Хотын зүүн зах болох Улиастайд нүд хальтарч, сэтгэл шимшрэм амьдралтай бяцхан хүүхдүүдийн дүр зурагийг уншигч та бүхэндээ өгүүлье.
Жижигхэн хөнгөн цагаан түмпэнд ширэлдсэн арзгар үстэй жаахан охин хувцас угааж, хажуудаа алгын чинээ нүүрс газарт овоолжээ. Хааш, хаашаа хоёр алхам зуны байшин үнэхээр хүйтэн, энэ өвлийг байтугай энэ шөнийг яаж даана даа гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд бууж байсан юм. Хувцас угааж буй бяцхан охиноос гадна 4 жаахан хүүхэд байх бөгөөд газар зулж дэвссэн хөнжил шиг ноолорсон нөмрөгөн дотор нэгэн том хүн унтаж байлаа. Сэтгэл өвдөж нүд халтирам энэ дүр төрхийг хархад шууд Непал, Энэтхэгийн ядуу тосгонууд төсөөлөгдөж байсан юм.
Эх нь өнгөрөөд хорвоог орхиж, балгадаг эцэгтэй үлдсэн таван хүүхдүүдийн хамгийн бага нь 3 настай бөгөөд хамаг биеэр нь дүүрэн үү, яр шавжээ. Шарханд нь эцэг нь тос түрхсэн гэх, ямар тос түрхснээ ч мэдэхгүй суугаа бяцхан амьтан инээж байгаад л гэнэт уйлах юм, бодвол шарх нь өвдөөд зовоож байгаа бололтой. Нөгөө 2 хүүхэд нь 3 дугаар анги гэхэд дэндүү давжаа биетэй юм. Идэж байгаа хоол ундны хомсдолоос болж өсөлт нь удааширчээ. Энэ айлыг нуруун дээрээ авч явах эцэг болсон ганц хүн нь гар хөлөө хөлдөөснөөс болоод хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон байна. Энэ мэтчилэн зовлон яривал их байна л даа, гэтэл сүүлийн үед яагаад ч юм ижил төрхтэй дүр зураг хэт олон харснаас болоод ч тэр үү хамгийн түрүүнд “Бодит юу хийж чадах вэ” гэсэн бодол л толгойд орж ирдэг болж.
Чежү арлаас ирсэн ганц хайрцаг хувцасыг тэр чигээр нь тэдэнд өгсөн юм, үстэй дулаахан өвлийн гутал байсныг уранхай гуталтай бяцхан охинд нь өмсүүлж үзэж байгаад жаахан томдохоор нь оймс давхарлаад өмсгөлөө. Хөл нь инээж байгаа байх даа зайлуул. Нүүр амгүй яр шарх болсон нялх амьтанд өгчих юм олдохгүй чихэр өгч үзлээ, чихмэл өгч үзлээ, хүүхэд л юм болохоороо инээгээд л чихрээ идээд, чихмэлээрээ тоглож суусан. Ёстой л арга ядсан түр зуурын үйлдлийнхээ цаана яана даа л гэж бодож сууснаа нуух юун, надтай цуг очсон сайхан сэтгэлтэй хүмүүс маань ч тэгж л бодож суусан байх,
Төгстөгөлдөр гэдэг хөөрхөн нэртэй тэр хүүгийн төрсний гэрчилгээг ааваас нь салгаж авлаа. Ядаж тэр үү, ярнаас нь салгачихмаар санагдаж, хүүхдийн сувилалд хэвтүүлж асарч, эмчлүүлэхээр шийдсэн юм. Дүрэм журмынх нь дагуу явбал тасаг байхгүй, хүн нь дүүрцэн гээд дашийн шог болно байлгүй дээ, хамгийн боломжтойнууд нь хүртэл хаалгадаад байдаг юм билээ, болохгүй бол тэр аргаар нь ч болов эмнэлэгт хэвтүүлж жаахан ч гэж тус болохыг бид бүхэн шийдсэн юм.
Энэ гэр бүлийн амьдарал энэ мэтчилэн орхигдсон хэдэн мянган амьдралын нэгэн тод жишээ шүү дээ. Үүний цаана дахиад ийм амьдрал хэдэн мянгаараараа байгаа гээд бодохоор үнэхээр зүрх шимширмээр. Ийм амьдралыг бууруулах нь уг нь ам баатар сайд, дарга нарын маань хийвэл зохих бас илүү үр дүнтэй ажил болох юм шүү дээ. Даанч манай түшээд албан тасалгааны цонхоороо ардын амьдралыг олж харах биш дээ. Паартай байшинд суучихаад тоон хөгжил ярих дуртай сайд дарга нар … Тоо нь амьдрал дээр буугаагүй байгааг тэд мэддэг болов уу ? Үгүй байх аа, Хэдэн өрхийн эмч, сайн дурын цөөн хэдэн байгууллага, ганц нэг нийгмийн ажилтан л үүнийг мэддэг байх. Нэг бол зүгээр ярихгүй байвал яадаг юм бол ? Ойлгодог, мэддэг юм шиг худлаа сайхан юм яриад байхаар чинь та нар өөрсдөө сайн хүн шиг харагдаад хэцүү юм байна шдээ.
Олон жил гадаадад байхдаа энд тэндхийн веб сайтан дээрээс Монголынхоо тухай уншаад л чухам баярладаг байлаа, хичнээн төгрөгний гэрээг амжилттай хийсэн, бээлийг нь хийхэд л тэрбумтан болох их хөрөнгө оруулалт оржирсэн, мундаг хувцасны том брэнд Монголыг минь тоогоод орж ирлээ гээд л … Тийм юм ерөөсөө энд алга, хотын төвийн 4 байшингийн дунд л тэр бүх мөнгөө хуваагаад цацчихсан юм шиг санагдаж байна, эгээ л хөлдөөд үхчихгүй өдөр хоногийг өнгөрөөж яваа хүмүүс, утаа тортог тарьсан, хотын төвийн тэр 4 байшингийн дунд амьдарч байгаа хүмүүсийг хордуулсан гэдэг муу нэртэй.
Би гуйлга гуйх гэсэнгүй, уянгын халилтай шүлэг бичиж, өрөвч нэгнийх нь халаасыг чангаах ч гэсэнгүй, өөрсдийнхөө хэмжээнд хүүгийн асуудлыг шийдчихэж чадах байх. Би зөвхөн Монголд амьдрал маш муу байна гэдгийг л тэнгэрт нисэж яваа тэр нөхдүүдэд хэлэх гэсэн юм.
За яахав энэ хүүхдийг яаж ийгээд эмчиллээ гэж бодьё, тэгээд дараа нь яах вэ ? Яагаад хүмүүс “Энхчимэг охинд туслая” , “Хосбаяр хүүг аврая” гэхээр туйлширч, хуйларч гүйгээд байна ? Яагаад нэг асуудалд анхаарлаа хандуулаад цогц асуудалд болохоор анхаарлаа хандуулахгүй байна ? Нэг хүүхэд арай амархан, ойрхон юм шиг санагдаад тэгэж байна уу ? Нэг биш хүүхэд байгаа гэдгийг эрхбиш бүгд мэдэж байгаа байлгүй дээ ? Ийм л хүүхдүүдэд өг гээд өгсөн мөнгөө дундаас нь дээрэмдүүлчихээд, дахиад өөрийнхөө халааснаас байдгаа шавхаад өгье гээд гүйж явах, тэрийгээ сайн үйл гэж нэрлэж урамших … Ингэж гал унтраагаад түймэр зогсох уу ?
1000 хүүхдэд бэлэг өгнө гэж зориглон орсон ажил минь маш их зүйлийг надад бодогдуулсан юм. Хамгийн хэцүү амьдралтай, нэн ядуу өрхийг олох гэж энд, тэнд гэр хорооллын гудамж хэсэн явахдаа Монголынхоо амьдралын үнэн төрхийг улам тод харж хөшигний цаана ямар бараан амьдрал нуугдаж байдгий бие, сэтгэлээрээ мэдэрсэн юм. Үүнийг уншаад уншиг ч та ч гэсэн нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ