Дуучин Л.Болдбаатар өнөөдөр буюу “Ахмадын баяр”-аар Дорнодод тоглоно


“Хилийн заставын хар нүдэн бүсгүй″ дуугаараа олны сэтгэлд хүрч, жин дарах хоолойтой дуучин болохоо харуулсан СТА Л.Болдбаатарын “Хүрээ байшин” , “Зүүд эргэх нутаг″, “Энхрий″ зэрэг олон сайхан дуу нь үзэгч, сонсогчдын дуртай дуу болсон. Тэрээр өнгөрсөн сарын 1-нээс эхлэн “Л.Болдбаатар-21” аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд баруун аймгууд дахь тоглолтоо амжилттай өндөрлүүлж, зүүн аймгуудад тоглолтоо үргэлжлүүлээд байгаа юм. Тухайлбал өнөөдөр буюу ахмадын баяраар Дорнод аймагт тоглолтоо үргэлжлүүлэх ажээ.

 

Түүний аялан тоглолтын хамгийн оргил хэсэг гэж болохоор тоглолт төрсөн нутагт нь өрнөсөн хэмээн ам дамжин ярьж байгаа нь оргүй ч зүйл биш бололтой. Уран бүтээлч болсноосоо хойш анх удаа ийнхүү төрөлх нутагтаа хонон өнжин хоёр өдөр тоглолт хийсэн ч нутгийнханаа уйдаагаагүй гэнэ. Түүний дотно нөхдийн зохион байгуулсан “V.I.P” тоглолтонд ирсэн зочид чухам л Увс нутгийн “чинээлэг”-үүдийг цуглуулсан гэхэд болно.  Тус үдэшлэгт дуучин залууг балчир бага үед ангийнх нь багш байсан азай буурайгаас эхлээд хадаг сүү, сэтгэлийн хандив барин золгосон эмээ, алс холын Германаас ирж нутагтаа амрахдаа хайртай дуучинтайгаа уулзах боломж олдсон гэх шүтэн бишрэгч бүсгүй гэх мэт Лосолын Болдбаатартай уулзахыг хүсч, дуу бүрийг нь уяран сонсох хүсэлтэй нутгийн сайхан ах эгч нар нь хүрэлцэн ирж уран бүтээлч дүүдээ урам зориг, итгэл сэтгэлийг хайрласан гэнэ шүү.