Тоглолтынхоо зарыг хүмүүст бараг хүргээгүй, тэрэндээ ч ач холбогдол өгдөггүй гурван “этгээд” амралтын өдөр тоглолт хийлээ. Тоглолт нь товлосон хугацаанаасаа бараг цаг гаруйн дараа эхэлж байхад үзэгчид нь тоож байгаа ч шинж алга. Өөрсдөө ч яарч байгаа янз алга. Аягүй бол нөгөөдүүл чинь “Сонсох нэг нь хүлээж байгаад үзнэ биз” гэчихсэн “танхайрч” байж ч мэдэх л хүмүүс...
Тэглээ ч гэсэн тайзны ард байгаа гурван эрхмийг чин үнэнчээр сонсох дуртай хүмүүс ном ёсоороо танхим дүүрэн цуглаж, тэвчээртэй гэгч нь хүлээн суулаа. Ямар сюрприз барих бол гэсэн догдлолгүй, юу өмсөх бол гэсэн сонжоогүй, зүгээр л тэднийг сонсох гэж.
“Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай”-н Амраа, “Номин талст”-ын Дэлгэрмөрөн... Гурван өөр мэдрэмж, гурван өөр хэмнэл илэрхийлдэг мөртлөө тэд нэг хүн шиг сэтгэлтэй. Нэг хүн шиг дуулалтай. Тэд нэг тэнгэр, нэг л заяасан эх орноо зүрхэн голоос дуулдгаараа ижилхэн.
Эзэн богд Чингис хааны эрдэнийн амьд түүхэн сүмбэр Нууц товчоо мину
Эртний Монгол түмний он цагийн алтан шастир Нууц товчоо мину
Эрхэт төрийн зарлиг сургаалийн мөнхийн сүмбэр Нууц товчоо мину
Элээж эхлүүлэх цагийн хүрдэн буурал судар Нууц товчоо мину..
“Нууц товчоо”, “Төмөр хаан”, “Жалам хар”, “Андгай”... Ийм хүчирхэг үг, хүчтэй буулгатай дууг тэдэн шиг эрчүүд л дуулж чадна. Дуулсаар ч ирсэн. Гоё тансаггүй, шил толь болж чамирхаагүй тайзыг, танхимыг тэр чигт нь “Нууц товчоо” дууны сүр дарж буух шиг болов. Хаа ч явсан эх орноо дуундаа зурж, эр омгоо аялгуундаа тээж явдаг энэ эрсээр омогшихгүй гээд яана. Тэднийг бид сонсох л гэж сонсдог.
Гурван уран бүтээлчийн хамтран гаргасан “Мөнх хөх тэнгэр” цомгоос ирмэг, хүчирхэг, эх оронч, үндэсний, тансаг аялгуу нэвт үнэртдэг. Бас гэнэ гэнэхэн уянгалах шуранхай, сэтгэлийн тайвшрал, бахархал... Ер нь юу ч гэмээр юм бэ дээ, тэд бол тэсрэх бөмбөг шиг эрчүүд. “Андгай” тоглолт тэрэн лугаа адил хааяа аянга, салхи шиг бөмбөгдөж, заримдаа зөөлхөн аядуу бороо шиг шивэрлээ.
“Браво, Амраа” гэж зориулан хэлмээр байна. Хорин жилийн өмнөх л “Хар сарнай” биз дээ. Тэр одоо дөч шүргэж яваа эр хүн. Хорин жилийн урд л байсан эрч хүчтэй Амраа одоо ч хэвээрээ. Ийм насандаа цэл залуугийнх шигээ оч үсэргэж, тайз нуртал бүжиглэж чадаж байгаа Амраад баяр хүргэмээр байна. Энэ чинь л урлаг. Энэ чинь л “Хар сарнай” шүү дээ.
Үзэгчдийн дийлэнх нь “Харанга”-ын Лхагвааг онцолж сонсох гэж ирсэн хүмүүс байж магадгүй. Түүний сонсогчид хэзээ ч тоглолтыг нь алгасдаггүй. Хэзээ ч хамт дуулахгүй байж чаддаггүй.
-“Шинэ дуу шүү. Хурдан сураад, дараа хамт дуулаарай” гээд Төрийн шагналт Б.Шарав аялгуу хийж, өөрөө үгийг нь зохиосон “Хосын орчлон”-г тэр дууллаа.
Мөнхийн биш шүү амьдрал, орчлонд нэгнээ санана, тийм л учраас чам руу гаа яарна
Мөдхөн очино хайр аа, удаан хүлээлгэсэн сэтгэл амарч, уйтай хоногийг мартан тэвэрнэ
Мишээгээрэй хөөрхөн, тийм л дүр чинь нартыг баясгана, ийм л учраас чамдаа би яарна
Хүрээд очно хүлээ, хүсэл мөрөөдөл удахгүй биелнэ, хосын орчлонг хөгжөөж тэвэрнэ...
Лхагваа ах хайрын тухай олон гоё шүлэгтэй, олон сайхан дуутай. Дээгий ч бас. Эх оронч гэдгээ, энэ амьдралд хайртай гэдгээ тэр дуундаа л хэлдэг. Дээгий уянгын дуу дуулахгүй бол, тэр хайрын дуу аялахгүй бол юу билээ... Хаврын бэлэг, хайрын шинэ дууг нь сонсоорой. Тэр гуравтай хамт тэнгэр, газар, хайр, эх орноо дуулах мэдрэмж ер бусын байлаа. Хамт дуулмаар, сонсмоор, уяран догдолмоор. Тэгснээ онгирч омгорхон, давхимаар санагдав.
Хэчнээн сийчсэн ч цуцдаггүй даль жигүүрээ хэзээд бүү хумиарай, шонхорууд аа. Хамт дандаа дуулмаар байна.
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна