Сайн байна уу сайхан намаржаад, сайхан өвөлжих гэж байна уу, ажил төрөл, уран бүтээл сайн, арвин биз дээ?
Сайхаан, луу жил сайхан зуншлага болж, тэр нь эргэх дөрвөн улирлаа тэгшитгэн тэтгэж, сайхан намрыг үдэж байна. Уран бүтээл их, эрж сэтгэсэн, эрч хүчтэй он жил байлаа даа.
“Айргаар цэнгэгчийн орон” нэртэй дууны цомгоо гаргаж, анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо хийснээс чинь хойш багагүй хугацаа өнгөрсөн байна?
Тиймээ, бараг 3 жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хооронд шүлгээ бичээд л, дууны шинэ шинэ уран бүтээл дээр ажиллаад л явж байна. “Айргаар цэнгэгчийн орон” дууг маань анхлан Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар дуулсан бол саяхан долоон дуучин тухайлбал, энэ хоёр дээр нэмэгдээд Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг, Л.Банзрагч, Ц.Оюумаа, Л.Чулуунбаатар нар дууллаа. Үргэлжлүүлээд клип хийх ажил ундрана даа.
Сүүлд Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноровын ая “Ембүү цэнхэр хайрхан” дууг шинэхэн гавъяат, Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар дууллаа. Г.Ариунбаатар гавъяат бас Даян аварга Г.Өсөхбаяр аваргад зориулсан “Өндөр аварга” нэртэй дууг маань дуулсан. Мөн манай Д.Буянравжихын ая “Зүгээр ч нэг дурсаагүй” дууг МУГЖ Г.Эрдэнэцэцэг дуулж, Цэн.Эрдэнэбатын ая “Сарнайхан” дууг МУГЖ, Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан дуулж бичүүлсэн. За тэгээд залуу дуучид, Д.Намсрайноров, А.Хосбаяр, Б.Оюунбат, Р.Бадралмаа, Б.Буянжаргал, Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий нартайгаа хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр, Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Н.Баасандорж, ая зохиогч Б.Пүрэвсүрэн, Р.Билэгт, Б.Дамбадаржаа, П.Намширболд, Д.Бадамсамбуу нарын аялгуугаар шинэ уран бүтээл нэлээдгүй хийлээ.
“Гүйгүүл морин” дуугаараа алдаршсан манай Төв аймгийн Бүрэн сумын харъяат А.Хосбаяр дүү маань саяхан анхны уран бүтээлийн тоглолтоо сайхан хийсэн. Түүний дуулсан миний олон дуу хүмүүст хүрсэн нь “Тэргүүн хамбын нутаг”, “Хайрхан сүмбэр шүтээн”, “Бүсгүй чамдаа”, “Хол чиг ойрхон амраг” зэрэг дуунууд юм. Дээрх уран бүтээлчидтэй сүүлийн 3 жил хийсэн шинэхэн уран бүтээлээс шилж сонгож байгаад хэвлүүлсэн “Чамайгаа санахаар...” гэсэн нэртэй шинэ хос цомгоо саяхан гар дээрээ хүлээн аваад байна. МУСТА Л.Болдбаатарын дуулсан “Чамайгаа санахаар...” гэдэг дуугаараа нэрлэсэн юм, учир нь энэ цомогт маань ихэвчлэн хайрын дуу зонхилсон байгаа.
“Чамайгаа санахаар” дуу маань, яагаав нөгөө
Сэтгэлийг чинь хайрлахаар
Сэмхэн санаа алдахлаар
Сэвлэгийг нь үнэрлэхээр
Сүнжидмааг л аялахаар
Ай хө, зүрх сэтгэл минь хөглөгдөхийм /дуулав/ гээд л явдаг даа. Үүнийг хүмүүс мэддэг болсон байна лээ шүү.
Энэ цомог маань 16 дуу, 13 шүлэгээс бүрдсэн хос цомог юм. Шүлгээ бүгдийг нь өөрөө уншиж бичүүлсэн.
Бас болоогүй ээ, нэг түүхэн жүжгийн зохиол дээр сууж байна. Мөн мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргалдаа зориулсан бэсрэгхэн, зурагтай хөөрхөн ном хэвлэхэд бэлэн болголоо. Япон хэлрүү орчуулсан үүнийг их аваргатайгаа уулзаж байгаад “виз” аваад Наран улсад “зорчиулах” санаатай. Иймэрхүү л байдалтай явж байна даа.
Таны сурагч ахуй нас, оюутан цаг хэрхэн өнгөрөв, хаана хаана боловсрол эзэмшив?
За, би чинь Төв аймгийн Зуунмод хотод 1983-1993 онд 10 жилийн сургуулийг орос хэлний Чимгээ багштай ангийг төгссөн. Багшдаа “эрхлээд” хэлээ олигтой сураагүй дээ. Сахилгагүй, тэгэхдээ гэмгүй мөрөөрөө, ном их уншдаг тийм л хүү байлаа. Дээр нь хэл, уран зохиолын хичээлдээ дажгүй, шүлэг хааяа бичдэг, дуулах дуртай, бөх үзэх их дуртай. Зун амралтаар хөдөө Бүрэнгээдээ л явна, пионерийн зуслан мусланд яваагүй дээ. Нэг удаа л 5 дугаар ангидаа билүү дээ “Өгөөмөр” зусланд явсан чинь хотын хоёр охин надад Каадар гэдэг нэр хайрлаад, түүнээс хойш найзууд, ер бүх хүмүүс ингэж дуудах болсон юм.
1993 онд хотод орж ирээд Дорно дахины гүн ухааны дээд сургуульд суралцан тэндээс их ч зүйлийг “хүртсэн” дээ. Зах зээлийн шилжилтийн хэцүү үе байсан болоод ч тэрүү, ном эрдэмээ л сайн сурах ёстой гэсэн ганц бодолд л уяатай гүйсээр оюутан насаа үдсэн. Эндээс “хүртсэн” өөр нэг том зүйл нь миний амьдрал юм. Би ханьтайгаа учирсан. Манай хүнийг Д.Отгонбаяр гэдэг. Бид хоёр ханилаад чамгүй хугацааг ардаа орхиж, одоо туршлагатай аав ээж болжээ.
Шинэ цомогт маань ханьдаа зориулсан олон хайрын дуу бий. Ханьдаа зориулсан нэг хайрын шүлгэндээ өөрөө ая хийсэн гэж байгаа бас. “Солонгон цаана” гэдэг нэртэй уг дууг Хишгээ, Дээгий хоёр маань дуулсан.
За тэгээд мэдлэг мэргэжилээ дээшлүүлэх шаардлагаар МУИС-ийн ХЗДС, Удирдлагийн академийг төгссөн. Багаасаа өнөөг хүртэл олон ч найзтай даа би. “Зуун зоостой байхаар зуун нөхөдтэй бай” гэдэг үнэн үг. Багынхаа андуудтай уулзахаар нэг л сайхан байдаг юм, саяхан нэг уулзацгаагаад л.
Энэ дашрамд нэг талархаж явдаг зүйлээ хэлэхэд, 2010 онд Монгол бөхийн өргөөнд болсон миний “Айргаар цэнгэгчийн орон” тоглолтыг үе үеийн маань бүх л найзууд, хүмүүс дэмжиж ирж үзсэн, өргөөнд багтахгүй юм билээ. Бүр 10-ийн А,Б,В,Г ангийхан гэж ирээд л үзсэн шүү, тэгээд л нутаг нуга, ах дүү төрөл төрөгсөд, ажлынхан гээд л. Сайхан байсан.
Манай МУИС-ийн ХЗДС-ийн ангийхан миний “Бүсгүй чамдаа” дуунд их хайртай, бид Баянбуурал амралтанд өнжихдөө энэ л дууг өдөржингөө дуулалдсан юм даг.
Аяа миний хайрын охь
Алаг зүрхний уяа минь
Аяа минь сэтгэлийн охь
Амин зүрхний уяа минь /дуулав/ гэдэг дээ.
Тэгэхээр таны 2 дахь цомог буюу шинэ цомгийн баяр удахгүй болох нь гэж ойлгож болох уу?
Тийм ээ, энэ сарын 25-нд бүтэн сайн өдөр Бөхийнхөө өргөөнд тоглолтоо хийнэ дээ. Дээр хэлсэн бүх уран бүтээлчид оролцох болно.
Тоглолтыг маань Б.Туул захиралтай DX продакшн, Болд захиралтай “В sound”-ийн хамт олон мөн Г.Сурмаа тэргүүнтэй УБ хот дахь Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо зохион байгуулж байгаа. Цомгийн ажил эхлэхээс авахуулаад өдий тоглолтын ажил хүртэл туслаж дэмжсэн найзууд, бүх хүмүүстээ талархаж буйгаа дамжуулая. Мөн хамтран ажилласан хөгжмийн зохиолчид, дуучид, дуу бичлэгийн студи /Анир, Колор, Намуун, Т рекордс, Soft music/-йнхэндээ баярлалаа.
Та өөрөө сая хоёр ч дуугаа аялалаа, шаггүй дуулдаг шиг санагдлаа?
“Дуунд дуртай болов оо би” гээд сайхан дуу байдаг даа. Дуу бол монголын гэлтгүй аливаа ард түмний хамгийн ойр нэвтэрхий “хэл” нь юм шиг байгаа юм. Хөгжмийн зохиолчдыг, аль эсхүл яруу найрагчдыг ч “яагаав нөгөө тэр дууны” гэхээр хүмүүс их сайхан хүлээж авдаг. Би ч хөгжмийн зохиолч, яруу найрагч найз нараа энд тэнд тэгж л танилцуулдаг, дуу хүмүүст ойрхон байдгаас тэр биз.
Анхлан би 2000 онд байна уу даа “Ус мөрөн олон чиг” дууг сонсоод басхүү шүлгийг нь манай нутгийн З.Түмэнжаргал ах зохиосныг нь мэдээд, өөртөө “За би ийм сайхан дуутай хүн болно доо” гэж амласан сан. Түмээ ах тэгэхээр миний эчнээ багш, энэ дуу миний нэгэн ташуур байж. Түүнээс хойш дууны шүлгээр “өвчилсөнийх” би өөрөө дуулах дуртай болохоор юмуу даа.
Оюутан байхдаа Улсын филорамонийн Ухнаа гуайн зохион байгуулсан уралдаанд оролцоод л “хэмжээггүйгээрээ” дуудуулж загнуулаад л, мань Ухнаа гуай намайг урлагруу уруу татах гэж үзээд бүтээгүй. “Сүүдэр цармын цэцэг”, “Нутгийн чулуу”, “Элбэрэл” зэрэг дуунуудыг дуулж энд тэндэхийн уралдаанд оролцдог л байлаа.
Миний нэгэн мөрөөдөл байдаг нь симфони оркестртой дуулж үзэх юмсан гэсэн мөрөөдөл.
Мэргэжлийн хяналтын системд 2006 оноос ажиллах болсноосоо хойш НМХГ-ын урлагийн наадамд 2009 онд, саяхан болсон МХЕГ-ын урлагийн наадамд тус тус “Ус мөрөн олон чиг” дууг дуулж түрүүлсэн шүү.
Энэ жил манай Хяналтын байгууллага үүсч хөгжсөний 90 жил, мэргэжлийн хяналтын хэмээн нэгдсэн тогтолцоонд шилжин ажилласны 10 жилийн давхар ой тохиож байгаа юм. Энэ ялдамд нийт системийнхэндээ ойн баярын мэнд хүргэж, аз жаргал, амжилтын дээдийг хүсье. Та нар минь монголын ард түмний эрүүл, аюулгүй байдлын төлөө, хуулийг чанд сахиулахын төлөөнөө цаг наргүйгээр, эх орныхоо өнцөг булан бүрт зүтгэж яваа хүмүүс шүү.
“Чамайгаа санахаар...” нэртэй шинэ цомогт тань таны өөрийн дуулсан дуу байнаа?
УГЗ Н.Ганхуягийн шүлэг, УГЗ Г.Алтанхуягийн ая. “Өвөр зөөхийн өвөлжөө”. Надад энэ дуу их таалагддаг. Бага насыг минь, нутаг нугыг минь, хөгшидийг минь санагдуулсан дуу. Дуулмаар санагдаад л болдоггүй. Яг студид очоод дуулаад бичүүлэхээр их хэцүү юм билээ л дээ. Дуучдыг тэгж багахан ч болов ойлгосон.
Энэ дууг дуулахаар хөдөө Бүрэндээ мал малынхаа захад байгаа хөх хэмээх Гомбосүрэн ах, аймгийн заан Ёндон ах, том Жаажаа хэмээх Найдандорж ах, сайхан дуулдаг Дөөдөө хэмээх жолооч Төртогтох ах минь санагддаг. Ээжийн минь аав, бурхан болсон л доо, ёстой л нэг “өндөр хөх” Т.Лувсандорж өвөө минь, аавын минь ах О.Пагваанайдан ах минь, Ангиа хэмээх Гангадарь өвөө минь адуутайгаа, айрагтайгаа, уул лустайгаа, Хуримын ордоны анхны дарга, Хүүхдийн паркийн мөн анхны дарга хүртэл албыг хашиж явсан миний хадам аав Д.Дашдэндэв гээд л ер ачтай буянтай садан бүгд дурсагдан санагдах жишээтэй, сайхан дуу. Надад бас л ташуур өгсөн дуу.
Би хэдийгээр мэргэжлийн дуучин биш ч гэсэн манай удмаас хэзээ нэгэн цагт сайхан дуучин төрөөд “манай хэн ийм дуулдаг байж” гэвэл баримжаа, барьцаатай юм болов уу л гэж дуулсан дуу /инээв/.
Төрж өссөн нутаг хаанах вэ?
Төв аймгийн Бүрэн сум, нэг сум гэхэд алдартан гавъяатнууд олонтой юм билээ л дээ. Тэнд өссөн хүн авъяас билэг нь дэлгэрэх нь арга ч үгүй юм уу даа?
Ах дүү бид аав ээжээс дөрвүүлээ, дөрвүүлээ л Хэнтий аймгийн Өндөрхаанд төрсөн. Бидний унасан газар угаасан ус минь Өндөрхаан хайрхан, Хэрлэн мөрөн юм. Энэ уул лусандаа сүслэн залбирдаг, бид. Аав ээж хоёр минь одоо хотод амьдарч байна.
Төв аймгийн Бүрэн бол аавын минь нутаг, аргагүй миний уг эхлэл, эш язгуурын нутаг. Тэнд би хар нялхаараа очиж, аавын ээж, түүний ээж хоёр дээр хүн болсон юм. Эмээ минь ярьдаг юм, “Баатарыг хулдаасан угжаар чихэртэй хар цайгаар угжиж хүн болгосон” гэж. Тэгээд эмээгийнхээ өвөрт л унтана. Эмээ минь өвлийн өглөө гэрт хүйтэн байна гээд миний өмд, дээл, цамцыг гал дээр ээж дулаацуулаад, дотуур нь халуун гараараа илж байгаад хөнжилийг минь сөхөөд надад өгдөгсөн. Би хөнжил дотроо тэр дулаан хувцасыг өмсөөд, дааралгүй босож байгаа нь тэр. Нүдний хараанд сайн гээд миний “рашаанаар” нүдээ угаана. Надад амин хайртай муу хоёр эмээдээ би дураараа л эрхэлдэг байж билээ. Р.Дэжид, Ч.Отгон гээд миний хоёр эмээ. Би энэ шинэ цомгоо энэ хоёрынхоо гэгээн дурсгалд зориулсан юм. Гол нь эмээгийн ээж намайг их эрхлүүлнэ, хир халдаахгүй тэр Р.Дэжид гэж хүн надад. Ургийнхаа тэрсхэн хөвгүүдтэй хонь хурганы бэлчээрт тоглоод, ар тийшээгээ сөхөөгүй, ангарайтан тоглож байхад, эмээ морь уначихсан, шилбүүр барьчихсан шогшуулж ирээд, миний хажууд газар ороолгочихоод, тэднийг минь шавхуурдаад хөөгөөд харьчихдагсан. Эмээ минь тайж хүний хатан байсан гэдэг юм. Би чинь хатан хүнээр бөөцийлүүлэн хаан заяатай л өссөн гэж одоо өөрийгөө боддог юм.
2011 онд би Бүрэндээ эмээгийнхээ газар дээр 21 жилийн дараа очиж, идээ будаа өргөөд, дотроо уужиртал уйлсандаа /нүдэнд нь нулимс цийлэгнэж хэсэг дуугүй суусан/. Эмээгээ өнгөрөхөд би дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч байсан болохоор юмны цаад наад учрыг мэдэхгүй хүүхэд л байж дээ.
Асуултаас чинь их л хальчихлаа. Би Бүрэнгийнхээ алдартнуудыг оруулаад “Манайх гэдэг Бүрэн улс минь” гэсэн шүлэг бичсэн, түүнийгээ цомогтоо оруулсан. Гол нь энэ нутгаас ийм мундаг хүмүүс төрөн гарчээ гэдгийг өсвөр хүүхэд залуус шүлэглээд цээжилчихвэл, тэгээд түүнээ уншдаг байвал тэр энэ гэж дэлгэрэнгүй тоочиж байснаас дээр юм уу гэж бодсон.
2014 онд сум байгуулагдсаны 80 жилийн ой болно. Манай аав энэ сумыг 12 жил удирдаж байсан хүн. Би одоо сумынхаа УБ хот дахь нутгийн зөвлөлийн гишүүн. Төрийн соёрхолт, яруу найрагч Дөнгөтийн Цоодол ахтайгаа ярьж хэлэлцээд, суманд байдаг Ж.Самбуу гуайнхаа нэрэмжит цэцэрлэгт нэг сайхан уран бүтээлийн хөшөө сүндэрлүүлэх санаатай зураг төсөл, төсөв бүгдийг нь гаргачихсан нутгийн зөвлөлийн хурлаар оруулах санаатай л явж байна. Олны хүч оломгүй далай гэдэг, бүтээнэ дээ.
Уран бүтээлийн хойноос, түүнээ сонсчих гээд, бичих гээд, босгочих гээд их шаргуу шунагтан явдаг юм би. Тэгэхээр энэ шунал минь зөв шунал юм уу л гэж боддог шүү дээ.
Ном их уншдаг хүүхэд байлаа гэсэн дээ, сүүлийн үед ямар ном уншив?
Намайг сургуульд байхад ном уншдаггүй хүүхэд бас их ховор байсан юмаа. Нийгмээрээ л уншдаг байж гэх юм уу даа, саяханы 1980, 90 он шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол сонирхол нь тийм байж, өөр ч чөлөөт цагаа өнгөрөөгөөд байх зүйл нь ховор тачир байж. Одоо бол өөр цаг, шал өмнөө цаг. Тэгэхдээ номыг гүйцэх ер юу байх вэ дээ.
Цалин буухаар би номын дэлгүүр ордог “хуучтай”, үүнийг ааваасаа өвлөсөн. Саяхан Ц.Хуланг “хайж” явсаар байгаад Л.Өлзийтөгсийг “олж” уншлаа. “Үзэхийн хязгаар” гэж ном байна. Ц.Хулантай өөртэй нь яриад, номыг нь борлуулж байгаа дэлгүүрийг нь заалгаад, “Зүгээр нэг амьдрахсан”-г нь олж уншсан даа. Манай нутгийн “гандан буурч гамбир хайрахгүй” эгч дээ /инээв/. Ц.Хулан эгчээс нэг тийм “данагар” байдал мэдрэгдээд байдаг юм. Д.Цоодол ахынхаа “Хөеө”-г уншлаа, намайг их шиг хөглөсөн дөө, тэр ном. Уншъя хэмээн худалдаад болон бэлгэнд авсан номнууд нэлээд байнаа, гэрт.
Одоо Александр Вампиловын “Шилмэл жүжгүүд”-ийг уншиж байна.
Танд өрсөлдөгч бий юу, үүнээс гадна өнөөгийн Монголын талаар, залуучуудын талаар ямар бодолтой явдаг вэ?
Хүмүүс хүмүүстэйгээ өрсөлддөг. Найз нь найзтайгаа, хамтран ажиллагч нөгөөтэйгөө, нэг салбарынхан дотроо бусадтайгаа, аль эсвэл бүр хаа хамаагүй хүмүүс өөр хоорондоо гэх мэт. Өөрөөр хэлбэл, энэ өрсөлдөөн атаархал дээр суурилаад явагдаад байх шиг. Гэвч амьдрал дээр энэ гол зүйл биш.
Миний хамгийн өрсөлдмөөр санагддаг, хичээдэг, “хүсдэг” хүн бол би өөрөө. Хүн өөррүүгээ сайн харах хэрэгтэй, өөрийгөө нээх, өөрийгөө гүйцэх хэрэгтэй. Тэгэхээр би өөр бусадруу хараад амьтаад, атаархаад, мөчөөрхөөд байдаггүй, өөрөөрөө л байдаг.
“Хүн бусдын тавагтай хоолруу заавал хардаг” гэсэн миний нэг афоризм байдаг юм. Та нар ресторан, хоолны газар орохдоо өөрсдийгөө болон найз нараа ажиглаарай. Энэ нь хүнд байдаг нэг ёсны зуршил дадал байх шиг байгаа юм. Өнөө л өөрийгөө бус бусдыг харж явдагийн жаахан мэт боловч том жишээ.
Өнөөгийн Монголын байдал эргээд Манжийн дарангуйлалд орохын өмнөх үе шиг байдалд шилжиж ирээд байна уу гэж хааяа бодогддог. Сэхээтэн, удирдагчид нь хэд хэд хуваагдчихсан, нэгдмэл хүч нь сарнисан, эв нэгдэлгүй тийм л байдал тэр үед ноёрхож байсан, өнөө бас тийм байна. Хэдэн сайн хуульч, хэдэн сайн эдийн засагч, хэдэн сайн бизнесмэнүүд гэх мэтчилэн ер бүгд өөр өөр ашиг сонирхол, өөр өөр сонголттойгоор эсэргэлцээд зогсчихдог. Ингэхээр улс орон яаж урагшлах вэ.
Монгол нутаг дээр монгол хүн нь монгол хүнээ хайрламаар байгаа юм. Бүр ингээд Үндсэн хуулиндаа заачихсан ч яахав дээ. Монгол хүн нэгнээ алдахад уучилдаг, өмгөөлдөг, хамгаалдаг ийм ёс суртахуун бидэнд дутагдаж байна. Төр нь монгол хүнээ хайрламаар байна, бүр гэм буруутныг хүртэл “хайрлах” ёстой шүү. Бид цөөхүүлэхнээ учир бүр ийм бодлого баймаар байгаа юм. “Цөөн хүмүн эвгүй бол цөөврүүдийн идэш болно” гэж хэлмээр ч юм шиг. Бусдын идэш болж, өгөөшинд нь тороод яваад байгаагаа ч анзаарахгүй байж мэдэхээр тийм л эгзэгтэй цаг үеийг Монгол улс туучаад явж байна.
Дээр нь нэмээд хэлэхэд, ардчилал эрийн цээнд хүрлээ л гээд байна. Наслалтын хувьд тийм байдаг байж, дотоод мөн чанартаа энэ улс юунд хүрэв, юуг баттай олов?! Ардчилал хэрвээ алт юм бол алт л байх ёстой биз дээ? Алт гэсэн нэрийн доор нуугдсан зэс юмуу гууль байхын нэр биш. Тэгэхээр ардчилсан улс бол ардчилсан улс л байх ёстой биз дээ. Ардчилсан нэрээр халхавчилан хүний эрхийг зөрчсөн, улс төрчид нь увайгүй, шударга бус, иргэд нь айдастай, баялагийн хуваарилалт тэгш бус байх юм бол ингэж нэрлэхийн хэрэг юу байна, зүгээр тэр тохирсон, оносон нэрийг нь өгөөд “тийм нийгэмд амьдарч байнаа бид” гээд л явах хэрэгтэй.
За цаг зав гаргаж сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Уран бүтээл, ажил, амьдралд тань өндөр амжилт хүсье. Удахгүй болох тоглолтонд чинь амжилт хүсье.
За баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт ерөөе.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ