Шударга бус үйлдэлтэй эвлэрэхгүй, сөрж зогсоно гээд байдаг шинэчлэлийн гэх засгийн газрыг удирдаж буй эрхэм ерөнхий сайд маань тун баян нэгэн бололтой. Уншигч та бүхэн санаж байгаа бол шударга гэх Н.Алтанхуяг нэлээд хэдэн төрийн албан хаагчийг хоолноос нь салгаж байсан цаг саяхан. Энэ тухай цухас дурдвал:
Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө сайн ажилласан гэж үнэлцгээн тус бүр 90 сая төгрөгийн урамшууллыг өөрсдөдөө олгочихсон байсан. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэдний энэ үйлдэлд ихэд зэвүүцэн, төрийн албан хаагчийн ёс зүйгээ уландаа гишгэсэн ийм хүмүүсийг төрийн албанд дахин ажиллах эрхгүйгээр халж явуулах нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Улмаар ТУЗ-ийн гишүүн байсан зургаан хүнийг урамшуулал болгон авсан мөнгөө эргүүлэн төлж, эргэж ирэхгүйгээр төрийн албанаас явуулахыг заримынх нь ажиллаж байгаа яамных нь сайдад анхааруулаад байсан. Тэр нь ч зөв зүйтэй анхааруулга байсан. Гэтэл ийм анхааруулга өгөөд байсан Ерөнхий сайд одоо өөрөө өөртөө хандаж ийм шаардлага тавихад болохоор байгааг тодотгоё.
Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө Зөвлөхүүдэд 5-30 сая төгрөгийн урамшуулал олгосон гэдгийг Засгийн газрын эх сурвалж хэллээ. Ерөнхий сайд 7 зөвлөхтэй. Тэдгээрийг нь танилцуулбал, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Л.Гансүх ажиллаж байгаа. Харин бусад зөвлөхүүдээр Д.Батмөнх, Б.Ган-Очир, Э.Дөлгөөн, М.Хүдэрбаатар,О.Цогтгэрэл, Д.Кёкүшюзан Батбаяр нарын эрхмүүд тус тус ажиллаж байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайд,
-Ахлах зөвлөх Л.Гансүхдээ 14 сая төгрөг
-Зөвлөх Б.Ган-Очирт 30 сая төгрөг
-Зөвлөх Д.Батмөнхөд 15 сая төгрөг
-Зөвлөх Э.Дөлгөөнд 5 сая төгрөг
-Хэвлэл мэдээлэл хариуцсан Ц.Мөнхтөрд 10 сая төгрөгийн урамшуулал тус тус олгожээ.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдгээр нэр бүхий эрхмүүдийг зөвлөхөөр ажиллаад гуравхан сар болж байхад нь буюу 2012 оны 12 дугаар сард, шинэ оны өмнөхөн урамшуулал олгожээ. Тэгэхээр Ерөнхий сайдаас урамшуулал хүртсэн БОАЖ-ын сайд асан Л.Гансүхийн хувьд “Алтангадас” фракцийнханд үйлчилж, УИХ-ын гишүүн болсон гэх тодотголыг дагуулдаг. Оюутолгойн гэрээг байгуулахад онц чухал роль гүйцэтгэсэн гурван сайдын нэг тэрээр Ерөнхий сайдаасаа урамшуулал авах хувийн тохироотой байж болох ч, зөвлөхөөр ажилласныхаа төлөө бол шагнуулах цаг болоогүй л баймаар.
Түүнчлэн 30 сая төгрөгийн урамшуулал авсан зөвлөх Б.Ган-Очир ч бас анхаарал татаж байна. Улстөр дэх намтрыг нь харвал АН-ын Монгол хүн хөтөлбөр дээр ажиллаж байсан аж. Түүнчлэн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаад 3-хан сар болохдоо 40 сая төгрөгийн урамшуулал авсан нь, угтаа бол намынхаа хөтөлбөр дээр ажилласных нь шагналыг л Н.Алтанхуяг төсвөөс гаргаж өгч гэж харахад хүргэж байгаа юм. Тэрнээс Б.Ган-Очирын хувьд өмнө нь төрд ажиллаж байгаагүй нэгэн. Тэрээр Ерөнхий сайдтай хамт Бурхан Халдунд төөрсөн нөхдүүдийн нэг гэдгээрээ харин олонд илүү танигдсан байх магадлалтай. Учир нь төөрч, будилж ирснийхээ дараа адал явдлынхаа тухай бараг ном биччихмээр түүхийг хэд хэдэн сонинд ярьсныг нь санаж байна.
Уг нь Засгийн газрын тэргүүний зөвлөхүүдийг шагнах тухай асуудал Төрийн албаны тухай хууль, журам болоод Засгийн газрын шагналын тухай тогтоолын дагуу л шийдвэрлэгдэх ёстой. Тэр талаар өгүүлэхээсээ өмнө Ерөнхий сайдын зөвлөхүүдийн үүргийн талаар дуулгах нь зөв байх. Ерөнхий сайдын Ажлын албанд харьяалагдах Зөвлөхүүд нь Улс төрийн албан хаагч юм. “Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн аравдугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөлгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн бүх талын бодлогын зөвлөлгөө өгч, шуурхай үйлчилгээ, дэмжлэгээр хангах үүрэг, чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөлгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.” гэж эрхзүйн байдлыг нь тодорхойлсон байна.
Харин одоо Ерөнхий сайдын зөвлөхүүдээ урамшуулсан асуудал хууль журмыг хэрхэн зөрчөөд байгааг авч үзье. Төрийн албан хаагчийг жилийн эцэст үр дүнгийн гэрээг нь үнэлээд урамшуулах эсэхийг шийддэг. Тэгвэл Ерөнхий сайдын зөвлөхүүдийн тухайд нэгдүгээрт, үр дүнгийн гэрээ дүгнүүлэх нь байтугай байгуулж ч амжаагүй байхдаа шагнуулсан.
Хоёрдугаарт, тэд дараа нь гэрээ байгуулсан байлаа ч, тэдгээр нь төрийн жинхэнэ албан хаагчид буюу гэрээ байгуулж, дүгнүүлдэг захиргааны албан хаагчид биш. Түрүүн өгүүлсэнчлэн зөвлөх бол улстөрийн албан хаагч.
Гуравдугаарт, 5-30 сая төгрөгөөр урамшуулна гэсэн хууль, журам одоогоор хаана ч байхгүй. Одоо үйлчилж буй хууль тогтоомжоор ажилтныг дотоод журмандаа заасан болон Засгийн газрын тогтоол, Төрийн албаны зөвлөлийн журмын дагуу шагнах асуудлыг шийддэг. Байгууллага бүрийн хувьд онцлогтой ч, төрийн байгууллагын хувьд дунджаар 1-3 сарын цалинтай нь дүйцэхүйц мөнгөн шагнал бол их талдаа ордог. Ихэнх байгууллага дунджаар 1 сарын цалингийн 40-50 хувиар л ажилтнаа жилд нэг удаа шагнаж чаддаг. Гэтэл 3 сар болоод 30 сая төгрөг авна гэдэг бол 13 саяын цалингаас гадна "шагнал" авч байна гэсэн үг юм.
Засгийн газрын шагналын тухай тогтоолын гол агуулга бол төрийн байгууллага жилд нэг удаа 10 хүртэл албан хаагчийг 100 мянга хүртэл төгрөгөөр шагнана гэж заасан байдаг аж. Хэдийгээр одоо энэ тогтоолыг мэддэг хүн цөөхөн ч, тогтоол бол тогтоол.
Төрийн албаны тухай хуульд Төрийн албан хаагчийн шагнал, урамшууллын тухай хэрхэн заасныг авч үзвэл: 31.1. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараахь байдлаар шагнаж, урамшуулна:
31.1.1. мөнгөн шагнал олгох;
31.1.2. эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;
31.1.З. Засгийн газар ба төрийн дээд байгууллагаас шагнуулахаар тодорхойлох.
31.2. Төрийн албан хаагчид энэ зүйлийн 31.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно.
31.З. Төрийн албан хаагчийг энэ зүйлийн 31.1.1, 31.1.2-т заасан шагналаар шагнах болон мөн зүйлийн 31.2-т заасан мөнгөн урамшил олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар, энэ зүйлийн 31.1.З-т зааснаар шагналд тодорхойлох журмыг хуулиар тус тус тогтооно.
31.4. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно гэж заасан байх юм.
Төрийн албан хаагчдыг урамшуулах тогтолцоо ийм байдаг бол Төрийн үйлчилгээний албан хаагчдад ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохдоо МУ-н засгийн газрын 2005 оны 110 дугаар тогтоолыг мөрдөж олгодог аж. Тэр тогтоолыг мөрдлөг болгосны үндсэн дээр Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн белүүлж байгаа хүмүүсийг хамт олны хурлын шийдвэрийг үндэслэн 1 сарын болон сарын үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх урамшууллыг олгоно гэсэн дотоод журамтай ч байгууллага байна. Эдгээрийг өгүүлэхийн учир нь одоо мөрдөгдөж байгаа ямарч, хууль тогтоомжийг авч үзэхэд 3 сар ажилласан зөвлөхүүд 5-30 сая төгрөгийн урамшуулал авсан нь хууль, журам зөрчсөн асуудал юм.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна