Энэтхэг охиныг сургууль дээр нь хүчирхийлжээ


Энэтхэгийн Дели хотод долоон настай охиныг сургууль дээр нь хүчирхийлсэн хэрэг шуугиан тарьж байна. Энэхүү гутамшигт хэрэгтэй холбоотойгоор хэсэг хугацаанд тайван байсан Энэтхэгчүүд дахин жагсаал цуглаан хийж, цагдаа нартай мөргөлджээ. ВВС-ийн мэдээлснээр уурлаж бухимдсан олон зуун Дели хотын иргэд бузар хэрэг гарсан сургуулийн гадаа цуглаж, мод чулуу гарт тааралдсан зүйлсээ шидэж, тэднийг тараахыг оролдсон цагдаа нарт халдан, ойролцоо явж байсан гурван автобус руу чулуу шидэж, эдлэн сүйтгэсэн байна. Түүнчлэн олон зуун хүмүүс долоон настай хохирогчийн эмчилгээ хийлгэж буй Санжай Гандигийн нэрэмжит эмнэлэгийн гадаа цуглан эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэтхэгийн цагдаа нар энэ хэрэгтэй холбогдуулан тус сургуулийн багш нар болон хамгаалагч нарыг баривчлан байцааж байгаа бөгөөд сургуулийг түр хугацаагаар хаасан байна. 


Энэтхэгийн Дели хотын дарга “Сургуульд хүүхэд хүчирхийлсэн хэрэг гарсан нь үнэхээр цочирдом, ичгүүртэй хэрэг” хэмээгээд энэхүү хэргийн буруутныг заавал илрүүлж, зохих шийтгэлийг оногдуулахаа мэдэгджээ. Үүнээс өмнө Энэтхэгчүүд 23 настай оюутан бүсгүй Дели хотноо автобусаар зорчиж яваад бүлэг этгээдүүдэд хүчирхийлүүлж, зодуулсны улмаас амиа алдсан хэргийн дараа жагсаал цуглаан хийж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалуулахаар тэмцэж байсан юм. Энэхүү тэмцлийн үр дүнд Энэтхэгийн албаныхан хүчирхийлэх гэмт хэрэг үйлдсэн хэрэгтүүдэд оногдуулах ял, шийтгэлийг чангатгаад буй билээ. Гэсэн хэдий ч Энэтхэгт энэ төрлийн гэмт хэрэг багасах шинж ажиглагдахгүй байгаа нь удаа дараа гарч буй гарч буй жигшүүрт хэргүүдээс тодорхой харагдаж байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сард Махараштра мужид 6-11 насны эгч дүү гурван охиныг хүчирхийлж , худагт хаясан хэрэг гарсан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдсэн хэрэгтэн одоо болтол олдоогүй байгаа аж.