэх боломж байсан ч байдлыг улам хурцатгаж зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг дагуулан ирж, миний нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндэд халдсан, зориуд худал гүтгэлэгийн шинжтэй мэдээллийг орон даяар цацсан.
Эцэст нь хэлэхэд ажлаа, хамт олноо гэсэн сэтгэлээр ажиллаж байсны хариу ийм байдлаар ирсэнд гомдох сэтгэл төрж байгаа хэдий ч ухарч няцалгүй тавьсан зорилт, зорьсон зорилго, хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.
Би Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн болон МҮОНТ-ийн захирлын албан тушаалыг хувийн ашиг сонирхолд ашигласан ямарч үйлдэл хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
ТАЙЛБАР ГАРГАСАН Ч.ДАВААБАЯР
Хувийг : МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарт
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа