“Буян”-гийн Б.Жаргалсайханы аргагүй амраг дуучин П.Өнөржаргал


Хэзээ ч тэргүүн гудайж амьдрах ёсгүй эр хүн гэж байдаг бол “Буян” тодотголтой Б.Жаргалсайхан. Б.Жаргалсайханы анхны гэргий Б.Энхтогтох нь өндөр боловсролтой, дизайне мэргэжилтэй чамбай “Буян” компаний бүхий л загвар дизайн, байгууллагын ерөнхий өнгө төрхийг нуруу дээрээ үүрч ирсэн хатагтай. Туйлын даруу төлөв, эгэл жирийн энэ бүсгүйн хатуу, чамбай зан ихэмсэг, онгиргон ч гэмээр нөхрийг нь хаашаа ч хөдөлгөхгүй барьж яваа нууц хэмээн ойр дотныхон нь тодорхойлдог. Харин дараагийн гэргий нь н.Сэлэнгээ хэмээх бүсгүй байдаг. Анхны гэргийг нь бодвол ил шулуун, цагаан цайлган зантай, түс тас яриатай цэвэрхэн бүсгүй байдаг. Эр нөхрийнхөө компанийн ажилд төдийлөн оролцоод байдаггүй энэ бүсгүй Б.Жаргалсайханд ханийн халамж, хайр юуг харамгүй бэлэглэдэг, тийм ч болоод тэр үү, эрхэм бизнесмэн эднийдээ ихэвчлэн тухалж амьдардаг байна. Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Монголд айлчилж, манай томчуудыг миссүүдтэй нь хуйлруулсан зуны тэр өдрүүдэд ноён Б.Жаргалсайхан энэ гэргийгээ анх удаагаа олны өмнө ил гаргаж байсан билээ. Өөрийнх нь хэлсэнчлэн аль сайхан ааштайгийнх нь гэрт очиж хоног төөрүүлдэг хэмээн хошигнон ярьж байсан хоёр гэргийнхээ халамж хайранд чамгүй олон жил өлгийдүүлсэн жентельмэнийн зургаа дахь буюу отгон хүүхдийг залуу дуучин П.Өнөржаргал хэмээх бүсгүй төрүүлээд байгаа. Угийн урлаг тэр дундаа рок поп орчин үеийн урлагт тунчиг элэгтэй, поп хатагтай Б.Сарантуяагийн үеэс Монголын хөнгөн хөгжмийн урлагийг үнэнчээр дэмжиж ирсэн ноён Б.Жаргалсайхан амьд хөгжмийн “Эволюшн” хамтлагийг компанийнхаа дэргэд байгуулж, байсан. “Эволюшн” хамтлаг “ABBA”-гийн дууг дуулдаг байсан билээ. Харин хамтлаг тарсны дараа тус хамтлагийн гишүүн залуу дуучин П.Өнөржаргал Б.Жаргалсайханы “нуган үр”-ийг төрүүлж, машин тэрэг, байр сууцаар тэтгүүлэн тав тухтай амьдарч буй билээ. Урлагт хайртай, авьяасыг хүндэлдэг хувь хүнийх нь араншин дийлж ноён Б.Жаргалсайхан, П.Өнөржаргал бүсгүйн гайхалтай чадалтай хоолойнд сэтгэл татагдсан биз ээ.