Монгол лааны тосон баримлын музейтэй болно


“Старсофт” ХХК “Дэлхийд танигдсан монголчууд” төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. Тэд төслийнхөө хүрээнд Улаанбаатар хотод лааны тосон баримлын музей нээхээр болсон аж. Монголд анх удаа байгуулагдах гэж буй лааны тосон баримлын музейг Жуулчны гудамжинд байгуулах бололтой. Тус компанийн зүгээс Жуулчны гудамж нь Гандантэгчинлэн хийд, Уран зургийн музей, Их дэлгүүр зэрэг гадаадын жуулчид ихээр зорчдог газруудтай хамгийн ойр оршдог учраас Лааны тосон баримлын музейг байршуулахад тохиромжтой гэж үзжээ. Лааны тосон баримлын музейд Монголын эртний түүхээс өдгөөг хүртэлх алдар, цуутай хүмүүсийн баримлыг урлан байршуулна. Түүнчлэн компанийн зүгээс лааны тосон баримлын музейд баримал нь байршвал зүйтэй хүмүүсийн талаар иргэдийн дунд санал асуулга явуулж шалгаруулах бөгөөд эхний ээлжинд 20 хүний нэрийг тодорхой болгоод байгаа аж. Тухайлбал, олимпийн аварга  Н.Түвшинбаяр, сумогийн их аварга Ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, өндөр Гонгор, Эверестэд авирсан анхны уулчин Г.Өсөхбаяр зэрэг алдартнууд багтаж байгаа бололтой. Одоогоор уг музейн ажил зураг төслийн шатандаа яваа бөгөөд ССАЖЯ-наас дэмжин ажиллаж байгаа ажээ.