Гурван хонины үнэтэй ууц

Admin
Өчигдөр 11 цаг 42 минут

Махны ченжүүд гэдэг эрэлттэй үед нь үнээ нэмчихдэг “мэдрэмжтэй” хүмүүс байх юм. Яг л махны хэрэгцээ хамгийн ихээр нэмэгдэх тэр үед үнээ нэмчихнэ. Монгол түмний эртний нэгэн сайхан заншил цагаан сар хаяанд ирлээ. Буузны, ууцны гээд л мах төрөл бүрээр хэрэг болов. Хүмүүсийн нэрлэдгээр Дэнжийн мянгийн буюу “Хүчит шонхор” хүнсний захаар очлоо. Нийслэлийн хүн амын нилээн хувь нь тэнд бужигнаж байна.  Мэдээж махны үнийг ченжүүд аль хэдийнэ нэмчихээд “Манайхаас ав хямдхан бас тарган. Ууц авах юм уу, буузны мах авах уу” гэхчлэн гэмгүй царайлан, дор бүрээ шуугина. Энэ нэмдэг үеэр нь мах, ууц авахгүй нэг сайн хохироохсон гэж бодлоо. Тэгвэл ер нь яах бол... Ченжүүд ууцаа цагаан сарын дараа жинлээд зарах биз. Жинлээд авахад хонины ууцны ястай мах яагаад ч 200-400 мянган төгрөгийн үнэ хүрэхгүй мэт санагдана. “Хүчит шонхор” захын махны ченжүүд цагаан сарын ууцыг төрөл төрлөөр нь эгнүүлэн тавьжээ. Том, жижиг, ууцных сүүл үстэй, үсгүй гээд л. Нэгэнтээ бөөн ууцан дунд орсных үнийг асуухаар шийдлээ.  


-Ууц авъя. Энэ ууц ямар үнэтэй вэ? гээд эгнүүлэн тавьсан ууцнаас дунд зэргийн нэгийг заалаа. 


-300 мянган төгрөг. Дүү хүү жаахан “яриад” авахгүй юу даа. Одоо цагаан сараар мөнгөний хэрэгцээ их гарна. Ах нь хүний зовлон ойлгоно оо. Чам шиг ч залуу явсан. Баяр ёслолын хөлд чирэгдчих нь халаггүй явдаг байж билээ. Тэгэхээр дүү хүү ерөөсөө 285 мянган төгрөгөөр ав. 15 мянган төгрөг гэдэг ч бас мөнгө шүү дээ... 


-Баярлалаа ах хүү. Ер нь бол та зарж буй ууцаа хямдруулж өгч байгаа юм аа даа. Тэгвэл тэр хамгийн том ууц хэд вэ? Мөн ч том сайхан эр хонь байсан бололтой.


-Дүү хүү залуу хүн байна. Тийм ууцаар юу хийхэв. Наадхыг чинь баярхуу хүмүүс бусадтай өрсөлдөх гэж үнэ цохиж авдаг эд. Тэгэхээр дэмий, дэмий. Зүгээр сая үздэг ууцаа ав... гээд миний эхний заасан ууц руу хяламхийв.


-За тэр мөнгө төгрөг нь яахав. Үнэ нь хэд юм бэ, ах. Наадах чинь харин сайхан харагдаад байна.


-420 мянган төгрөг. Үүн шиг том ууц “Хүчит шонхор” зах дээр нэг л байгаа. Тэрийг нь бэл бэнчинтэй нэг азтай “нөхөрт” үнэтэйхэн өгчих санаатай. Юманд боогоод далд хийчихсэн юм.  


-Тэгвэл том ууц нь ямар үнэтэй эд вэ? Нэг мөсөн том ууц тавьчихвал удаан идэх юм биш үү?


-Дүү хэрэггүй дээ. Галуу дуурайж, хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэр шиг юм болно шүү дүү, айн. За яахав. Энэ сайхан ууцны үнийг нь болтугай сонсчихвол сэтгэл чинь сэрж мэднэ шүү, нээрээ.  650 мянган төгрөг. 

-Тэгээд жаахан ярих юм уу, энэ үнээр өгөх юм уу... гээд халаасаа ухаж, түрүүвчээ гарган барилаа. 

-За дүү. Наадхыг чинь хүмүүс биедээ гайхуулахын тулд авдаг юм. Гэхдээ чи сонирхож байвал 600 мянган төгрөгөөр шууд ав... гээд боолтыг задалж эхэллээ. 
-Хэрэггүй ээ ах аа. Боодолтой нь тэр чигээр нь авъя. Гаднаас нь харахад том гэдэг андашгүй харагдаж байна гээд хажууд зогсох залуугаасаа 

-Сайхан том ууц байгаа биз. Нэг худалдаад авчихвал овоо удаан идэхээр том юм гэвэл “Ууцнаас хэзээ идэх мах гарч байлаа. Энэ чинь яасан хэнхэгтэй нөхөр вэ” гэх шиг гайхсан янзаар хяламхийлснээ цааш явчихлаа.   

Махны худалдаачин ах “Дүү ч энэ сарын цагаан сараар хүмүүсийн өмнө ёстой цээж дүүрэн суух нь дээ. Ийм ууц тавьсныг чинь харсан хүмүүс атаархаад үхэх шахна даа” гэж тас тас инээнэ. Харин би түрүүвчээ далд хийн, явахаар завдтал
-Дүү хүү ууцаа хэзээ авах юм бэ?

-Удахгүй. Цагаан сарын дараа авъя. Гэхдээ тэр үед ууц ямар үнэтэй байна. Түүнээс нь жаахан яриад өгчихвөл сайн байна. Цагаан сараар чинь мөнгө их орно. Мань мэт нь хөлд чирэгдэх шахдаг юм. Та ч бас залуу явсан хүн ойлгоно биз дээ гэж хэлээд явчихлаа. 

Хэсэг лангуу өнгөрсний дараа эргэн харвал махны худалдаачин өнөөх үнэтэй ууцаа цааш далд хийж буй харагдана. 600 мянган төгрөг гэдэг гурван бүдүүн эр хонины үнэ. Гэтэл ганцхан хонины “ар тал”-ыг цагаан ширээн дээр данхайлгахын төлөө гурван хонины үнийг төлөх тэнэг хүн би биш. Үнэтэй ууц тавьсан, тавиагүй цагаан сар болдгоороо л болно. 

Махны ченжүүдээ гэж эрэлттэй үед нь үнийг нь нэмчихдэг “мэдрэмжтэй” хүмүүс юм аа. 

Эх сурвалж www.news.mn