Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн улс орны бүх салбарын ажил, байдлыг дүгнэж, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлсон. Тэр дотор олон жил идээ бээрт баригдаж, өмхийрч ялзрахдаа тулсан нь эрүүл мэндийн салбар байгааг шинээр томилогдож очсон сайд Н.Удвал ч, шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ч дуу нэгтэй хэлж байв.
Эмч мэргэжилтэй, сумын эмчээс сайд, дарга хүртэл алба хашиж явсан ч салбараасаа хэдэн жил хөндийрөөд эргэж очсон Н.Удвал “Хүүе ийм болчихсон юм уу, арай ч дээ” хэмээн уулга алдсан бол Ерөнхий сайд өрхийн эмнэлгүүдэд өөрийн биеэр очиж ажиллаад толгой сэгсэрч байсан удаатай. Эмнэлгүүд гэж нурж унах шахсан хэдэн байшин, эмч, ажилчид нь цалин багатай, хариуцлага өндөртэй албанд ядарч туйлдаж буйдаа сэтгэл гонсгор, харин дарга, удирдлагууд нь гэж 9911...-тэй утас барьж, том машин унасан эрхмүүд л байдаг. Өнгөтэй, өөдтэй нэгний өмнө бөхөлзөх атлаа өвчин зовлонд шаналсан иргэдэд бол эр бар загнаж, хаалгаараа ч шагайлгахгүй. Түүний цаана юу байдаг нь бүү мэд. Хариуцлагагүй, сэтгэлгүй гэдэг нь жигтэйхэн байхад тэдний дуу алдах нь зөв.
Эрүүл мэндийн салбар гэнэт ийм болчихоогүй л дээ. Сүүлийн хэдэн жил нийгэм даяараа шуугиж байгаа. Эмнэлгийн дарга нар харин “Хэлээд намайг хэлтлэхгүй, хэсэг шуугиад намдана биз” гэсэн аятай байж байдаг. Тэднийг байлгах сонирхол нь бас улс төрчдөд байдаг бололтой юм билээ. Ямар сайндаа тэр эмнэлгийн дарга тэрний хүн, энэ нь ардаа ийм нууц ноёнтонтой гэсэн мэдээлэл сонгон шалгаруулалтын үеэр гарч, зарим эмнэлгийн дарга төрийн өндөр албан тушаалтнуудын нэр барин дарамталсан сураг ч дуулдсан.
Өвчин, үхэл зовлонгийн үүдэнд энхийн сахиус мэт зогсч, аюулаас гэтэлгэх цагаан нөмрөгтэй баатар мэт санагддаг эмч нар маань өнөөдөр тангаргаасаа няцаж ажил хаялаа ч гэх шиг, ард нь зохион байгуулалттай хэсэг бүлэг байна гэх мэт бараан мэдээлэл сүүлийн хэдэн өдөр гарлаа. Эцэст нь Гэмтэл, согог судлалын үндэсний төв олны анхаарлыг татаад зогсохгүй, өөрсдөө бас хууль хяналтынхны анхааралд өртсөн байна. Энэ үйл явдлаар эрүүл мэндийн салбарт бугшсан идээ бээр эхнээсээ гадагшилж магадгүй дүр зураг харагдаж байна. Тиймээс ам нээхээс уушги нээ гэгчээр нэгэнт энэ тухай сэдэв хөндсөнийх Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн тухай хэдэн баримт дэлгэе. Энэ зөрчлүүд улсын гэх тодотголтой бүх эмнэлэгт бий гэдгийг ч энэ дашрамд хэлчихъе.
ГССҮТ яагаад АТГ-ын анхааралд өртөв?
Тэнд одоо юу болж, ямар үйл явдал өрнөж байгааг тэртэй, тэргүй хүн болгон мэдэж байгаа нь лавтай. ГССҮТ-ийн даргаар Мэдрэлийн мэс заслын № 1 эмч хэмээн мэргэжлээрээ овоглогддог Ц.Энхбаяр томилогдсон. Гэтэл эмч, ажилчид нь хүлээж авахаас татгалзаж, эсэргүүцэл илэрхийлээд зогсохгүй ажил хаялт зарласан. Эмнэлэг бол төрийн байгууллага, хувийн компани биш. Яагаад томилогдоод очиж байгаа шинэ даргыг хүлээж авахаас татгалзав гэдгээс эхлээд олон асуулт гарна. Хэвлэлүүд үүнийг эмнэлгүүд сүлжээнд орсон. Дарга, удирдлагын баг нь эмч нараа уусган фракцийн зарчмаар ажилладаг, эмнэлгийн төсөв болоод хандив, тусламжийн хөрөнгө мөнгөнөөс идэж уух механизмаа бүрдүүлдэг хэмээн тоймлосон байна лээ. Энэ ч даян дээгүүр яригддаг л сэдэв, олны дотор ам дамжин яридаж байдаг асуудал. Шинэ дарга очихоор тэрхүү сүлжээ нь доголдож, идэж уух явдал эцэслэгдэх, задрах гэхчлэн элдэв сөрөг үр дагавар гардаг бололтой. Ийм үндэслэлээр Ц.Энхбаяр гэдэг даргатай хэзээ ч эвлэрэхгүй, хүлээж авахгүй хэмээн ГССҮТ-ийн эмч нар ажил хаяхад хүртэл хүрч тэмцсэн гэсэн ойлголт төрж байгаа юм. Эцэстээ тэр нь олны сонирхлыг татаад зогсохгүй, хууль хяналтынхны анхааралд өртөж одоо АТГ шалгаад эхэлсэн сураг байна.
Эмнэлгүүдийн хамтын ажиллагааны гэрээнүүд ашиг сонирхлын зөрчилтэй
Хууль, хяналтынхан ГССҮТ-ийн захирлаар ажиллаж байсан С.Отгонгэрэлийн БНСУ-ын Хьюнде нэгдсэн эмнэлэгтэй байгуулсан үе шилжүүлэн суулгах согог засах төлбөртэй мэс заслын гэрээ, санхүүг эмчилгээний чанарын асуудлыг шалгаж байгаа бололтой. Монгол эмч нарын хамгийн сайн хийж чаддаг энэ хагалгааг яагаад солонгос эмч нараар тэгээд бүр ГССҮТ-ийн тоног төхөөрөмжийн баазад хийлгэж мөнгө төлж байсан нь сонин. Иргэдээс авсан төлбөрийн тал хувийг улсаас төлөх ёстой ч ямар хэлбэрээр тооцоо хийсэн нь мөн асуудалтай. Тэр бүү хэл, эмнэлгийнхээ хашаан дотор, ГССҮТ-ийн нэг бөөрөнд наалдуулан өргөтгөлийн барилга барьсан бөгөөд түүнийгээ Солонгос эмч нарын ажлын байр хэмээн ярьж байсан гэх мэдээлүүдийг ажилтнууд нь ярьдаг нь ямар учиртай юм бол гэж асуумаар байна. Ганц ГССҮТ бус бусад эмнэлгүүдэд аль нэг улстай хамтарсан, ашиг сонирхлын зөрчилтэй энэ мэт олон гэрээ байхыг үгүйсгэхгүй.
Эмнэлэгийн хашаанд хэн дэлгүүр, хаус, баар сүндэрлүүлэв?
Ер нь эмнэлгийн дарга нар болж өгвөл албан тушаалаа ашиглан эмнэлгийнхээ хашаан дотор хувийн эмнэлэг, дэлгүүр, баар, цайны газар гээд байшин бариулдаг жишиг эртнээс тогтсон, одоо ч тэр уламжлал явж л байна. Бусад эмнэлгүүдэд ч энэ асуудал бий. Байгаагаар барахгүй бүр эмнэлгийн хашаан дотор орон сууц, хувийн хаус бариад газрыг нь өмчилчихсөн хүн ч энэ салбарт байна. ГССҮТ дэх бас нэг асуудал нь Хөгжим бүжгийн коллежийн хойно байдаг Түлэнхийн төвийн барилгын асуудал байна. Тэр том барилга хаашаа ямар замаар “нүүж”, хэний хувийн эмнэлэг болж зүсээ хувиргав гэсэн хардлага дагуулдаг. Тэрхүү хуучин барилгын өрөө, тасалгааг өмнө байсан байдлаар нь гаргаж, тооцоо судалгаа хийгээд үзэхэд 154 өрөө бүхий, 182 цонх, 240 дулааны секц/паар/, сантехникийн шугам сүлжээ, трубаны урт нь гээд асар том тоонууд гарч цаашаа явж өгөх юм билээ. Сантехникийн шугам сүлжээ гэснээс үүдэн энд нэг зүйлийг тэмдэглэхэд энэ чиглэлд ГССҮТ бас л маргаантай гэрээ хэлцэл хийж, мөнгө төгрөг шилжүүлж байсан байдаг. Хотоор овоглодог “Монинж” гэсэн нэр орсон олон охин компанийн тухай мэдээлэл дуулддаг. Энд тэндхийн сантехникийн үйлчилгээ, уурын зуухны тоног төхөөрөмжийн чиглэлд түрэмгий бодлого явуулдаг гээд л хэвлэлээр ч бишгүй нэр нь дуулддаг. Тэр сүлжээ компанитай ГССҮТ-ийн экс захирал С.Отгонгэрэл хамтран ажиллах гэрээ зурж үйл ажиллагаа явуулж ирсэн юм билээ.
Эмнэлгийнхээ газрыг зарчихдаг юм биш үү?
Гэмтлийн хуучин төвийн газрын асуудал авлигын шинжтэй юм биз гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Магадгүй энэ нь явсаар “Хотын фракц” М.Энхболд түүний тойрон хүрээлэгч нартай холбоотой асуудал ч гарч ирэхийг байг гэхгүйг тэр хавийн оршин суугчид хэлж байна лээ. Учир нь эмнэлгийг тойруулж орон сууц барьсаар байгаад хашаагүй болгож, сүүлдээ тус эмнэлгийг нүүлгэн шилжүүлэх тухай яриа хүртэл гарсан удаатай. Хэн газрын зөвшөөрөл өгсөн бэ, эсвэл эмнэлгийн дарга нар нь харсаар байгаад загас мэт дуугүй өнгөрсөн юм уу, ямар учиртай вэ гэсэн асуулт мөн л гарч ирж таарна. Ер нь эмнэлгүүдэд байгаа, эрүүл мэндийн салбарт бугшсан энэ мэт байшин барилгын асуудлыг тусад нь сэдэв болгож хяналт шалгалт хийх, эрэн сурвалжлага хийвэл илүү тодорхой, бас сонирхолтой тоо баримтууд гарч ирэх биз ээ.
Хувийн компаниасаа эмнэлэгтээ бараа шахдаг дарга
Эмнэлгийн захирал, дарга нарын дийлэнх нь хувьдаа эмнэлэгтэй, бас эмнэлгүүдэд бараа нийлүүлдэг компанитай гээд бод доо. Энэ тухай хэвлэлээр бишгүй гарч байсан. Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргад нэр дэвшиж байсан тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал асан Х.Баттөгс байна. Өнгөрсөн өвөл эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр хэсэгхэн хугацаанд ажиллахдаа хууль зөрчсөн халаа сэлгээ хийж байсан нэгэн. Эмчилгээ эрхэлсэн дэд захирлын хувьд эм, эмнэлгийн худалдан авах тендерийг хариуцдаг. Тендерийн дарга маань ямар ажил амжуулж байв гэвэл ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн хувийн компаниас эмнэлгийн хэрэгсэл нийлүүлж байсан байдаг. Тэр ч байтугай эмнэлгийн хэрэгсэл, протез нийлүүлдэг хувийн эмийн сан, компани байгуулж өөрийн ажилладаг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хажуухан талд байршуулсан байсан нь хэвлэлээр гарч байв. Х.Баттөгсийг ГССҮТ-ийн захирал асан С.Отгонгэрэлийн хүн, нэг баг, хамтын ажиллагаатай нөхдүүд гэдэг юм билээ.
Олны анхаарлыг татаад зогсохгүй, өөрсдөө бас АТГ-ын анхаарлыг татаад байгаа Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тухай цөөхөн баримтыг ишлэхэд ийм байна. Энэ бол ганц ГССҮТ-д байгаа, түүгээр хязгаарлагдах асуудал биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой тул олныг үл нуршъя. Харин тус төвийнхний сүүлийн үед өрнүүлээд байгаа үйл явдлаар эрүүл мэндийн салбарт бугшсан, бусад эмнэлгүүдэд ч байгаа идээ бээр илрэн гарч ирж байна гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. ГССҮТ-д байгаа энэ мэт олон зөрчил улсын гэх тодотголтой бүх эмнэлэгт байгаа. С.Отгонгэрэл, Х.Баттөгс, Д.Мөнхбат гээд дээр нэр дурьдагдсан ГССҮТ-ийн захирал, дарга нарын хийсэн үйлдэл, гаргасан зөрчил, ашиг сонирхолтой холбоотой хууль зөрчсөн гэрээ, хэлцлүүд ч улсын гэх тодотголтой бүх эмнэлгийн удирдлагуудад байгаа. Эмч нар улс төрчид биш атлаа улстөржиж, утгагүй авирлаж байдгийн цаад талд улсын төсөв, янз бүрийн гэрээ хэлцлээс улбаатай их мөнгөний урсгал байдаг юм байна. Тийм учраас дотроо фракцалдаг юм байна, тийм ч учраас жигүүр хүртэл бий болж “дэвдэг” юм байна. Тийм болохоор улстөрчид тийшээ сонирхолтой байдаг юм байна. Өөрийн гарын хүнээ тавих гэж бүгдээрээ гүйлддэг юм байна. Бүх эмнэлэг үндсэндээ ийм байна. Тэгэхээр АТГ, Улсын мөрдөн байцаах газар эрүүл мэндийн салбар дахь идээ, бээрийг шахах гэж байгаа бол бүгдийг нь шахаж, цэвэрлэх ёстой байх. Ингэж байж шинэчлэлийн бодлого нь бүрэн хэрэгжинэ гэдгийг ч Н.Алтанхуяг, Н.Удвал нарт ойлгуулж хэлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбар өөрөө “өвдчихсөн”, эмч нар нь бүгдээрээ эрүүл бус байхад яаж шинэчлэгдэх вэ дээ. Эхлээд эмч, ажилчдаа “эмчилж” байж л дараа нь иргэдэд үйлчлэх нь зөв, хүрэх үйлчилгээ нь нь ч эрүүл байхаас их зүйл хамаарч таарна. Яг өнөөдөр бол эмнэлгийн дарга нар Н.Алтанхуяг, Н.Удвал нараас илүү тансаглаж, машин, хаусныхаа тансаг зэрэглэлээр уралдаж байгаа нь нууц биш шүү дээ. Худал гэвэл, өөрсдийн амьдардаг байраа эмч нарынхаа хаустай, ядаж барьж байгаа утас, унаж яваа унаатай нь харьцуулаад нэг харчихаач сайд нар аа.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна