Тангараг өргөсөн эмч нар ганц даргаас болж, хүний амь насыг золиосонд гаргаж байгаад иргэд бухимдалтай байна


ГССҮТ-д 2013 оны 09 сарын 26-27 өдөр ажилласан шинжээчдийн мэдээллийн хураангуй

 

2013 оны 09 сарын 26 өдөр 16 цагаас эхлэн ГССҮТ дээр очиж ажиллахад цөөн тооны эмч нар байсан. Харин сувилагч нар өвчтний өрөөнүүдээр явж, тариа хийж байсан. Бид очоод “ЭМИХШЗ-өөс явж байна. Иргэдийн санал хүсэлтийг сонсч, үүсээд байгаа нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцах гэсэн юм” гэхэд мэддэг хүн байхгүй, зарим нь “Ахлах сувилагчаас асуу” гэж байсан. Ахлах сувилагчтай нь уулзах гээд өрөөнд нь очиход хаалга нь хаалттай, цоожтой байсан. Асууж сураглах хүн байхгүй тул бид палат болгоноор явж, иргэдээс санал авлаа.

 

Иргэд эмнэлгийн эмч ажилтнууд юунаас болоод ажил хаясныг мэдэхгүй байсан бөгөөд өглөөний тариа цагаасаа хожимдож, оройтож хийгдсэн гэж байлаа.

 

Хүзүү нуруу, мэс засал, хүүхдийн мэс засал, насан хүрэгчдийн мэс заслын тасгуудаар явж өвчтнүүдтэй уулзахад одоохондоо үйл ажиллагаа нь хэвийн байх шиг байна гэж байсан. Зарим өвчтөн “Хуучин даргаа хэвээр нь үлдээх зорилгоор шийдвэр гаргах эрх мэдэлтэй эмч нар голдуу ажил хаясан. Сувилагч, асрагч, ээлжийн жижүүрүүд л харагдсан” гэж байв. Өвчтнүүд мэс засал хуваарийн дагуу цагтаа хийгдээгүй, хүнд байдалтай байгаа тухайгаа гомдол мэдүүлсэн. Энэ хоёр хоногийн хугацаанд нэг ч мэс засал хийгдээгүй гэж хэлэх өвчтөн нэг бус таарсан. Харин өвчтний сахиурууд маш их бухимдалтай байсан. “Хагалгаа хийх эмч нар байхгүй байна. Хагалгаанд орох цаг нь өнгөрсөн, одоо хэзээ орох нь мэдэгдэхгүй байна. Амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа хүмүүс яах болж байна? Тангараг өргөсөн эмч нар байж, ганц даргаас болж, хүний амь насыг золиосонд гаргаж байгаа юмуу?” гэх мэтээр бухимдан ярьсан. Энэ талаар гомдолтой байна гэж иргэн Баасанжав, Цэцгээ нар онцгойлон захисан. “Бид одоо хаашаа хандах юм бэ? Танай байгууллага бидний төлөө дуугарч тэмцээд өгөөч, бид ч бас жагсч цуглах эрхтэй биз дээ” гэх хүн ч байв.

 

Ерөнхийдөө эмнэлэг эзэнгүйдсэн, үйл ажиллагаа нь суларсан, хариуцлага алдсан байдалтай байна. Үүний тод илрэл нь 9 сарын 27 өдөр 11 цаг 15 минутын үед тус эмнэлэг дотуур явахад дараах байдалтай байв. Эмч ажилчдын өрөөнүүдээр явахад:

-Амбултори – эзгүй

-Жижүүр – 1 хүн

-Мэс заслын кабинет – эзгүй

-Сэргээн засах кабинет – эмч нь байхгүй, асрагч сувилагч хоёр нь байв.

-Эрчимт эмчилгээ – эмч нь байхгүй, хоёр сувилагч байв.

-Хүзүү нүүрний тасаг – 1 асрагч л байв.

-Нөхөн сэргээх, физик эмчилгээ – эзгүй

-Эхо – эзгүй

-Томограф – эзгүй

-Захиргаа – эзгүй

-Архив – эзгүй

-Статистик даатгалын алба – эзгүй

-Эмчилгээ чанарын алба – эзгүй байв.

             Бодит байдал ийм байна. Цаг тухайд нь мэс засал хийгээгүйгээс хүний амь нас эрсдэх аюултай байгааг үзэхэд үнэхээр сэтгэл эмзэглэм санагдсан. Энэ бол хариуцлагагүй, хүнлэг бус явдал гэж үзэж байна. Бид энэ хоёр өдрийн хугацаанд нийт 58 өвчтөн үйлчлүүлэгчийн гомдол шүүмжлэлийг бүртгэж авлаа.

 

ГССҮТ дээр ажиллсан

ЭМИХШЗ-ийн шинжээч

                                                                                                Б.Хонгорзул        ………………….

                                                                                               Б.Амаржаргал     ………………….