Ерөнхийлөгчийн нутгийн дүү, том харж бас том луйварддаг Э.Галбадрал хятад эрээс 2 тэрбумыг салгав


Хаяа дэрлэн оршдог Хятад улстай манай улс бүх талаараа холбогдсон. Хүнс, хувцаснаас эхлээд байгалийн баялагаараа хүртэл холбогдож, зарим нэг нь тэднээс хараат болчихсон гэхэд хилсдэхгүй. Тэрбум давсан хүн амтай энэ улсын хүмүүст бид ихэвчлэн хулхидууллаа л гэдэг. Харин манай улсын иргэн тус улсын иргэнийг хулхидсан, зүгээр ч үгүй тэрбумаар нь “идсэн” гэх мэдээлэл өөрийн эрхгүй сонирхол татлаа. БНХАУ-ын “Фүн Вий” компанийн захирал Улсын мөрдөн байцаах газарт энэ асуудлаар хандсан байх юм. Түүний мөнгийг сүйхээтэй аргаар булаасан залуу нь “Дэвжих гүүр” компанийн захирал Г гэгч буюу Э.Галбадрал гэнэ. Тэрбээр хятад иргэнээс хоёр тэрбум төгрөгийг нь залилж авчээ.

 

Түүний гаргасан гомдлоос үзвэл өөрийн компани гэх “Дэвжих гүүр” нь Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрлэдэг бололтой. Тиймдээ ч хятад иргэнд “Манай компани Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрлэдэг. Та манай компанийг машин техникээр хангавал хувь эзэмших замаар ашиг олох боломжтой” хэмээн сэнхрүүлж, нэлээд хэдэн мянган долларын үнэтэй тоног төхөөрөмж авахуулаад авч. Тодруулбал түүний хүсэлтийн дагуу 487 мянган ам.долларын үнэ бүхий есөн ачааны тэрэг болон нэг тэрбум төгрөгийн бусад зүйлийг нийлүүлжээ. Гэтэл мань хүн хүссэн зүйлээ авчихаад сүүлд нь новширчихож. Яг хувь эзэмших дээрээ тулахад “Та хувь эзэмшихгүй.

 

Албан ёсны бичиг баримт чинь алга” гэсэн хариу өгсөн аж. Тиймээс энэ хэргийг УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа юм байна. Энэхүү овсгоо гаргаж, баяжсан Э.Галбадрал гэгч нь Ховд аймгийн бизнесмэн хүн аж. Тэрбээр сүйхээтэй залуу бөгөөд оюутан байхдаа дэд Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж явсан нэгэн гэнэ. Харин одоо компанийн захирал хийхийн хажуугаар Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциацийн дэд тэргүүний албыг хашдаг юм байна. Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци хоёр жилийн өмнө байгуулагдсан бөгөөд уул уурхайгаас орж ирж буй ашгийг иргэдэд тэнцвэртэй олгох, хяналт тавьж ажиллах зорилготойгоор байгуулагдсан гэх асар том уриатай. Уг ассоциацийн анхны Ерөнхийлөгчөөр өнөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонгогдож байсан ч ийнхүү дэд Ерөнхийлөгч нь луйвар хийнэ чинээ санаагүй биз.

 

Тэрбээр ийнхүү ассоциацийн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа сонгуульд хүртэл нэр дэвшинэ хэмээн хөөрцөглөж явсан. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар Ховд аймгаас МАН, АН-ын нэр дэвшигчидтэй халз тулан өрсөлдөхөөр Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциацийн дэд тэргүүн, “Дэвжих гүүр” компанийн захирал Э.Галбадрал нэр дэвшихээр зэхэж байсан ч яагаад ч юм өрсөлдөөгүй. С.Бямбацогтоос эхлээд сүрдсэн байж болох юм. Аль эсвэл албан тушаал аваад арилаад өгсөн ч байж магадгүй. Учир нь тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэг нутгийн дүү нь. Түүний буянаар ч юм уу төрийн өмчид “Атом” компанид “хурган” даргын албыг хаших болсон. Үүнийг нь Ардчиллын хүчээр авсан “бэлэг” ч гэж зарим хүмүүс ярьдаг юм билээ. Тэгэхээр мань хүн том харж бас том луйвар хийдэг хүн байх нь.

 

Эх сурвалж www.chuhal.mn