-“Хүчит шонхор” захын түрээс нэг сая төгрөгт хүрчээ-
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал хотод ажиллаж байна. Нэр дэвшигч хотын захын худалдааны төв, захуудаар явж бизнес эрхлэгчидтэй уулзав. Тэрээр мөрийн хөтөлбөртөө гар дээрээс худалдаа эрхлэгчид, худалдааны төвд бизнес эрхлэгчдийг төрийн дарамтаас ангижруулж бизнесийн дарамтыг арилгана гэсэн билээ. Тиймээс энэ удаагийн уулзалтаа энэ чиглэлээр зохион байгуулсан юм.
Эхний ээлжид “Хүчит шонхор” захын худалдаачдын уулзав. Тэд нэр дэвшигчийг хүрэлцэн ирсэнд талархаад, анх удаа эмэгтэй хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаад баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь тус худалдааны төвд ажиллаж буй ажилчдын 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Тэд халуун халж хүйтэнд хөрж амь зуулгаа залгуулдаг ч төрийн дарамт үргэлж тэднийг зовоодог гэдгийг ч хэлж байв. Тухайлбал, “Хүчит шонхор” худалдааны төвийн удирдлагууд зургадугаар сараас эхэлж түрээсийнхээ мөнгийг нэмээд байгаа ажээ. Өмнө нь нэг түрээслэгч сардаа 170 мянган төгрөгийн түрээс төлдөг байсан бол одоо 800 мянган төгрөгийн түрээс төлөхөөр болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг түрээслэгч сардаа 800-1.000.000 төгрөгийг сардаа тушаахаар болжээ. Үүнийг нь эсэргүүцсэн бизнес эрхлэгчдийг худалдааны төвийн удирдлагууд дарамталж түрээсээ төлөхгүй бол газраа чөлөөлж өг гэдэг болсон байна. Энэ байдлыг яаралтай шийдэж өгч, эхчүүд эмэгтэйчүүдийн ажлын байртай үлдээж өгөхийг тэд нэр дэвшигч Н.Удвалаас хүсч байлаа. “ Хүчит шонхор” худалдааны төвийн бизнес эрхлэгчид юу ярьсныг тоймлон хүргэж байна.
Ногооны худалдагч Э.Намуунаа: Хятадаас төмс ирэхээ болиод удаж байна.Монгол төмс хямдхан, шуудайгаараа арван мянган төгрөгт ч хүрэхгүй . Тэгэхээр бүтэн жилийн хөдөлмөр үнэгүйдэж байна гэсэн үг. Харин Хятадаас орж ирж буй ногоо нэг кг нь 1000 төгрөгт хүрч байна. Тиймээс гааль дээр үнийн зохицуулалтыг яаралтай хийх шаардлагатай. Худалдан авах чадвар эрс муудсан. Нэг кг төмс 300 төгрөг гэхэд авч чадахгүй байна. Зах зээл бага учраас алдагдал өндөр байна. Энэ жилдээ хурааж авсан төмс борлогдож амжихгүй нь. Зоорь нь үнэ төлнө. Тариаланчдад олгодог хувь олгодог байвал хэрэгтэй байна. Амьдрал улам л хэцүү болоод байгаа шүү дээ, сайд аа.
Худалдан авагч Х.Цогт: Таныг дэмжиж байна. Эмэгтэй хүн төрд гараад ирвэл амьдрал өөрчлөгдөнө гэж бодож байгаа. Эрчүүд нэмэргүй л байна, өөрсдөө “ идээд” байвал амьдрал өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь залуучуудаа дэмжих хэрэгтэй гэдгийг л хэлмээр байна.
Худалдан авагч Б.Батдорж: Гадаад харилцааны асуудал дээр Ерөнхийлөгч болвол их анхаарч өгөөч гэж хүсч байна. Сүүлийн үед Есүсийн сурталчилгаа, сүм хийдийг багасгах тал дээр анхаармаар байна. Шүтэх, эс шүтэх нь чөлөөтэй гээд заачихсан. Гэсэн хэдий ч шашин хоорондын мөргөлдөөн улс гүрнийг мөхөөж байсан түүхтэй. Та анзаарсан бол манайд Есүсийн сүмгүй хороо, дүүрэг гэж хотод алга болжээ. Үүнийг бүгдийг нь буулгаад оронд нь цэцэрлэг, эмнэлэг байгуулах хэрэгтэй. Тиймээс та Ерөнхийлөгчөөр сонгогдвол хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байгаарай гэж хүсч байна. Биднийг ядуу байлгах сонирхолтой байгаа юм уу гэж бодогддог шүү.
Гурилын худалдагч Э.Энхмаа: Энд олон эмэгтэйчүүд ажилладаг. Өөрсдийнхөө амьдралыг өөд нь татахын тулд хичээж л байна. Хүнээс гуйхгүй амьдардаг. Хойчдоо та ямар нэгэн зүйлийг ард түмнийхээ талд шийдээрэй гэж захья даа. Ингээд нэр дэвшигч мах үнийг газар дээрээс нь очиж сонирхлоо. “Хэдэн сарын өмнө МАН-ын дарга Ө.Энхтүвшин нэг кг мах 1200 төгрөг гэж ярьж байсан одоо өөрчлөгдсөн, махны үнэ бүр буурсан” гэсэн хөгжилтэй яриагаар махны худалдагч нар нэр дэвшигчийг угтаж байв.
Махны худалдагч Н.Ядмаа: Махны үнэ ерөнхийдөө буурсан. Гэхдээ хөдөөнөөс орж ирэхдээ үнэтэй орж ирдэг болохоор мах үнэтэй байна гэсэн иргэдийн гомдол саналтай өдөр бүр тулгардаг. Бензиний үнэ 50 төгрөг буурлаа гэнэ. Буурахдаа 50-хан төгрөгөөр, нэмэх дээрээ тулахаар 280 төгрөгөөр нэмчихдэг.Төрд үнийн зохицуулалт гэж байхгүй байна. Өнгөрсөн өдийд 10.000 төгрөгөөр будаа гурил авдаг байсан бол одоо 10.000 төгрөгөөр юу авах вэ. Үндсэндээ 50 хувь буурчээ. Нөгөө талаар бөөний ченжийг бий болгож өгөөч. Тэгэхгүй бол иргэд олон ченжийн гараар дамжсан өргөн хэрэглээний барааг хэрэглэж, үнийн дарангуйлалд өртөж байна.
Худалдан авагч Б.Оюунчимэг: Махны үнэ өндөр байна. Нэг гулууз ямааны мах 130 мянган төгрөгт хүрчээ. Мөнгийг нь дийлэхгүй болохоор кг-аар нь авлаа. Хөдөө үнэтэй л гэх юм. Үнэн худлыг мэдэхгүй юм. Хамгийн гол нь хүнсний бүтээгдэхүүний үнийг зохицуулах шаардлагатай.
Гоо сайхны барааны худалдагч Гэрэлт: Монгол эмэгтэй хүн анх удаа төрийн тэргүүний сонгуульд эрчүүдтэй өрсөлдөж байгаад ихэд баярлаж байна. Таныг заавал ялаарай гэж хэлэхгүй ч одоо ингээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Монголын эмэгтэйчүүд бидний хувьд ялалт юм. Тиймээс би таны төлөө цайны дээж өргөнөө гэж хэлье.
“Хүчит шонхор” худалдааны төвд бараа нийлүүлэгч Н.Энхтайван: “Надад танд хэлэх хүсэлт байна. Энд ажиллаж байгаа бизнес эрхлэгчидэд нэг ч амралтын өдөр байдаггүй. Уг нь хөдөлмөрийн хуулиараа амрах ёстой. Хүүхдийн баяраар л амарсан. Төрийн байгууллагууд хоёр өдөр амардаг байтал эд нар улсын баяраар нэг удаа, хүүхдийн баяраар нэг удаа л амрах эрхтэй. Баянзүрх худалдааны төв болохоор долоо хоногтоо нэг удаа заавал амардаг. Энд бизнес эрхлэгчдийг амраахгүй байгаа нь “Хүчит шонхор” худалдааны төвийн удирдлагуудад байх шиг байна. Тиймээс та энэ бүхнийг анхааралдаа авахыг хүсч байна” гэлээ.

Үүний дараа нэр дэвшигч Н.Удвал “Долоон буудал”-ын үйлчилгээний төвүүдээр орж бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонссон юм. Тэд нэр дэвшигчдэд амжилт хүсээд сонгуульд ялалт байгуулаад эргэж ирээд эхчүүд, эмэгтэйчүүдийнхээ асуудлыг шийдэж өгөөрэй гэлээ. Нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр Хөвсгөл аймгийг зорих юм.
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна